Шинэст дуртай оготно ой сүйтгэж байна

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхоны ойн зулзган шинэс модыг оготно мэрж, олноор нь сүйтгэж байгааг тус сумын Байгаль орчны байцаагчид ажигласан тухай мэдээллээ БОАЖЯ-нд өчигдөр ирүүлжээ. Ой сүйтгэгч оготно хар хүрэн өнгөтэй, мэдрэх чадвар нь бусад оготныхоос маш сайн хөгжсөн гэнэ. Байгаль хамгаалагчид шинэсэн ойг сүйтгэгчийг хуванцар саванд хийхэд маш богино хугацаанд савыг цоолсон байна. Харин шилэн саванд хийж, шүдэнзний хайрцагны чинээ шинэс өгөхөд 10 минутын дотор идэж дуусгасан байна. Тиймээс уг оготныг шинжлүүлэх, зулзган шинэсийг нэн даруй хамгаалах шаардлагатайг ой хамгаалагчид онцолжээ. Оготно, зарим төрлийн мэрэгч шинэс зэрэг модыг иддэг ч энэ удаагийнх шиг сүйтгэж, үй олноор нь мэрсэн тохиолдол гарч байгаагүй аж.