Шинэчлэлийн Засгийн газраас хүсэх зүйл байна

137. Энэ тоо удахгүй 138, 139, 150 болно. Өөрөөр хэлбэл, ХДХВ-ийн халдвар тээгч иргэдийн тоо жилээр бус сараар, бүр долоо хоногоор нэмэгдэж байна. Нэг тээгчийн цаана таван хүн уг халдварыг авсан байх магадлалтайг ДЭМБ-аас тооцож гаргасан байдаг. Энэ тооцоогоор манайд хамгийн багадаа 685 хүн ХДХВ-ийн халдвар тээж явна. Энэ нь цаашаа мөн л нэг хүний цаана тав гэх маягаар сүлжээ болон салбарлана. Бид өөрсдийгөө, ах, дүүсээ, үр хүүхдээ ХДХВ-гээс яаж, хэрхэн хамгаалах вэ. Энэ асуултад эмч, мэргэжилтнүүд “Тэвчих, үнэнч байх, бэлгэвч хэрэглэх” гэж хариулдаг ч нэгээс 137 хүрчихлээ. Хамгийн чухал нь дээрх 137 иргэн өөрсдөө сайн дурын шинжилгээ өгснөөр халдвар авснаа мэдсэн байдаг. Үүний цаана сайн дурын шинжилгээ өгөөгүй халдвар тээгч хэд байгаа бол. Халдвар тээгчдийн 80 хувь нь хөдөлмөрийн насны залуус, тэдний 80 хувь нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй.

Магадгүй бидэнд ганц л арга үлдсэн байх. Тэр нь Шинэчлэлийн Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд зайлшгүй хийх хэдхэн кампанит ажлын нэг болох иргэн бүрийг ХДХВ болон бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд оруулах. Хэдийгээр энэ нь аль ч намын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй ч монгол удмын төлөө энэ цаг үед л хийхгүй бол оройтох үндэсний аюулгүй байдлын асуудал билээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар 2.882.189 иргэнтэй болсон мэдээлэл Статистикийн үндэсний хорооноос гарчээ. 2.8 сая гаруй иргэнээ энэ шинжилгээнд бултаар нь оруулж, хэн ямар өвчтэй, яаж эмчлэх, сэргийлэх вэ гэдгийг үнэн бодитоор гаргаад ирвэл эрхэм гишүүдийн энэ төрд хийсэн хамгийн үнэтэй, буянтай үйл энэ болно. Учир нь эрүүл иргэн Монголд хэрэгтэй.

Төсөв мөнгө, ажиллах хүч, шинжилгээ авах байр, шинжлэх лобараторийн хүчин чадал гээд асуудал урган гарч ирнэ л дээ. Гэхдээ л сайн дурын шинжилгээгээр илрэгсдийн тоог 1000 болохоос нь өмнө, цаана нь өч төчнөөн зуун хүнийг “санаандгүйгээр” халдвар тээгч, тараагч болгохгүйн тулд Шинэчлэлийн Засгийн газар үүнийг хийх л ёстой. ХДХВ-ийн халдвар тээж буйгаа мэдэхгүй олон арван хүн “тараагч” хийгээд явж байгаа. Тэднийг энэ үзлэгээр илрүүлчихвэл эмнэлгийн хяналтад авч, тэднээс халдвар авах байсан олон зуун хүнийг хамгаална. Хариуцсан яам нь яасан юм бэ гэх хүн байж магад. Тэд төсвийн хэдээрээ аль хормойгоо нөхөх вэ, амаржих газар, эмгэгтэй хүүхдийн ор, аппарат, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх гээд түг түмэн ажилд дарагдчихаад нусаа ч арчиж чадахгүй сууна шүү дээ. Тэгээд ч дан ганц яам үндэсний хэмжээний энэ асуудлыг шийдвэрлэж, гүйцэтгэж хүчрэхгүй.

Харин төрийн хэмжээнд үүнийг ажил хэрэг болгож, улсыг хөдөлгөвөл бүтэхгүй зүйл биш. Энэ урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогооны гол зорилго нь гурван сая хүрэхгүй атлаа талаас илүү нь бэлгийн замын халдварт өвчин, 1000 орчим нь ХДХВ-ийн халдвар тээж амьдарч болохгүйг л илчлэх. Өвчтэй иргэдийн тоог гаргаж, эмчилгээ, сувилгаа хийж, бусдыг нь хамгаалж, үр удмаа эрүүлжүүлэх. Энд хүний эрх зөрчигдөх зэрэг элдэв халхавч огт хэрэггүй. Учир нь монгол хүн бүр эрүүл байх ёстой. Монгол оршин тогтнох эх үндэс бол иргэний эрүүл мэнд.

Төгсгөлд нь хэлэхэд, уул уурхай, барилга, техник, инженер, туслах ажилтан, хоолны сүлжээ газрууд гээд Монголын өнцөг булан бүрт бууриа зассан гаднынхныг БЗХӨ-нөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд оруулж, өгөөч. Тэнд монгол удмыг тасалж, сэвтээх харийн бодлогын гол цөм явж байгаа шүү.