Шидэт дохиур ба Хөгжлийн банк

Хөгжлийн банк хэзээ үүдээ нээж, өрхөө татах вэ?

Хөгжлийн банк хуультай болсон. Менежментийг нь удирдан авч явах гадаадын туршлагатай багийг ч аль хэдийнэ өнгөрсөн оны төгсгөлд буюу 2010 онд багтаагаад сонгон шалгаруулчихсан. Түүнчлэн Хөгжлийн банкнаас 800 тэрбум төгрөгийн бонд гаргаж, орон сууцны зээлийг зургаан хувьд барих боломжтой гээд Засгийн газрын тогтоол гарсан. Ийнхүү Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гарах тоолон нийгэмд тус банкны өрхөө татаж, үүдээ нээхийг хүлээх хүлээлт улам бүр бадарч байна. Учир нь, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй гэх мэт ашиг багатай, урт хугацаанд үр өгөөжөө өгдөг төслүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлж, хөгжлийг түргэвчилнэ гэсэн болохоор нийгмийн хүлээлт ийн өндөр байгаа хэрэг.
Тэгвэл Хөгжлийн банк хэзээ үүдээ нээх вэ? 2009 оны долдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөгжлийн банктай холбоотой асуудлаар цаасан дээр буулгасан ажил бол их л дээ. Аль хэдийнэ үүдээ нээгээд, өрхөө татчихсан байгууллага гэж хэлж болохоор.

Зарим улстөрч биш мэргэжлийн хүмүүстэй уулзаад, Хөгжлийн банкны тухай ярилцахад, “Энэ бол төсөл шүү дээ. Төсөл техник, эдийн үзүүлэлтэй байх учиртай. Мөнгөн хөрөнгийн урсгал гэх мэт санхүүгийн нарийн үзүүлэлтүүд нь тодорхой байх ёстой. Гэтэл эдгээрийн юу юу нь ч байхгүй байгаад гайхаад байгаа” хэмээн учирлах юм билээ. Гэрийнхээ ханыг ч дугуйлж амжаагүй санхүүгийн шинэ тоглогч дааж ядсан их ачаа үүрчээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тенхик эдийн засгийн үндэслэл тооцоо нь байхгүй байгаа бол хачирхалтай л юм. Нарийн ширийн асуудлыг нь боловсруулдаг, мэддэг албаныханд холбогдох эдийн засгийн тооцоо нь байдаг байх гэж найдъя. Одоогоор Хөгжлийн банк нь ийм ийм техник, эдийн засгийн үзүүлэлттэй гээд хэвлэлд гаргасан мэдээлэл нээрээ байхгүй байгаа.

Хөгжлийн банк гэсэн энэ хоёр үг Алтан загасны үлгэр шиг улс төрчдийн санасан бодсоныг гүйцэлдүүдэг шидэт дохиур л биш бол тусгайлсан хууль, Засгийн газрын том шийдвэртэй зэрэгцэн хүмүүсийн гарт баригдаж, нүдэнд харагдах бодит ажил хийгдэж эхлэх ёстой баймаар.

Олон түмэн урд өмнө нь манайд огт байгаагүй Хөгжлийн банк гэдэг санхүүгийн шинэ байгууллагын бат бөх хийцтэй хаалганы бариулаас сайтар атгаж, хүчтэйхэн татаж орохыг хүсч байна. Гэтэл Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар томилогдож цөөнгүй сар толгой өндийх завгүй ажиллаж яваа Ч.Хашчулуунд одоогоор хань бараа болох Хөгжлийн банкны удирдлага болон гүйцэтгэх удирдлагыг томилох талаар сураг чимээ ч алга. ҮХШХ-ны цахим хуудсанд Монголын Хөгжлийн банкны хүний нөөцийн мэдээлэл бүрдүүлэх тухай зар тавьжээ. Уг мэдээллийг сонирхоход “Энэхүү банк байгуулагдсанаар өмнө нь Монголбанк, Арилжааны банкуудаас бүрдэж байсан Монгол Улсын банкны тогтолцоонд хөгжлийн санхүүгийн хэмээх гуравдагч шинэ институци бий болж байна. Эх орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий боловсон хүчин таныг Хөгжлийн банкинд ажиллахыг урьж байна” гэж уриалжээ. Дотоод аудитийн газрын захирал, Эрсдэлийн удирдлага хариуцсан дэд захирал гэх мэт 20 гаруй ажлын байр зарласан байв. Хөгжлийн банкны менежментийг удирдан жолоодох тендерийн олон улсын сонгон шалгаруулалтаар БНСУ-ын KDB тодорсон ч энэ тухай мэдээлэл бүдгэрсээр бүдгэрсээр сүүлдээ бүр нам жим болов. Сангийн сайд С.Баярцогт “Хуулиа баталсныхаа дараа тендерийн асуудлыг ч эргэж авч үзнэ” гэж хэлсэн удаатай. Тэгвэл энэ асуудал ямар шийдэл хүлээж байгаа бол оо.

2010 оны төгсгөлд тендерт ялалт байгуулаад баяртай буцсан БНСУ-ын KDB-ийн төлөөлөгчид асуудлаа шийдэгдэхийг сонирхож Монголд ирж, буцаж байгаа болов уу хэмээн чих тавьж үзлээ. “Ойрын хугацаанд л лав ирээгүй, сайн мэдэхгүй байна” гэхээс өөр мэдээлэл олсонгүй. Тэд асуудлаа сонирхон Монголд байн байн ирж, холбогдох яам, тамгын газраар эргэлдээд байдаггүй бололтой. Юмыг яаж мэдэх вэ?, Монголын Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл тавьчихсан байж юуны магад гээд КDB-ийн сайтад зочиллоо, сонирхсон мэдээлэл байсангүй.

Энэ талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэр­­­гэжилтэн Э.Цогбаярт хандахад “Тендерийн үнэлгээний хорооны урьдчилсан дүгнэлтээр БНСУ-ын Хөгжлийн банк шалгарсан. Гэхдээ Засгийн газраас KDB-г ялагчаар тодорсныг баталгаажуулж албан ёсоор зарлаагүй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны ТУЗ KDB-тэй тохиролцоо хийх эрхээ аваагүй гэж ойлгож болно. Тийм болохоор ТУЗ, тендерт ялагч этгээд хоёр хэлэлцээрийн ширээний ард албан ёсоор суугаагүй байгаа гэсэн үг. Тийм учраас Монгол Улсын Хөгжлийн банкийг БНСУ-ын Хөгжлийн банк удирдахаар болсон гэж хараахан үзэж болохгүй” хэмээн тайлбарлав. Хөгжлийн банкны талаар сонирхсон асуултад хариу өгөхдөө тун ч болгоомжтой, няхуур хандсан тэрбээр “Хөгжлийн банкны тухай хуулийг батлаагүй байхад яагаад тендерийн сонгон шалгаруулалт явагдсан юм бэ? Хууль бус болсон юм биш үү гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг. Тийм болохоор энд товчхон тайлбар хийх нь зөв байх гэж бодож байна. Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 26-ны өдрийн 195 дугаар тогтоолоор Хөгжлийн банкийг байгуулсан. 2009 оны Ерөнхий сайдын 66 дугаар захирамжаар Хөгжлийн банк байгуулах асуудлаар холбогдох санал болон баримт бичгийн төслийг боловсруулах үүрэг бүхий холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг гарч ажилласан. Тэгээд одоогийн мөрдөгдөж байгаа Банкны тухай хуулиар Хөгжлийн банкны үйл ажиллагааг зохицуулж болох юм байна гэж үзсэн. Гэтэл Монголбанк, УИХ-ын зарим гишүүний зүгээс одоогийн мөрдөж байгаа Банкны тухай хууль Хөгжлийн банкны зарим үйл ажиллагааг хязгаарлаж байна. Тийм болохоор тусгайлсан хууль шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Хөгжлийн банкны тухай хуулийг 2010 оны аравдугаар сарын 2-нд баталсан. Иргэд Хөгжлийн банк үүдээ нээхгүй яагаад удаад байна гэж яарч байгаа. Манайд хөгжлийн санхүүгийн байгууллага байгуулж байсан түүх байхгүй. Хөгжлийн банк ач холбогдолтой ч нөгөө талаасаа эрсдэл өндөртэй. Буруу хийвэл улсын эрх ашиг хөндөгдөх учраас яарч хэрхэвч болохгүй. Бидний төлөвлөснөөр явбал ирэх тавдугаар сард үүдээ нээчих байх” гэж хэлсэн.

800 тэрбумын бонд мөрөөдөл үү?

Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд 5, 10, 15 жилийн хугацаатай гаргах тухай Засгийн газрын шийдвэр нь монголчуудын хувьд бонд гэдэг өмнө нь төдийлөн сонирхож, ашиглаж байгаагүй санхүүгийн хэрэгслийн мэдлэгээ нэмэгдүүлэх шаардлагыг бий болгов. Монгол хүн бүр 536 ширхэг хувьцаа эзэмшигч болчихоод сүүлийн үед хувьцааны тухай мэдлэг, мэдээллийг чухалчилж байгаа шиг Хөгжлийн банк иргэдийг бондыг шохоорхоход хүргэх нь энэ.
800 тэрбум төгрөгийн бонд орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд барих зорилготой, тэгээд дээр нь хугацаа урттай гээд чихэнд чимэгтэй мэдээлэл олонтой. Гэвч “буянтай” бондын борлуулалт дотооддоо ямар байх вэ гэдэг хамгийн чухал асуудал. Улс төрийн шийдвэр бол эдийн засаг биш шүү дээ. Энэ талаар улс төрчид сайхан үг урсгаж байгаа ч банк, санхүүгийн мэргэжилтнүүд сайн гэж сайшаах дургүй байна.

Хөгжлийн банк жилийн зургаан хувийн хүүтэй моргэйж санхүүжүүлнэ гэдэг хөрсөн дээр хэр буусан шийдвэр юм бол оо? Уг санхүүгийн хэрэгслийн борлуулалтын асуудлыг ялангуяа банкныхан тал талаас нь харж, хэдийнэ үнэлэлт дүгнэлтээ өгч амжсан. Энэ утгаараа Төвбанк болон арилжааны банкны холбогдох мэргэжилтэнд хандаж, 800 тэрбумын бондын борлуулалтын тухай сонирхоход, толгой сэгсрэхээс өөрөөр тодорхой зүйл ярихыг хүсэхгүй байна. Тэгэхээр маш бага хүү, урт хугацаатай 800 тэрбумын бонд өнөөдрийн манай найман тэрбум долларын эдийн засгаас ахадсан ачаа бололтой гэж дүгнэхээс яалтай. Яагаад тийм байна вэ гэдэг эдийн засгийн үндэслэлийг нь сонирхоод үзье. Манай арилжааны банкны зээлийн хүү жилийн 20 хувьтай байгаа. Түүнчлэн манай инфляцийн өсөлт 11 хувьтай, Төвбанкны үнэт цаасны хүү мөн хэмжээний хувьтай байгаа энэ үед жилийн зургаан хувийн хүүтэй, урт хугацаатай орон сууцны өрийн бичиг гаргана гэдэг мөрөөдөл хэмээн хэлэхэд хатуудахгүй гэж Төвбанкныхан үзэж байна. Учир нь, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга уг бондын хүүг бүр 3.5-3.7 хувьтай гаргахыг санал болгож байгаа нь АНУ-ын Засгийн газрын бондоос ч хямд шахуу гэнэ. Гэтэл инфляцийн өсөлт нь хоёр оронтой тоотой, бараг 10 хувийн төсвийн алдагдалтай манай улсын эдийн засагт жилийн зургаан хувийн хүүтэй бонд арилжина гэдэг маш өндөр эрсдэлийг агуулж буйг тэд нуухгүй байна.

Арилжааны банкныхны хувьд өөрийгөө хүндэлдэг банкир л лав дээрх 800 тэрбумын бондыг авах нь битгий хэл, нэг нүдээрээ ч харахгүй нь тодорхой.
Орон сууцны бонд гаргаж, иргэдээ хямд өртөгтэй байраар хангах гэж байгаа төрийн бодлого буруу биш. Хамгийн гол нь бондын хүү бодит зах зээлийнхээ жамаараа бол арилжааны банкны зээлийн хүүгийн хэмжээнд 15-20 хувьтай байх ёстой. Гэтэл Хөгжлийн банк зургаан хувийн хүүтэй моргэйж санхүүжүүллээ гэхэд 10-15 хувийн зөрүүг хэн төлөх вэ гэдэг сонин. Тэнгэрээс мөнгөөр бороо орохгүй нь лав.