“Чөлөөт худалдааны боломжит зах зээлийг нээх хэрэгтэй”

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал С.Жавхланбаатартай ярилцлаа.

-Уул уурхайн томоохон төслүүд эхэлж байгаатай холбоотойгоор үнэтэй тоног төхөөрөмж ихээр орж ирэх боллоо. Энэ нь гадаад худалдааны алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байх шиг?

-Мэдээж эрдэс баялгийн салбар хөгжиж байгаа учраас хүнд машин механизм, үнэтэй тоног төхөөрөмж, ашигт малтмал боловсруулах зориулалт бүхий химийн бүтээгдэхүүний импорт нэмэгдэж байна. Үүнээс үүдэн гадаад худалдааны алдагдал ихэсч байгаа нь ч үнэн. Гэхдээ бид алдагдал гэхээсээ илүү үүний үр дүнд үйлдвэрлэл хэр их нэмэгдэж байгааг харах ёстой болов уу. Учир нь, тоног төхөөрөмж оруулж ирснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн шиг нэг удаа хэрэглээд устаад алга болохгүй, харин үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгож, эдийн засагт эергээр нөлөөлдөг юм.

-Экспортыг аваад үзэхээр эрдэс баялгийн бүтээгдэхүүн 70 гаруй хувийг нь эзэлж байна. Уул уурхайн бус салбараа дэмжиж, экспортын бараа бүтээгдэхүүний төрлийг олшруулах тал дээр ямар бодлого байгаа вэ?

-Экспорт нэг салбараас, мөн нэг улсаас түлхүү хамааралтай байгаа нь үнэн. Зөвхөн нүүрс л гэхэд экспортын 30 хувьд хүрч байх жишээтэй. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээх бодлого явж байгаа. Ингэснээр эрдэс баялгийн бүтээгдэхүүн олширч, төрөлжих юм.
Бусад салбараа дэмжих тал дээр бол дотоодын үйлдвэрлэлээ байгаа нөөц бололцоогоо түшиглэн хөгжүүлэх ёстой. Мэдээж мал аж ахуй, газар тариалангийн салбар хамгийн түрүүнд орж ирнэ. Тухайлбал манай ноолуур дэлхийн брэнд болоход ойрхон байна. Тэгвэл дэлхийн зах зээлд монгол ноолуурын худалдан авагчдыг буюу зах зээлийг нь тэлэх, тогтвортой болгох ёстой. Үүний тулд өндөр чанартай, өрсөлдөх чадвар сайтай үндэсний имиж, брэндийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй байгаа юм. Өөр нэг жишээ татахад Австралийн үхрийн мах дэлхийн брэнд болчихсон байна шүү дээ. Тиймээс монгол малын махыг хэрхэн тэр түвшинд хүргэж болох вэ гэдэг тал дээр төрийн бодлого төвлөрөх ёстой. Мөн аливаа үйлдвэрлэлийн нэмүү өртгийг бий болгоход чухал орцын нэг нь мэдээж мэргэжлийн боловсон хүчний асуудал. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд бид Экспортын үндэсний хөтөлбөрийг энэ жилдээ багтаан боловсруулах төлөвлөгөөтэй байгаа.

-Уул уурхайн бус үйлдвэрлэлийг дэмжих, экспорт хийхэд нь туслах зорилгоор төр, засаг ямар нэгэн татварын хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Экспортын татварыг манай улс одоогоор тодорхой 4-5 тооны түүхий эдээс бусад бараа, бүтээгдэхүүнд огт ногдуулахгүй байгаа шүү дээ. Харин гаалийн импортын татварын хувьд манайх бүс нутагтаа хамгийн бага нь. Тусгай зөвшөөрөл бүхий эм тариа, архи тамхи зэргээс бусад нь тавхан хувийн татвартай. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэхэд хөнгөлөлт үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын татвараас болоод үйлдвэрлэл явуулж чадахгүй байна, экспорт хийж болохгүй байна гэсэн ойлголт байх учиргүй. Харин дотоодын зах зээлийн хөгжлийн түвшинд л асуудал байгаа болов уу. Манай санхүүгийн тогтолцоо ямар байна вэ, гаалийн үйл ажиллагаа хэр хурдан байна вэ, ачаа барааг нэг хотоос нөгөө хотод хүргэхэд хүндрэлтэй байна уу гээд л... Иймэрхүү татварын бус шалтгаан маш олон байгаа. Үүнийг арилгах чиглэлээр л холбогдох байгууллага, яам тамгын газрууд ажиллах ёстой.

-Гадаад худалдаа хоёр хөршөөс, тэр дундаа Хятадаас хэт хамааралтай байгаа нь түгшүүртэй бус уу?

-Импортын хувьд хоёр хөрш маань тус бүр 30 орчим хувийг эзэлж байна. Баланс барьж байгаа гэсэн үг. Бид хоёр том зах зээлийн хооронд хавчуулагдсан далайд гарцгүй улс учраас энэ нь хэвийн үзэгдэл л дээ. Харин экспортыг аваад үзэхэд 84 хувь нь Хятад руу гарч байгаа. Мэдээж манай уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч бол урд хөрш. Энэ том зах зээлийг бид ашиглах ёстой. Нөгөө талаас бусад улсад гаргаж буй экспортыг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл шинэ зах зээл нээхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Дэлхийн худалдааны сал­барт эзлэх байр сууриа бид яаж нэмэгдүүлэх вэ?

-Энэ тал дээр боломж их байна. Байгалийн баялаг ихтэй учир Монгол Улс хөгжингүй орнуудын анхаарлыг татаж байгаа. Бид арвин нөөцтэй учир ямар ч салбарын үйлдвэрлэлд өөрсдөө нэмүү өртөг шингээгээд оролцох боломжтой гэсэн үг. Энэ хүрээнд Монгол Улс үйлдвэрлэлийн “Value chain” буюу нэмүү өртгийн гинжин хэлхээнд хамрагдаж байж дэлхийн зах зээлд өөрийн байр суурийг нэмэгдүүлнэ. Электрон барааг аваад үзэхэд л зарим эд ангийг нь Японд үйлдвэрлээд, Хятадад угсраад, Европын орнуудад нийлүүлэх жишээтэй. Иймэрхүү сүлжээнд бид ямар нэгэн эд ангийг нь үйлдвэрлэх ч юм уу, эсвэл түүхий эдийг нь боловсруулж хангах маягаар орохыг зорих хэрэгтэй.

-Монголд худалдааны алба үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ салбарын ирээдүй ямаршуу харагдаж байгаа вэ?

-1990-ээд он хүртэл манай худалдаа цөөхөн улсаар хязгаарлагдмал байсан. Одоо харин бид дэлхийн 130 гаруй оронтой худалдаа хийж байна. Ер нь Монголын худалдааны салбар маш эрчимтэй хөгжиж байгааг зарим тоо ч харуулна. 2010 онд л гэхэд манай гадаад худалдааны нийт эргэлт 6.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Бид ДНБ-тэйгээ дүйцэхүйж хэмжээний худалдаа хийчихсэн байна шүү дээ. Гэтэл 1990-ээд оны эхэнд энэ үзүүлэлт ердөө 200 гаруй сая ам.доллараар хэмжигдэж байсан. Одоо Монгол оронд бүтээн байгуулалт өрнөж байгаа тул худалдаа бүр ч их нэмэгдэх нь ойлгомжтой. 2013 онд гадаад худалдааны эргэлт 12 тэрбум ам.долларт хүрч, одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх таамаглал ч байна. Мөн тэр үед экспорт эрчимжиж, гадаад худалдааны тэнцэл ашигтай болох хандлагатай. Ер нь ирээдүй нэлээд гэгээтэй байна гэж хэлж болно.

-Гадаад худалдаа ингэж хурдацтай өргөжиж байгаа үед энэ талын бодлогодоо ч мөн өөрчлөлт хийх хэрэгтэй байх, тийм үү?

-Бид гадаад, дотоод худалдааг хамарсан Худалдааны зохицуулалтын хуулийн төсөл боловсруулж байна. Өнөөдөр худалдааны салбарт бие даасан хууль ч алга байна шүү дээ. Гадаад худалдааны бодлогыг салбар болгон тус тусдаа гаргаж, хэрэгжүүлж байх жишээтэй. Үүнийг нэг бодлогоор зохицуулах хэрэгтэй болов уу. Ер нь худалдаа гэдэг бол эдийн засгийн гол хөдөлгөгч хүч юм. Дэлхийн худалдааны хэлэлцээр буюу ДОХА-гийн хэлэлцээр гацаанд орсон хэвээр. Гэтэл бүс бүсээрээ болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үзэгдэл идэвхжиж байх жишээтэй. Харин Монгол Улс өнөөдрийн байдлаар ДХБ-ыг эс тооцвол бүс нутгийн болон хоёр талын худалдааны хэлэлцээр хараахан байгуулаагүй л байна. Ийм л учраас гадаад худалдааны салбар дахь бодлогын механизмыг түргэн сайжруулах шаардлага байгаа юм.

-Гэхдээ Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ гэж ярьж байгаа. Энэ нь бидэнд ямар ашигтай юм бэ?

-Японтой энэ төрлийн хэлэлцээр байгуулах судалгааг эхлүүлээд явж байгаа. Ер нь бид чөлөөт худалдааны боломжит зах зээлийг нээх ёстой. Нэг талаас тухайн улс манайд бараа бүтээгдэхүүнээ импортын татваргүй оруулах боловч нөгөө талаас бид шинэ зах зээл нээж, дотоодын үйлдвэрлэгч нарт боломж олгож чадна. Манай зах зээл жижиг боловч экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулж, ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Ийм нөхцөл бий болоод ирэхээр хөрөнгө оруулалт ч нэмэгдэх юм. Тэгээд хөрөнгө оруулалтаар дамжаад дэвшилт технологи, стандарт, ноу хау орж ирэх учиртай.