Ч.Ганхуяг: Хямралыг хүмүүс хоорондын харилцааны үнэт зүйлс алдагдсантай холбон тайлбарласан

-Дэлхийн эдийн засгийн чуулганаас ямар шинэ санаа өвөртлөн ирсэн бэ?


-Гуравдугаар сард болох Монголын эдийн засгийн чуулган болон Донорын техникийн зөвөлгөөнд Давосын форумын багийнхан ирж оролцохоор боллоо. Уул уурхайтай, ялангуяа хариуцлагтай уул уурхай, ил тод байдал, авлигагүй уул уурхайтай холбоотой салбар дугуй ширээний ярилцлагууд зохион байгуулахаар болсон. Мөн зарим нэг томоохон төслүүд дээр хамтарч ажиллах шийдвэрт хүрсэн байгаа.

Дэлхийн залуу манлайлагчынхаа хувьд хэд хэдэн шинэ санааг хэрэгжүүлэхээр ярилцсан. Дэлхийн залуу манлайлагчдаас 11 хүнийг сонгоод Монголын сайн дурын сайн санааны элчээр сонгон шалгаруулж, Засгийн газрын дэргэд зөвлөл байдлаар ажиллуулах санаа байна. Тэдгээр элч жилд нэг удаа хүрч ирээд Монголын нөхцөл байдалтай танилцаад бусад оронд ийм байдаг, танайд ийм байвал ямар вэ гэсэн байдлаар санал бодлоо хуваалцаж ажиллахаар төлөвлөгөөнд тусгаад явж байна. Дэлхий даяар явах энэхүү төслийн анхныхыг туршилтын байдлаар Монголд хэрэгжүүлнэ. Монголд дэлхийн залуу манлайлагчдыг зөвлөлийг байгуулж, дэлхийтэй харилцах харилцаагаа улам сайжруулж, тэдэнтэй ойрхон ажиллъя. Газрын хөрсөнд нуугдах их баялгаасаа болоод үндсэрхэг үзэл гаргахаас зайлсхийж, харилцан ашигтай нэг дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн гэдгээ санаж ажиллах ёстой монголчууд бид.

-Өнөө жилийн Дэлхийн эдийн засгийн чуулганы онцлог юу байв?

-Бодит шинэ нөхцөл байдалд бид дэлхий нийтээрээ мөрдөх үнэт зүйл юу вэ гэсэн утга бүхий уриатай зохион байгуулагдсан. Чуулганы хурлын сэдвүүд маш өргөн цар хүрээг хамарсан байдаг. Технологийн, эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал, эрсдлийн удирдлага, санхүүгийн шинэ арга хэрэгсэл, төрийн дэмжлэг, засагт оролцох оролцоо, харилцааны технологи, бизнесийн стратеги, байгалийн баялгийг хэрхэн удирдахав, ядууралтай хэрхэн яаж тэмцэхэв гэх мэтээр өргөн хүрээнд болсон. Хятад, Энэтхэг, Бразил улсуудын хөгжлийн сэдвээр тусдаа салбар хуралдааныг зохион байгуулсан. Хамгийн гол нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн зохицож амьдрах, улс орнууд ямар бодлого явуулах, байгалийн энэ үзэгдэлтэй хэрхэн яаж тэмцэхэд анхаарал хандуулах чиглэлээр гол асуудлуудыг хөндөж ярилцсан байгаа.

Ер нь таван өдрийн турш өглөөнөөс орой хүртэл үргэлжлэх хуралдаануудад бүгдэд нь суух ямар ч боломжгүй. Миний хувьд дэлхийн эдийн засгийн чуулганд дэлхийн залуу манлайлагчийн хувиар хоёр дахиа оролцлоо. Санаа бодлоо хуваалцах, шинэ санаа дэвшүүлэх, ойлголцлыг нэмэгдүүлэх боломж олгосон хурал болдог. Дэлхийн эдийн засгийн чуулган нь хамгийн ажил хэрэгч, үр дүнтэй, улс орнуудын өндөр албан тушаалтнууд нэг дор уулздаг хурал гэж ойлгодог. Монгол Улсыг төлөөлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон. Дэлхийн залуу манлайлагч гэж 700 гаруй хүн байдаг. Үүнээс 100-г нь урьж оролцуулсан. Анхны хуралд оролцоод амалсан ажлуудаа ажил хэрэг болгосон учраас намайг тус чуулганд хоёр дахь удаагаа оролцох боломж олгосон.

-Ямар амлалтууд байсан бэ?

-Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдрийг Монголдоо хоёр жил дараалан тэмдэглэсэн. Сургуулийн хүүхдүүдэд нэр төртэй амьдрах, нэр төрөө хайрлан эрхэмлэж явахын утга учир, эцэг эхээс хайрласан нэрээс гадна хийсэн бүтээсэн ажил үйлсээрээ сайшаагдаж, олны дунд дурсагдаж явах талаар цуврал лекцүүд зохион байгуулсан. Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн залуу манлайлагчдын форумаас санаачилсан тамхинаас гарах, тамхины хорт зуршлаас урьдчилан сэргийлэх төслийг дунд сургуулиудад эхлүүлсэн. Энэхүү төсөл мөн дэлхий даяар хэрэгжих юм. Дээр нь даяар мөрдөх бизнесийн андгайг хэрэгжүүлж байна.
Хэдэн жилийн өмнөөс эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал юунаас үүдэлтэй талаар ярилцахад хүмүүсийн хоорондын харилцааны үнэт зүйлс алдагдсантай холбоотой гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Биенээ хүндэлж хайрлах хандлага, сурсан мэдсэнээ хуваалцах, гэр бүл дотроо ч үнэт зүйлсийг төлөвшүүлж чадахгүй байна. Хүүхэлдэйн кино нь зодоон цохионтой хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц, телевизээр нь ч ихэнхдээ л элдэв муу зүйлсийг гаргаж байна. Эцэг эхчүүд үр хүүхэддээ цаг гаргаж чадахгүй байна. Үүний нэг жишээ нь би өөрөө юм. Бид үр хүүхэд, ач зээтэйгээ чин сэтгэлээсээ тоглож наадаж чаддаг бил үү. Тэгэхээр энэ нь өөрөө нийгмийн харилцааг эрүүл бус болгоход нөлөөлж буй тухай ярьж байна. Ялангуяа дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй бизнесийн удирдагчид ёс зүйтэй байх ёстой. Зөвхөн ашгийн төлөө бус ажиллахыг өнөөгийн нийгэм шаардах боллоо. Өөрөөр хэлбэл, бизнесмэнүүдийн гаргаж буй шийдвэр орчин тойрон, улмаар иргэд, улсад ч эерэгээр болон сөргөөр нөлөөлдгийг олон жишээ харуулна. Тухайлбал, Багануур дүүрэг дэх архины үйлдвэрийн буруутай үйл ажиллагаанаас хэдэн хүн хохирсон билээ, мөн алтны зарим компанийн хууль бус үйл ажиллагаанаас байгаль орчин хэр бохирдож, сүйтгэгдсэнийг харж болно.

Сайн бизнесийн жишээ ч олон бий. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, өнчин өрөөсөн, зовсон зүдэрсэн хүмүүст сайхан сэтгэл гаргаж ажиллаж буй олон компани бий манайд. Цаг үеэ дагасан нийгмийн өөрчлөлттэй уялдан бизнесийн удирдагчид, ялангуяа бизнесийн удирдлагын чиглэлээр сургуулиа төгсөхдөө Анагаахын их сургуулийн оюутнууд шиг бизнесийн андгай өргөж, гарын үсэг зурж, түүнийхээ дагуу ажиллаж амьдрая. Энэхүү сайн санааны аяны утга учир, ач холбогдлыг манай олон компанийн удирдлага ойлгон нэгдэж, гарын үсэг зурсан. Тухайлбал, МCS электроникс, Ньюком, Мобиком, Петровис гэх мэт. Хамгийн гол нь бизнесмэнүүд миний хариуцлагагүй шийдвэр хувь нийлүүлэгч, ажилтнууд, харилцагч үйлчлүүлэгчид, улмаар ард иргэд, улсад сөргөөр нөлөөлөх вий гэдгийг ухамсарлан ойлгодог байх ёстой.

-Монголын эдийн засгийн чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Ямар асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ?

-Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Өмнөх жил ярилцаагүй сэдвээр зохион байгуулъя гэсэн зарчмын шийдвэр гаргасан. Хүний хөгжил, боловсролын шинэчлэл, компанийн засаглал, санхүүжилт, Төрийн албаны шинэчлэл, байгалийн нөөц ба зөв засаглал, нийгмийн хамгаалалын шинэчлэл гэсэн сэдвүүдийн хүрээнд харилцан ярилцаж, улс орныхоо хөгжлийн төлөө санал бодлоо уралдуулна.

Гол онцлог нь Дэлхийн эдийн засгийн форумаас төлөөлөгчид ирж оролцоно. Гурав дахь өдөр нь Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно. Энэхүү уулзалтад хувийн хэвшлийн компаниуд оролцож, асуудлаа ярьж,тодорхой төслүүдийг хөрөнгө оруулагчдад тавьж танилцуулах боломжтой. Хэлбэрийн хувьд Дэлхийн эдийн засгийн форумын зарчмаар явуулна. Өнөө жил Харвардын их сургуулийн профессор Жеффри Франкел Монголын эдийн засгийн чуулганд ирж оролцож, “Байгалийн баялгийн хараал, судалгаа” нэртэй лекц уншина. Монголчууд бидний хувьд асар их баялаг дээр сууж байгаа нь үнэн. Гэхдээ баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа маш зөв бодлого явуулж, иргэддээ тустай, байгальдаа ээлтэй байх талд хатуу зогсох шаардлагатайг өнөөдрийн нөхцөл байдал харуулаад байгаа. Тиймээс баялгийн хараал яагаад болдог талаар энэ хүн ярих болно.

-Та Сангийн дэд сайдын суудалд суугаад удаагүй байна. Энэхүү албандаа хэр дасаж байна вэ?

-Хоёр сар гаруй хугацаанд ажиллалаа. Ажлын цар хүрээ өргөн, хийх ажил ихтэй, хариуцлага өндөр алба юм. Би ажлыг ажил гэж хүлээн авдаг. Өмнө нь олон ажил хийж үзсэн. Миний амьдралд, мэргэжлийн хүний хувиар нэг шинэ үеийг тодорхойлсон, дайрах ёстой алба байж гэж хүлээн авсан. Дэд сайдын ажлын хүрээнд гааль, татварын газрууд багтаж байна. Үндэсний нягтлан бодох бүртгэлийн үнэдэсний хорооны дарга, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилготой Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ахлагчаар томилсон. Банк санхүүгийн байгууллагыг тогтвортой илүү сайн хөгжүүлэх, сайн ажиллаж чадахгүй байгаа банкуудын үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэх мэтчилэн хийх ажил, шийдэх асуудал их байна. Монголын хөрөнгийн биржийн удирдлагыг солихоор хөрөнгийн зах зээлийг хөгжүүлчихнэ гэж ойлгож болохгүй. Ийм зах зээлд оролцдог хөрөнгө оруулагчдын бүтцийг өөрчлөх, даатгалын салбар, брокер дилерийн байгууллагуудыг чадавхжуулах, тэтгэврийн сангийн шинэчлэлийг хийх зэргээр цогцоор нь шийдэх шаардлагатай л даа. Мөн Засгийн газраас бонд гаргах, иргэдэд мөнгө өгвөл хэрхэн ямар арга замаар тараавал эдийн засагт нөлөөлөх нөлөөлөх бага байх уу гэсэн асуудлууд байна.

-Олон иргэн бэлэн мөнгө тараахын оронд тэр мөнгөөрөө ажлын байр бий болговол илүү үр дүнтэй гэсэн байр суурьтай байгаа шүү дээ?

-Бэлэн мөнгө тараах нь зөв, буруу гэсэн байр суурь явж байгаа. Уг нь сонин сэтгүүлийн газрууд иргэдийн дунд түүвэр судалгаа хийгээд асуудлыг гаргаад ирвэл улстөрчид цаашдын шийдвэрүүдээ харж үзэх боломжтой гэж бодогдох юм. Ард иргэдийн хэдэн хувь нь мөнгөө авах, хэдэн хувь нь улсаас өгөх мөнгийг ирээдүйн хуримтлал үүсгээд явах талаар тодорхой судалгаа хийх талаар судалгааны газрууд ч бас санаачилга гаргаж болно шүү дээ.

-Төсвийн тогтвортой байдлын хуулиар төсвийн алдагдлыг 5,5 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн заалт бий. Энэ жилийн төсөв энэ заалтыг нэлээд зөрчиж батлагдсан нь эдийн засагт хэр нөлөөлөх бол?

-Төсвөөсөө илүү олон ажлыг санхүүжүүлнэ гэж байгаа бол олсноосоо илүү их хэмжээний мөнгийг эдийн засагтаа оруулаад хөрөнгө оруулалт хийж, өсөлтийн суурийг ханганаа гэж ойлгож болно. Төсвийг тооцох аргачлал олон байдаг тул тал талаас нь харж тайлбарлаж болно шүү дээ.

-Туулай жилд эдийн засгийн өсөлт нэлээд өндөр гарах судалгаа байгаа.

-Монголын эдийн засаг өндөр өсөлттэй хэвээр байна. Бид хямралаас сайн гарч чадлаа. Өнөөдрийн өсөлтийг хадгалаад нэмэгдүүлэх талаар ярьж байна. Манай улс 2015 он хүртэл маш өндөр өсөлт үзүүлэх төлөв харагдаж байгаа тул тэрхүү хамгийн өндөр өсөлтийг үзүүлэх хэмжээний хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг өнөөдөр гаргах ёстой. Тиймээс дэд бүтэц, уурхай, цахилгаан станц, төмөр зам гэсэн томоохон төслийг санхүүжүүлэх Хөгжлийн банкийг байгуулья, Засгийн газар бондоо гаргая гэж яриад байгаа юм. Өмнө нь байгаагүй өндөр өсөлт ирнэ хэмээн сайхан яриад гараа хумхин зүгээр суугаад байх уу, хөдөлмөрлөх үү гэдэг нь өөр асуудал. Монголын эдийн засгийн форум ч энэ асуудлаар ярилцаж, хариу өгөхөд том нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Уул урхайн салбарын хувьд манай улсын цаашдын эрчимтэй хөгжлийн зөвхөн гарааны нөхцөл байдлыг хангаж өгөх зүйл гэж ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, аль болох олон талт эдийн засгийн бүтцийг бий болгож, жуулчлал, үйлдвэрлэл, тээвэр,боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарыг эрчимтэй хөгжих гарааны нөхцөлийг уул уурхайгаас орж ирэх мөнгө олгох юм гэж бодож санаж ажиллавал тогтвортой хөгжинө.

-Сүүлийн үед эрсдэлийн удирдлагын тухай ихэд ярих боллоо. Энэ нь манай эдийн засгийн хүрээ өргөжиж, өндөр өсөлт харагдаж байгаатай холбоотой юү?


-Бид эрсдэлээ байнга тооцож ажиллах ёстой. Зэсийн үнэ өсөж, буурдгийг мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг шийдвэр гаргаж болохгүй. Зэсийн үнэ буурч, дэлхийд ноолуурын хэрэглээ багасаж магад шүү, бэлчээрийн даац хэтрэх вий хэмээн асуудалд хандаж, санаж бодож хийх талаас томоохон шийдвэр гаргадаг бол бидний ирээдүй улам найдвартай аюулгүй болох юм гэдэг нь эрсдэлийн удирдлага. Банк зээл өгөхдөө олон зүйлсийг харж тооцдог шиг эрсдэлийг төр, засаг болон үндэсний хэмжээнд ярьдаг болговол бид эрсдэлээ зөв тооцож,зөв ярьж, зөв шийдвэр гаргаж, улмаар бүтээлч ажилладаг болно гэсэн санааг эрсдэлийн удирдлага агуулдаг юм.