Шимтгэлгүй хүүхдийн мөнгө

Монгол улсын Засгийн газраас 0-18 насны бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, УБЕГ, Хүүхдийн төлөө үндэсний газар, НХБЕГ, Монголбанк мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны 13 банк өнөөдөр хүүхдийн мөнгө олгох асуудлаар хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр ХАХНХЯ-ын сайд С.Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-Хүүхдийн мөнгийг хэднээс олгох вэ?

- Төсвийн тодотголоор энэ оны үлдсэн гурван сарын хугацаанд нийтдээ 59 орчим мянган төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгохоор баталсан. Одоогийн байдлаар бид Монголбанк, Төрийн сан, УБЕГ мөн холбогдох байгууллагуудтай хамтарч хүүхдийн мөнгийг олгох асуудлыг зохион байгуулаад хүүхдийн данс нээлгэх ажил эхлээд амжилттай явж байна. Арилжааны банкуудаас авсан мэдээллээр өчигдрийн 12 цагийн байдлаар 13 банк дээр улсын хэмжээнд 628298 хүүхэд данс нээлгэсэн гэсэн мэдээлэл хүлээж аваад байна. Энэ сарын 20-нд бид анхныхаа мөнгийг бүх хүүхдийн дансанд хийсэн байхаар төлөвлөөд байна.

-Иргэд данс давхар нээлгэх тохиолдол гарах магадлалтай. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Монгол банк болон арилжааны 13 банк хамтарч энэ удаагийн хүүхдийн мөнгө олгох ажлыг шинэ зохион байгуулалттайгаар явуулж байна. Бид шинэ тогтолцоог ашиглаж олгохоор болсон байна. Арилжааны банкууд иргэдээс ямар нэгэн шимтгэл хураамж авахгүй. 15 гэхэд энэ сарын хүүхдийн мөнгө олгох данс нээх ажлыг зогсооно. Тэгээд энэ сарын нэгтгэлийг гаргаад эхний сарынхаа мөнгө олголтын ажлыг зохион байгуулна. УБЕГ, Нийгмийн халамж бүртгэлийн ерөнхий газар дээрх мэдээллийн бааз дээр тулгуурлаж арилжааны банкуудаас ирсэн бүх данс мэдээллийг шалгасны үндсэн дээр давхардал, зөрчилгүй дансны нэр дугаарыг төрийн санд өгнө. Төрийн сан нийгмийн халамж бүртгэлийн газраас ирсэн мэдээллийг үндэслээд нийт хүүхдэд олгогдох мөнгөний хэмжээгээр Монголбанкинд нээсэн НХҮЕГ-ын дансанд мөнгийг шилжүүлнэ. Монголбанк тэр мөнгийг арилжааны банкуудын данс руу шууд шилжүүлж хүүхдийн мөнгө энэ сарын 20 гэхэд хүүхдүүдийн дансанд орсон байхаар зохион байгуулсан. Хүүхдийн мөнгийг бэлнээр авах өргөдлөө гаргасан эцэг, эхчүүд энэ сардаа өөрийнхөө сонгосон банк дээр цахим үнэмлэхтэйгээ очиж авна. Дуртай цагтаа очиж авах боломжтой. Мөн заавал тогтоосон нэг салбараас очиж авах шаардлагагүй. Энэ сарын 15-наас өмнө данс нээлгэсэн бол хүүхдийн мөнгө энэ сараас олгогдоно, хойш нээлгэвэл дараа сараас олгоно. Данс нээлгэснээс өмнөх сарын мөнгийг нөхөж олгохгүй. Давхар данс нээлгэсэн тохиолдолд тухайн сарын мөнгө олгогдохгүй. Хүүхэд нэг банк дээр нэг данс нээлгэх ёстой юм. Энэ удаад заавал шинэ данс нээлгэх шаардлагатай. Харин эцэг, эх тухайн банктайгаа ярилцаад хүүхдийн хадгаламж руу шилжүүлж оруулахаар зохион байгуулж болно.

-Хүүхдийн мөнгөнд төсөвлөсөн мөнгөний үлдэгдэлийг юунд зарцуулах вэ?

Хүүхдийн мөнгө олголтоос хэмнэгдэж үлдсэн мөнгийг буцааж улсын төвлөрсөн төсөвт татахгүй байх, төсвийн өөр зориулалтаар ашиглахгүй зөвхөн хүүхдийн хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр хүүхдийн мөнгө олгох хугацаанд тодорхой зөрчлийн улмаас авч чадаагүй хүүхдүүдийн мөнгө ирээдүйнн хөгжлийн хөрөнгө оруулалтын дараа дараагийн ажлуудад зарцуулагдах болно.