Ч.Даваахүү: “Ухаа худаг” цахилгаан станцад усны алдагдал гарахгүй

Ухаа худагт ирэх наймдугаар сард Монгол инженерүүдийн бие даан хийсэн анхны цахилгаан станц ашиглалтад орох гэж байна. Говийн онцлогт тохирсон хуурай хөргөлтийн системийг нэвтрүүлснээр Монголын эрчим хүчний салбарт өнгө нэмж буй “Энержи ресурс” компанийн үйл ажиллагаа, төслийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч Ч.Даваахүүтэй ярилцлаа.

-“Ухаа худаг” цахилгаан станцын хуурай хөргөлтийн системийн онцлог нь юу вэ. Монголд шинэ технологи нэвтрүүлсэн гэдэг утгаараа бэлтгэл ажил их шаардсан уу?

-Говийн нөхцөлд усны нөөц бага, цаашдаа тухайн бүс нутагт бий болох төслүүдэд усны хэрэгцээ зайлшгүй шаардлагатай зэргийг харгалзан, байгальд ээлтэй гэдэг утгаар нь бид хуурай хөргөлтийн системийг сонгосон юм. Энэ систем нь манай улсад анх удаа хийгдэж байгаа ч олон улсад бол хэрэглээнд нэвтрээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Гол онцлог нь үйлдвэрлэлийн үндсэн технологийн хэрэглээний усны алдагдлыг “0” хэмжээнд буюу огт алдагдалгүй байлгахад оршиж байгаа. Зүйрлэж хэлбэл бидний хамгийн сайн мэдэх автомашины радиатортай ижил технологи юм. Цахилгаан станцад ашиглагдсан өндөр чанартай уурыг дахин ашиглахын тулд хөргөхдөө уламжлалт аргаар бол шууд агаартай харьцаанд оруулж, улмаар зарим хэсэг нь ууршиж алга болдог. Харин хуурай хөргөлтийн системд хөргөлтийн битүү системээр (радиатороор) ажиллах тул усны алдагдал гарахгүй.

Бэлтгэл ажлын хувьд эхлээд аль улсын ямар технологи нь манайд илүү тохиромжтой, найдвартай байх вэ гэдгээс эхлээд энэ төхөөрөмжийг суурилуулж тохируулах, дараа нь ажиллуулах хүмүүсийг бэлтгэх зэрэг олон ажил хийсэн. Ингээд бид Германы GEA компанийн бүтээгдэхүүнийг сонгосон бөгөөд суурилуулалтын үед тухайн компаниас мэргэжилтнүүд газар дээр нь ирж зөвлөгөө өгч ажилласан учраас монгол компаниудад туршлага болж өглөө. Түүнчлэн цахилгаан станцын баг маань энэ төрлийн хөргөлтийн системтэй хэд хэдэн станц дээр очиж үйл ажиллагаатай нь танилцаж, сургалтад суусан. Удахгүй үр дүнг нь харах үлдэж байна. Мэдээж шинэ технологи тул асуудал, бэрхшээл тулгарах л байх, гэхдээ бид бэлтгэлээ сайн хангаж ажиллаж байгаа.

-“Ухаа худаг” цахилгаан станц уурхайн төдийгүй Цогтцэций сумын эрчим хүчний хэрэгцээг хангана гэж байгаа. Ер нь танай уурхайн эрчим хүчний хэрэглээ ямар түвшинд байдаг вэ. Цаашдаа цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх үү?

-Тийм ээ, бид цахилгаан станцыг ашиглалтад оруулсны дараа Ухаа худаг уурхайн хэрэгцээнээс гадна Цогтцэций сумыг эрчим хүчээр хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүнийхээ бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн жил уурхайн сүлжээг сумын сүлжээтэй холбосон юм. Өнөөдрийн байдлаар уурхай орчмын хэрэглээ 1.2-1.5 МВт орчимд хэлбэлзэж байгаа ч нүүрс баяжуулах үйлдвэрийн туршилттай холбоотойгоор гурван МВт хүртэл хэрэглэж байна. Зөвхөн уг үйлдвэр ашиглалтад орсноор дангаараа 5-6 МВт эрчим хүчний хэрэглээтэй байх төлөвтэй. Гэхдээ дараагийн хоёр болон гуравдугаар өргөтгөлүүд орсон нөхцөлд цахилгаан станцын хүчин чадал бүрэн ашиглагдахаар тооцоолсон. Станцын хүчин чадлын хувьд 18 МВт гэж байгаа ч цаашид шинээр бий болох төслүүд болон цахилгааны хэрэглээнээс хамаарч өргөтгөл хийж болохуйц нөхцөлийг бүрдүүлсэн.

-“Энержи ресурс” компани энэ ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ? Энэхүү технологийн дагуу үйлдвэрлэх эрчим хүчний өртөг одоо Монголд ашиглаж байгаа дулааны цахилгаан станцуудтай харьцуулахад ямар байх тооцоотой байна вэ?

-“Ухаа худаг” Цахилгаан станц нь одоо орчин үед баригдаж байгаа станцуудыг бодвол харьцангуй бага чадлын станц тул нэгж хүчин чадалтай нь харьцуулбал нэлээд өндөр өртөгтэй босож байгаа. Хэдийгээр жижиг станц ч гэсэн цахилгаан станцад байх ёстой бүх л обьект баригдах шаардлагатай байдаг. Жишээ нь хими ус цэвэрлэгээний байгууламж, хөргөлтийн систем, засварын цех гээд үндсэн барилгаас гадна байх ёстой бүгдийг л барих шаардлагатай. Мөн хуурай хөргөлтийн систем болон утааны хийг цэвэршүүлэх системүүд нь зардал өсөх гол шалтгаан болсон. Станцын нийт зардал ойролцоогоор 45 сая ам.доллар болж байна. Үүнээс гадна цахилгааны дэд станц, уурхай орчмын цахилгаан шугам сүлжээнд мөн 10 гаруй сая ам.доллар зарцуулж байж бүтэн систем бий болж байгаа юм.

-Зөвхөн “Энержи ресурс” төдийгүй бусад хувийн компани ч сүүлийн үед эрчим хүч үйлдвэрлэх тал дээр нэлээд анхаарч байгаа. Энэхүү салбарын хөрөнгө оруулалтын орчныг Та хэрхэн үнэлж байгаа вэ. Хувийн компаниуд санаачилгатай байж, шинэ технологи нэвтрүүлэхэд төрөөс ямар нэгэн байдлаар дэмжиж байна уу?

-Сүүлийн үед шинээр эрчим хүчний эх үүсвэр барих тал дээр хувийн хэвшлүүд санаачилгатай ажиллаж байгаа нь үнэхээр бодит хэрэгцээг хангах дэд бүтцийг сайн хөгжүүлж чадаагүй байгаатай холбоотойгоор зайлшгүй урган гарч ирж буй асуудал гэж ойлгож байна. Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт өөрөө маш өндөр, удаан хугацаанд өгөөжөө өгдөг, үнэ тарифын хувьд зах зээлийн системд шилжээгүй учраас шууд хөрөнгө оруулахад эрсдэлтэй харагддаг. Тиймээс хувийн компаниуд голдуу өөрсдийн хэрэгцээнд тохирсон бага оврын цахилгаан станц барьж таарах гээд байна. Уг нь хэд хэдэн том станц баригдвал хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардал багатай, нийт дүнгээрээ эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх учиртай. Шинэ технологийн хувьд одоогоор төр засгийн байгууллагууд дэмжиж сайшааж байгаа ч цаашдаа ямар нэг байдлаар эдийн засгийн хөшүүргүүдийг илүүтэй ихээр бий болгож байж л дэвшилт технологиуд Монголд нутагшихад түлхэц үзүүлнэ гэж бодож байна.

Хамгийн гол нь эрчим хүчний салбарыг аль болох зах зээлийн системд түргэн оруулах тал дээр шат дараатай алхмууд хийвэл үр өгөөж нь түргэн гарна. Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол нэлээд нэмэгдэж байгаа ч одоо байгаа үнэ тариф болон хууль эрх зүйн орчин нь тэр бүр таатай биш байгаа нь салбарын хөгжилд нөлөөлж байгаа гэж ойлгодог.

Та компанийнхаа одоогийн байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
Мөн компанийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

Б.Цэвээн /ДЦС 4 ХК-ийн гүйцэтгэх захирал/:
- Манай станцын суурилагдсан хүчин чадал 540 бөгөөд бид өөрсдийн хөрөнгө оруулалтаар 40 МВт-ын чадлыг нэмж 580МВт болгосон байгаа. 1995 оноос хойш гаднын зээл тусламжаар техник технологийн шинэчлэл нэлээд хийсэн. 2001 оноос станц хувьцаат компани болсноор бие даан ажиллах системд шилжих замаар тогтвортой найдвартай ажиллагаагаа дээшлүүлсэн. Станцын техник эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан. Өнгөрсөн хоёр жилээс санхүү эдийн засгийн орчин эрүүлжсэн. Энэ нь эрчим хүчний үнийг их биш юм аа гэхэд бага хэмжээгээр нэмж, төрөөс татаас олгож байгаатай холбоотой. 2010, 2011 онд станцын өрийн сүлжээ байхгүй болж, Багануурын уурхайд өргүй болсон. Харин Шивээ-Овоогийн уурхайд тодорхой хэмжээний өр бий.
Бид станцынхаа ирээдүйг өөдрөгөөр харж байна. Шинэ эх үүсвэрийг ашиглалтад ортол эрчим хүчний хэрэглээний өсөлтийг манай станц дангаараа хааж ажиллана. Тиймээс техник технологийн найдвартай ажиллагаагаа хангах талаас ихэд анхаарч ажиллаж байна. 2013 он хүртэл эрчим хүчний хэрэглээний жилийн дундаж түвшин 10 хүртэл хувьтай, тогтвортой бус хэрэглээний өсөлттэй байвал манай станц тус хэрэглээг хааж ажиллах бүрэн боломжтой. Харин хэрэглээний жилийн дундаж өсөлт 10 хувиас давж, өсөлт ч жилдээ тогтвортой явбал 2012 оноос хүндрэл гарна. Манай станц 2014 оны түвшинд алдагдалгүй ажиллах боломжтой. Хамгийн гол нь эрчим хүчний үнийг жилдээ тодорхой хувиар нэмж, зах зээлийн өртөгт нь ойртуулах замаар мөн хэрэглэгчдийн нуруун дээр огцом ачаалал өгөхгүйн тулд төрөөс татаас өгч явбал станц алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэх юм.

Х.Балсандорж /“Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал/:
-Уурхайн санхүүгийн байдал хүндхэн байгаа. Энэ нь Засгийн газраас нүүрсний үнийг барьж ирсэнтэй холбоотой. Өөрийн өртгөөсөө хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр уурхайн санхүү ямар сайн байх вэ дээ. Шийдэх асуудлуудын хувьд нэгдүгээрт, технологийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Компанийн хэмжээнд бодлого чиглэлээ гаргаад өгсөн байгаа. Бид нүүрс хатаах үйлдвэрийн конверийн системийг одоо ажилд оруулах гэж байна. Хөрсний тээврийн конверийн системийг мөн ашиглалтад оруулна. Эдгээр нь зардал багатай, бүтээмж өндөртэй технологиуд. Засгийн газрын дэмжлэг шаардлагатай байна. ДЦС-5-ын нүүрсний хэрэглээний 70 хувийг манай уурхай дангаараа хангахаар болж байна. Жилдээ 2.7 сая тонн нүүрс нийлүүлнэ гэсэн үг. Тиймээс ийм хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд уурхайн хүчин чадлыг 2.6 дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ тохиолдолд уурхай жилдээ 4.5 сая тонн нүүрс олборлож Багануурын уурхайтай тэнцэхүйц том уурхай болох сайхан ирээдүй харагдаж байгаа юм. Энэ боломжийг бид ашиглах ёстой. Тэр хэрээр ч хариуцлага нэмэгдэхээ ч ухаарч одооноос бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Б.Дамдинсүрэн /ТЭЦ 3-ын гүйцэтгэх захирал/:

-Манай станц 42 жилийн настай. Техник технологийн хувьд хоцрогдолд орж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Харин эрчим хүчний шинэ эх үүсвэрийг манай станцын бааз суурийг ашиглан барих болсон нь цаг үеэ олсон асуудал. Техник технологи хуучирсан учраас зогсолт нэмэгдэж байна. Хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн сэлбэгүүд ч олдохгүй хүндрэл учруулах болсон. Ийм цаг үед байгаль орчинд халгүй орчин үеийн технологи бүхий шинэхэн станцыг барьж байгуулах нь маш зөв шийдэл гэж хүлээн авч байгаа.

Б.Базар /Багануурын уурхай ХК-ийн тэргүүн дэд захирал/:

-Уурхай маань 2009 оныг хүртэл жилдээ 2.8-3.0 сая тонн нүүрс олборлодог байсан бол 2010 оноос энэ үзүүлэлт 3.5 сая тоннд хүрсэн. Нүүрсний хэрэгцээ нэмэгдэхийн хирээр бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад сайн ажиллах ёстой. Холбогдох төрийн байгууллагуудаас ч тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байна. Нүүрсний үнээс шалтгаалан техник технологийн хоцрогдолд нэлээд орсон. Тиймээс технологийн шинэчлэл хийх хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тул уурхай хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох зорилгоор нэмэлт хувьцаа гаргах бэлтгэл ажил хийж байна. Одоогоор уурхайн 75 хувийг төр, 25 хувийг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. 2012 оноос нэмэлт хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр 51 хувь төрд, 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийн мэдэлд очих юм. Мөн нүүрсээ боловсруулж гаргах ирээдүйн төлөвлөгөө ч бий.

Хуримтлагдсан өр авлагын хувьд буурч байгаа. Манай өөрийн бүтээгдэхүүн нэг тонн нь 21300 төгрөгийн өртөгтэй гараад 18200 төгрөгөөр нийлүүлэхээр жил бүрийн алдагдал улам л ихсээд байгаа юм. Харин сая тавдугаар сарын 1-нээс үнэ нэмснээр 20500 төгрөг болсон. Энэ нь бидэнд ашигтай биш юм аа гэхэд алдагдалгүй ажиллахад дөхөм болно. Тухайлбал, өнөө жил 8.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх байсан бол үнэ нэмснээр алдагдал дөрвөн тэрбум руу орж ирж байна. Тэгэхээр цаашдаа нүүрсний үнийг бодит өртөгт ойртуулбал уурхайн санхүүгийн байдал илт сайжирч тэр хэрээр нүүрсний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоо тогтвортой сайн биелүүлээд явах нь ойлгомжтой.