Шанхайн индексийг ахиулах хэрэгтэй

Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаатай зэрэгцэн тус улсын хөрөнгийн зах зээл сүүлийн гурван жилд гараагүй их уналтад ороод байна. Шанхайн хөрөнгийн биржийн нэгдсэн индекс сүүлийн гурван жилийн дотор нийт 27 хувиар буураад байгаа ажээ. Шанхайн хөрөнгийн биржийн арилжаа үргэлжлэн унавал алдагдал асар их болохыг шинжээчид анхааруулж байна.

Шанхайн хөрөнгийн зах зээлийн нэгдсэн индексээс гадна Испани улсын IBEX 35-ын арилжааны үзүүлэлт таван хувиар унасан юм. Харин хөрөнгийн зах зээл дээрх Nikkei-ийн хувьцаа долоон хувиар, FTSE 100 таван хувиар тус тус өссөн бол Германы DAX-ийн хувьцааны ханш 26 хувиар нэмэгджээ. АНУ-ын S&P 500-гийн хувьцааны арилжаа ч мөн сэргэж, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 16 хувийн өсөлт үзүүллээ.

Урд хөршийн эдийн засгийн жилийн дундаж өсөлт 7-8 хувьтай байна. Гэсэн ч урьд жилүүдийн 10 хувь давсан үзүүлэлтээс бага тоо юм. Хятадын Засгийн газраас улсынхаа эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг эрчимжүүлээд байгаа. Тэд дэд бүтцийн асуудлыг чухалчилж, Төвбанк зээлийн хүүгээ хоёр дахин бууруулаад байгаа юм. Гэвч эл бодлого Шанхайн хөрөнгийн биржийн нэгдсэн индексийн уналтад аврал болсонгүй. Z-Ben Advisors компанийн ахлах Винни Динг “Хөрөнгө оруулагчид арай өөр зүйл сонирхож эхэлсэн. Тэд хөрвөх чадвартай, богино хугааны хөрөнгө оруулалтыг ашигтай гэж үзэж байгаа” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолжээ. Харин Nomura санхүүгийн байгууллагын хувьцаа хариуцсан шинжээчид “Судалгаагаар батлагдаагүй ч жижиглэн худалдааны хөрөнгө оруулагчид үл хөдлөх, үйлдвэрлэлийн салбарыг санхүүжүүлэх хандлага ажиглагдах болсон” гэжээ. HSBC-ийн саяхны судалгаанд жижиглэн худалдааг чиглэх санхүүжилт зогсонги байдалтай байгааг онцолжээ. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газраас дотоодын жижиглэн худалдааны индексээ ахиулах зорилгоор гадаадын худалдан авагчдыг татах бодлого явуулах болсон. Гэвч өнөөг хүртэл хууль, эрх зүйн орчин хумигдмал хэвээр байгаа тул хөрөнгө оруулагчдын тоо буурсаар байгааг дурджээ.

HSBC-ийн шинжээчид “Компаниуд хэтэрхий их бондын хөрөнгө босгож байгаа атлаа дэндүү бага ногдол ашиг төлж байна. Энэ нь Хятадын Засгийн газар дотоодын бизнес, брокерын компаниудаа дэмжиж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг бодолцохгүй байна гэх шүүмжлэлд өртөх болсон” хэмээн дүгнэжээ. Хэрэв Хятадын эдийн засаг тогтворжиж, төрийн бүтэц, зохицуулалтад шинэчлэл хийн, улмаар гадаад хөрөнгө оруулалт нэмэгдвэл Шанхайн хөрөнгийн биржийн нэгдсэн индекс 2013 оны хоёрдугаар улирал гэхэд өсөлтийн буухиаг эхлүүлсэн байх аж.