Ч.Улаан: Төсвийн орлого 13 орчим хувиар тасарсан

Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзалт хийх болсон. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр Сангийн сайд Ч.Улаан сэтгүүлч нартай уулзлаа. Чингис бонд, гаднын хөрөнгө оруулалт, төсөв, Оюутолгой, Тавантолгойн гэрээ гээд цагийн үеийн эдийн засгийн тулгамдаж буй олон асуултад салбарын сайд хариулт өгсөн. Энэ оны төсвийн орлогын төлөвлөгөө нэгдүгээр улирлын байдлаар 13 орчим хувиар тасарсан болохыг Ч.Улаан сайд хэллээ. Гэхдээ зайлшгүй өгөх ёстой санхүүжилтийг саадгүй өгч байгааг онцлоод бараа ажил үйлчилгээний зардал дутуу явааг дуулгасан юм. Үүнээс гадна төсөвт тэвчиж болох зардал байгаа гэлээ. Тиймээс төрийн байгууллагын эд хогшил авахыг хойшлуулж, элдэв төрлийн томилолтыг багасгаж байгаагаа Ч.Улаан сайд хэлсэн юм.

Шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газраасаа “галтай торх” өвлөж авсанаа Ч.Улаан сайд дурьдаад “Хүний хөгжил сан”-гийн өр нэг их наяд төгрөг хүрч, хэт хөөсөн өсөлттэй эдийн засагт засч, залруулах, өрийг нь дарах, тогтвортой хөгжлийн тулгуур болсон томоохон төслүүдийг эрчимжүүлэх зэрэг чамгүй ажил ундарч байгаа гэв.

“Бид даруухан гараанаас шинэчлэлээ эхэлсэн” хэмээн Ч.Улаан сайд тодотгоод Сангийн яамнаас татварын хоёр дахь шатны шинэчлэл хийхийн сацуу Засгийн газрын 40 орчим тусгай санг цэгцлэх, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах, иргэд төсвөө хянах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Мөн дотоодын бондын зах зээлийг төлөвшүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад тууштай бодлого хэрэгжүүлж, савлагаа багатай эдийн засгийн орчин бүрдүүлэхийн төлөө зорьж байгаа гэв.

Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад өрийн хэмжээ 9.8 их наядад хүрчээ. Тиймээс өрийн удирдлагыг сайжруулахад анхаарна гэсэн юм. Төсвийн орлогыг нөхөхийн тулд одоо мөрдөж буй татварыг нэмэхгүй гэдгээ салбарын сайд цохон тэмдэглээд “Оюутолгой” компани Монгол Улсад мөрдөгдөж байгаа татварыг төлөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг “Оюутолгой”-гоос бусад бүх аж ахуй нэгж, уул уурхайн компани төлж байгаа. Тиймээс бидний зүгээс ижил тэнцүү, харилцан ашигтай ажиллах ёстой гэсэн асуудлыг хөндсөн гэлээ.

“Сар тутам Засгийн газрын түвшинд “хоёр толгой”-н асуудлаар уулзаж байгаа. Харамсалтай нь Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралд өмнө нь Засгийн газрын гишүүдээс нэг ч гишүүн орж байгаагүй юм байна лээ. Том төсөл шүү дээ. Засгийн газар ач холбогдол өгч орох ёстой төсөл” хэмээн Ч.Улаан сайд онцлоод “Байдлаа засахын төлөө хэдэнтэй хэлэлцээрийн ширээнд суусан. Бидний зүгээс үндсээр нь асуудлыг хөмрье гээгүй, зөв гольдрилд нь оруулъя гэсэн байр суурьтай хандаж байгаа” гэв.