Шатахууны нийлүүлэлтийн үнэ өсжээ
Орон даяар бензиний хомсдол бий болж сар орчим хугацаа өнгөрлөө. Ялангуяа сүүлийн долоо хоног шатахуун түгээх газруудын ойролцоо 4-5 км үргэлжлэх машины урт цуваа үүсээд байгаа. Иргэд шатахуун авахын тулд олон цагаар дугаарлан, арай л гэж бензин авч байна. Тэр ч бүү хэл шар гэрэл нь асаж аргагүй байдалд орсон зарим жолооч “шагийн өндөр үнэтэй” шатахуун дуудлагаар авч байна. Энэ нь шатахууны импортын бүрэн хамааралтай Монгол Улсад инфляц өсөхөд нөлөөлөх эрсдэлтэй. Шатахууны үнэ өсвөл энэ нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж улмаар инфляцыг нэмэгдүүлдэг.
Гэвч өчигдрөөс нэр бүхий зарим шатахуун түгээх газрууд үнээ нэмсэн талаарх мэдээлэл цахим орчинд өрнөж эхэлсэн. Тэр дундаа “Тэс петролиум” АИ-92-ын үнэ 3080₮ болж нэмэгдсэн зураг цахим ертөнцөд тараад байна.
Харин энэ талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай шуурхай хэвлэлийн бага хурал зарлаж тайлбар өглөө. Тэрбээр “Зарим аж ахуйн нэгж Евро-5 стандартын АИ-92 борлуулж эхэлсэн учраас үнийн зөрүү үүссэн. Үүнийг “Шатахууны үнэ нэмэгдлээ” гэх асуудал гарсан. ОХУ-д бензиний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн” гэлээ.
Түүнчлэн манай улс Өмнө нь ОХУ-ын Роснефть компаниас 60.000 тонн энгийн АИ-92-ыг 705 ам.доллароор худалдаж авдаг байжээ. Харин өнөөдрийн байдлаар Роснефть компанийн Евро-5 стандартын АИ-92 шатахуун 800 ам.доллар болж нэмэгдсэн.
Газпром 800 ам.доллар, Нефтехим 890 ам.доллар болон бусад нефтийн компани 1050 ам.доллароор Евро-5 стандартын АИ-92 нийлүүлж байгаа гэдгийг Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай хэлэв.
Харин Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ард түмнээсээ уучлалт гуйн, “ОХУ-ын талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд Улаанбаатар хотод 12/22-нд 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын дөрвөн өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм. Өнөөдөр буюу 12/23-нд мөн 75 вагон АИ-92 бууна. Мөн АИ-95 бензиний хувьд БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Аи-95 бензиний хувьд нэг сарын ердийн хэрэглээ” хэмээн мэдэгдсэн.

Бид 2028 онд газрын тосоо боловсруулж эхлэх нь
Шатахууны үнэ нэмэгдсэн шуугиан дэгдэж, хомсдол хэдэн долоон хоногоор үргэлжилж байгаа энэ өдрүүдэд газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал ч сөнөгдөх нь тодорхой. Үүнийг мэдэж байгаа салбарын сайд их л тэвдэж байгаа бололтой Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийнхөн ч уулзаад амжлаа. Түүхий тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 90 хувьтай байгааг тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулжээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу тус үйлдвэр 2028 онд ашиглалтад орох хэдий ч үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлсний үндсэн дээр 2027 оны сүүлд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэлээ.
Энэтхэг улсын Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1,7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагийн талаас олгойдон гарч буй газрын тосоор дээлээ мялааж байснаас хойш даруй 30 орчим жил өнгөрчээ. Гэвч газрын тосоо өөрсдөө нэрэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах монголчуудын мөрөөдөл цаасан дээр хэрэгжсээр өнөөдрийг хүрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа “Алтанширээ сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хойш татсан хэн нэгний бусармаг үг, үйлдэл хийлгүүлэхгүй, өөрөө тусгайлан анхаарч ажиллах болно” хэмээн амлаж байв. Амлалт өгсөн ерөнхий сайд маань өдгөө Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан ч, амлалтаа мартаагүй гэж найдъя
Харин өнгөрсөн онд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Төсөл 2019 оноос эхэлсэн. Тус төслийг ЕРС 01:Технологийн бус барилга байгууламж, ЕРС 02: Анхдагч процессын болон дагалдах байгууламж, ЕРС 03: Уйлдвэрийн цахилгаан станц, ЕРС 04: Лицензит технологийн байгууламж гэсэн дөрвөн багцад хуваан ажиллаж байна. Гэвч дөрөвдүгээр багцын ажлыг эхлүүлэхэд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хүрэлцэхгүй, 431 сая ам.доллароор нэмэх нөхцөл үүссэн.” хэмээн мэдэгдсэн. Төслийн төсөвт өртөг өсөөд зогсохгүй тухайн төслийн ТЭЗҮ-г Засгийн газрын тогтоолоор нууцад авсан. Энэ мэт газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг тойрсон олон асуудал бий. Шатахууны үнэ нь макро эдийн засгийн хувьд гол нөлөө үзүүлдэг “шок”-уудын нэг юм.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая тонн түүхий тос хэрэглэж, тунгалаг нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр Монгол Улсын шатахууны хэрэглээний 55 хувийг хангах учиртай. Уул нь Монгол Улс жилдээ 1-1.2 сая тонн орчим түүхий нефтийг эх орныхоо газрын хэвлийгээс олборлон, 400 орчим сая ам.доллароор экспортолдог. Гэвч дотоодын хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг хачирхалтай, дэлхийд ховорхон улс билээ.