Шалтаг уу, шалтгаан уу?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шатахуун 40 орчим хоногийн нөөцтэй байгаа. АИ 92 шатахууны тухайд 41 хоногийн нөөц бий. Тийм учраас хомсдол үүсч, үнэ нэмэгдэх асуудал энэ онд байхгүй” гэх үгс хуучирч амжаагүй байхад “Магнай трейд” ХХК-ийн “МТ ойл”, “Жаст ойл” шатахуун түгээх газрууд өнгөрсөн амралтын өдрөөр АИ92 безиний үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмж, 1670 төгрөг болгоод байна. Энэ талаар “Магнай трейд” компанийн ажилчдаас тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өглөө.

Харин Газрын тосны газрын Бүтээгдэхүүн хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэн “Шатахууны нөөц багассан гэх үндэслэлээр үнэ нэмэх шалтгаан байхгүй. Одоогоор 38 хоногийн шатахууны нөөц байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин их гэсэн үг. Тиймээс өнөөдөр үдээс хойш шатахууны үнийг нэмсэн компанийн төлөөлөлтэй уулзаж тодорхой тайлбар авна. Тэр үед үнэн бодит хариу хэлэх нь зөв байх” гэв. Зарим эх сурвалжийн үзэж байгаагаар шатахууны үнийг төрөөс барьж байгаатай холбоотой үнэ нэмэгдсэн байж магадгүй гэж таамаглаж байна.

Харин иргэд ам.долларын ханш чанга байхад үнээ нэмээгүй мөртлөө суларч байгаа энэ үед хэрэглэгчдийн ихэвчлэн хэрэглэдэг АИ92 шатахууныг үнийг нэмж байгаа нь зохимжгүй гэж үзэж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Шатахуун бол өдөөгч. Тиймээс энэ өдөөгчийн үнийг тогтвортой байлгах нь үнийн өсөлтөөс хамгаалж байгаа юм” гэсэн удаатай. Тиймээс үнэ нэмэгдсэн талаар үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй өгөх хэрэгтэй. Одоогоор “Сод Монгол”, “Шунхлай”, “Петровис”зэрэг шатахуун түгээх станц бүтээгдэхүүний үнээ нэмээгүй байна.

2013 аравдугаарсарын 1-ний байдлаар (шатахууны үнэ литер/төгрөгөөр)

80

P-92

MGL-93

ДТ

”Петровис” ХХК

1530

1620

1620

1750

”Магнай трейд” ХХК

1530

1670

1620

1750

“Шунхлай” ХХК

1530

1620

1620

1750

“Сод Монгол” ХХК

1530

1620

0

1750

“Жаст” ХХК“

1530

1670

0

1750