Ч.Наранчимэг: Бодлогын хүүг бууруулсан нь инфляци буурах нөхцөлийг бүрдүүлсэн

СЭЗДС-ийн Хэрэглээний математик, Статистикийн тэнхимийн эрхлэгч Ч.Наранчимэгтэй ярилцлаа.

-Инфляци буурах магадлал хэр өндөр байна вэ?

-Өнгөрсөн онтой харьцуулахад инфляцийн түвшин буурсан. Цаашдаа ч инфляци буурах хандлагатай байна. Товчхондоо, инфляци буурах нөхцөл бүрдсэн гэж харж байгаа. Нэгдүгээрт, Төвбанк бодлогын хүүгээ бууруулсан, хоёрдугаарт, Монголбанк Засгийн газартай хамтарч “Үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Гуравдугаарт, Олон улсын зах зээлээс ДНБ-ий тавны нэгтэй дүйцэх хэмжээний Чингис бонд босгосон нь инфляци буурах нөхцөлийг бүрдүүлж байна. 1.5 тэрбум ам.долларын бонд арилжааны банкуудын зээлийн бүтээгдэхүүний хүү буурахад нөлөөлнө гэж үзэж байгаа. Эдгээр хүчин зүйлс эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ инфляцийн түвшин буурахад эерэг байдлаар нөлөөлнө.

-Төвбанк зорьж буй нэг оронтой тоондоо хүрэхэд ойрхон байна уу?

-Нийгэмд “инфляци буурна” гэсэн хүлээлт үүссэн. Хүлээлт бий болно гэдэг хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, хүлээлт байсан цагт инфляци буурах магадлал өндөр байдаг. Хүлээлт бий учраас бодлогын арга хэмжээ хэрэгжих, биелэлээ олох нь хурдан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, инфляци буурах хөрс нь хүлээлт юм. Монголбанкны зорьж буй нэг оронтой тоонд инфляцийг аваачих итгэл найдвар зах зээлд эерэг хүлээлт үүсгэж байна. Гэхдээ энэ оны эцэс гэхэд инфляцийн түвшинг найман хувьд барих зорилт 100 хувь биелэлээ олно гэж хэлэхэд арай эрт байна.

-“Үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр” эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ. Та тус хөтөлбөрийг дэмжиж байгаа юу?

-Үнэ тогтворжуулах бодлого баримталж байгаа нь эдийн засагт олон эерэг зүйл дагуулж байна. Тухайлбал, манай эдийн засагт буй үнийн хиймэл хөөрөгдлийг багасгах, бодит үнэд ойртуулах, үнийн хөөсийг арилгах, зах зээлийг эрүүлжүүлэхэд ихээхэн тус нэмэртэй. Өнгөрсөн хугацаанд инфляци өсөхийн хэрээр үнийн хөөрөгдөл явж байсан. Жишээ нь, барилгын салбарт үнийн хөөс үүссэн. Тиймээс хөөсөн үнийг бодит үнэд ойртуулахад хөтөлбөр үр дүнгээ өгөх байх. Магадгүй, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжих, түүнээс тодорхой хэмжээний үр дүн гарах орчин бүрдсэн байж болох юм. Хөтөлбөр богино хугацаанд эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, инфляци буурах нааштай нөхцлийг хангах боллоо. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн, Засгийн газар нийгмийн халамжийн хавтгайрсан бодлогоос татгалзаж байгаа нь инфляци буурахад давхар нөлөө үзүүлнэ. Иймээс инфляцийн төсөөлөлд өөдрөг хандаж байна.

-Бодлогын хүү, “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-өөс гадна өөр ямар хүчин зүйл инфляци буурахад нөлөөлж байна вэ?

-Засгийн газар, Монголбанк эдийн засгийн эрүүл бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө нэг зүгт харж, хүсэл зорилго нь нийлж байгаа нь сайн тал. Инфляци өсч буурахад улс төр ч гэсэн нөлөөлдөг. Хэдийгээр өнгөрсөн жил сонгуулийн жил байсан ч энэ нөлөөллийг сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар багасгаж чадсан гэж боддог. Гэхдээ инфляци муу үзэгдэл биш. Эдийн засагт байх ёстой, түүнийг тэнцвэржүүлж байдаг хүчин зүйлүүдийн нэг. Өөрөөр хэлбэл, эрэлт нийлүүлэлтийг нэг цэгт ойртуулах хэрэгсэл. Зарим оронд инфляцийг бууруулах биш харин ч ихэсгэх тухай асуудал яригддаг.

-Нам инфляци иргэнд яаж мэдрэгдэх бол.

-Иргэдийн худалдан авах чадвар сайжирна. Тэр тусмаа тогтмол орлоготой иргэд болон зээлдүүлэгчдэд шууд мэдрэгдэнэ. Нэг талаасаа “Үнийг тогтворжуулах хөтөлбөр” болон бодлогын хүүг бууруулсан нь инфляцийг нэг оронтой тоонд аваачих боломжийн үүдийг нээж байна.

-Инфляци өндөр байх нь хэнд ашигтай вэ?

-Бизнес эрхлэгчдэд ашигтай байх тохиолдол бий.

-Манай эдийн засагт инфляциас гадна өөр ямар бэрхшээл байна вэ?

-Эдийн засгийн ерөнхий өсөлт өндөр боловч өрх бүрт энэ өсөлт хүрч чадахгүй байна. Орлогын тэгш бус хуваарилалт явагдаж байгаа нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Иргэн бүр эдийн засгийн өсөлтийг мэдэрч байвал сайн. Үүнээс гадна иргэдийн санхүүгийн мэдлэгийг сайжруулах хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь иргэд бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа үнийн зөв харьцуулалт хийж сурах хэрэгтэй. Үнийн мэдээлэл муутайгаас болж 500 төгрөгийн үнэтэй барааг 1000 төгрөгөөр худалдан авч байна. Гэтэл энэ байдал нь эргээд 500 төгрөгийн үнэтэй барааг 1000 төгрөгөөр зарж болох юм байна гэсэн сэдлийг тухайн зарж буй хүнд төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөгөөр зарсан ч түүнийг худалдан авах хэрэглэгч байдаг гэсэн хандлага үүсэж байгаа юм. Манайд нэг удаагийн үйлдэл эргээд богино хугацаанд хэвшмэл зүйл болон идээшдэг. Үүнээс зайлсхийх хэрэгтэй.

-Цалин өссөн ч урьдынхаас ялгарч чадахгүй байх тохиолдол байдаг. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг. Тиймээс яаж хэтэвчээ хамгаалах вэ. Арга зам байна уу?

-Бодит үнэ бус “хиймэл буюу хөөсөн” үнийг худалдаж авахгүйн тулд мэдлэг, мэдээлэл чухал. Түүнчлэн цалин, тэтгэвэр өссөн ч тодорхой хугацааны дараагаас инфляцид нөлөөлж, үнийн өсөлтөөс шалтгаалаад цалингаа нэмүүлсэн, орлого нэмэгдсний ялгаа гардаггүй. Өөрөөр хэлбэл, өндөр цалин инфляци дуудаж байдаг. Инфляци нь эргээд цалин өсөх шалтаг болдог. Бие биеийнхээ угтвар шалтгаан болж байна гэсэн үг. Дахин хэлье. Юуны түрүүнд иргэдийн санхүүгийн мэдлэгийг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Эдийн засаг бол амьдрах ухаан. Тиймээс эдийн засгийн мэдлэг, мэдээлэлд ач холбогдол өгөх учиртай.

-Танайхаас хэрэгжүүлж буй “Инфляцид нөлөөлөгч микро хүчин зүйлс" судалгааны төслийн талаар танилцуулаач. Ямар учиртай төсөл билээ?

-Инфляцийг голдуу макро түвшинд судалсан байдаг. Тиймээс манай судалгааны баг микро хүчин зүйлийг судалж байна. Жил бүр Монголбанк мөнгөний бодлогоор дамжуулан инфляцийг онилж ирсэн. Гэсэн ч зөв онилж байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн цагаас л байнга инфляци анхаарлын төвд байж “асуудал” болсоор ирсэн. Нэг хэсэг инфляци тогтворжиж байсан ч эргээд өсөх болсон. Энэ байдал нь Төвбанкны бодлогын хүүнд эргэлзэх, үл итгэх сэдлийг төрүүлэх гээд байдаг. Тухай бүрт Монголбанк инфляцийг бууруулах гэж оролдож ирсэн. Бидний зүгээс макро бус микро хүчин зүйлийн дам нөлөөг судалж байна.

-Судалгааны урьдчилсан таамаг хэзээ гарах вэ. Микро хүчин зүйлсийн нөлөө юунаас шалтгаалж байна вэ?

-Судалгааны урьдчилсан тандалтаас хэд хэдэн хүчин зүйл дээр тогтсон. Гэхдээ судалгааны эцсийн үр дүн гарах хараахан болоогүй. Инфляцийг өдөөж буй микро хүчин зүйлд нэгдүгээрт, тээвэрлэлт, хадгалалт, түрээсийн зардалтай холбоотой инфляци, хоёрдугаарт, хэрэглэгчийн зан төлөв, үйл хөдлөл, гуравдугаарт хэвлэл мэдээллийн нөлөө ч бусад хүчин зүйлээс дутахааргүй нөлөөлж байна гэж үзсэн. Үүнээс хэрэглэгчийн зан төлөв инфляцид шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Тухайн нэгж бараа, бүтээгдэхүүний өөрийн өртөг зардал өсөөгүй байхад цалин өслөө гэсэн сургаар үнэ нэмэх хандлага манайд даамжирсан. Цалин өслөө, үнэ өснө. Үүнийг дагаад инфляци хөдөлж, нийт эдийн засагт тогтворгүй байдлыг авчрах эрсдэлтэй. Тиймээс цалин өсөх нь өрхийн орлогод тустай боловч эргээд хүнд байдалд оруулж байна. Нэг үгээр хэлбэл, цалин нэмсний мөн чанарыг тодотгож чадахгүй байна.

-Яаж тодотгож өгөх вэ?

-Хэрэглэгчийн зан төлөвөөс үүдэлтэй инфляци нийт инфляцийн өсөлтөд илүүтэй нөлөөлж байгааг хэлье. Тиймээс зах зээлийн харилцааны соёл, үнийн харьцуулалт гэх мэтээр дамжин үнэ өссөн ч амьдралд ойрхон байгаасай. Цөөн хэдхэн хүний орлогын өсөлтийг дагаж үнэ хөдлөөд байвал нийт иргэдийн амьдралд инфляцийн дарамт хүндээр тусна. Үүнийг төр засаг, бизнесийн салбарынхан анхаарах учиртай. Инфляци нааштай байгаа ч гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр "аашаа хувиргах" тохиолдол ч бий. Тиймээс инфляцийн асуудалд аль ч тал болгоомжтой хандах хэрэгтэй.