Шинэ боломжийг нээх шинэ бүтээлүүд



Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад үргэлж шинэ зүйлийг эрэлхийлж, хийж бүтээхийг тэмүүлсээр ирсэн. Тасралтгүй ахиж, хөгжиж дэвших нь хүнийг сайхан амьдрал руу хөтөлж байдаг. Шинэ санаа, сэдэл, шинэ бүтээл, ашигтай загвараа олон нийтэд хуваалцаж, хоорондоо санаа бодлоо солилцсон “Шинэ бүтээл, ашигтай загвар 2011” үзэсгэлэн энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тус үзэсгэлэнд ШУА-ын хүрээлэнгүүд, МУИС, ШУТИС, бизнесийн байгууллагууд болон ОХУ-аас анагаах ухаан, текник барилга болон ноосон эдлэл хувцасны чиглэлийн гурван компани оролцож байгаа аж. “Өнөөдөр манай эрдэмтэн, мэргэдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд гарсан эдгээр бүтээлийг хойч үеийнхэндээ өвлүүлэх шаардлага бидэнд зайлшгүй байгаа юм. Тиймээс бид шинжлэх ухаан, бизнесийн сэдэвтэйгээр чуулга уулзалт, үзэсгэлэнгээ хавсран зохиож байна. Эдгээр шинэ бүтээлийг цаасан дээр хадгалагдан үлдэх биш, бүтээн байгуулалт болгож, практик ашиглах гарцыг нээж өгөхөд үзэсгэлэнгийн гол зорилго байгаа юм. Эрдэмтэн судлаачдынхаа гаргаж буй шинэ бүтээлийг бизнесийн байгууллагууд дэмжин практикт нэвтрүүлэх гүүр нь болж байх ёстой” хэмээн МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Янсанжав онцоллоо. “Шинэ бүтээл, ашигтай загвар 2011” үзэсгэлэн МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд маргаашийг хүртэл үргэлжлэх юм. Харин “Шинжлэх ухаан- бизнес- залуу үе IY” чуулга уулзалт мөн маргааш Төрийн ордонд болох бөгөөд 300 гаруй залуу эрдэмтэн, судлаач, бизнесийн байгууллагын төлөөлөгч оролцон, шинжлэх ухаан, нанотекнологийн бодлого, менежмент, инновацийн хөгжил, мэдлэгийн эдийн засгийн талаар хэлэлцэх юм байна.

Нэгийн үнээр зургааг авах боломж буюу олон хувилбарт эдлэл

Үзэсгэлэнд шинжлэх ухаан, дэвшилтэт текнологи, анагаах ухаан, хувцас загвар, ноос ноолууран зэрэг салбар бүрийн сонирхолтой шинэ бүтээл тавигдсан байлаа. Үүнээс монгол хүний уламжлалт сэтгэлгээ, арга ухаанаар бүтсэн олон хувилбарт эдлэл ихээхэн сонин содон хийцтэй байсан юм. Хүмүүс ч тус эдлэлийг сонирхож, зарим нэг нь худалдаж авах ч санал тавьж байсан. Нийслэлийн 55-дугаар сургуулийн мэргэжил сургалтын багш Т.Хүрэлжав шавь Х.Энхжаргал, О.Дашдаваа нартайгаа МҮОНТ-ээс зохиогдсон “Залуу зохион бүтээгч” тэмцээнд эхний шатанд бүтээлийнхээ загвараар оролцож байсан бөгөөд таван шатыг давж, бүтээлээ илүү боловсронгуй болгож, хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Ийнхүү монгол хүний арга ухаанаар оньслох аргаар хийгдсэн олон хувилбарт эдлэлийнхээ талаар БЗД-ийн 55-дугаар сургуулийн мэргэжил сургалтын багш Т.Хүрэлжав хэлэхдээ “олон хувилбарт эдлэлд нэг ч хадаас ороогүй оньслох аргаар хийгдсэн, задалж угсарч, тээвэрлэхэд хүндрэлгүй, эдийн засгийн хэмнэлттэй, цэвэр модоор хийсэнд оршино.

Энэхүү модон эдлэл зургаан төрөл болж хувирдаг тул амьдрал ахуйдаа нийцүүлэн хувиргаж, удаан ашиглах боломжтой” хэмээн онцлов. Та хэрэв нярай хүүхэдтэй бол хайртай үрдээ ор худалдан аваад, хөлд орж нэг, хоёр нас хүрэнгүүт нь дүүжин даажин тоглоом эсвэл хүүхдийн жижиг ширээ болгон хувиргаж ашиглах боломжтой юм. Дараа нь зургаан нас хүрч, сургуульд ороход хичээлээ хийх ширээ сандал хэлбэрээр ч ашиглаж болно. Хүүхэд тань том болж ширээ нь жижигдээд ирэх юм бол гэртээ зурагт, сэтгүүлийн тавиур эсвэл утасны тавиур ч болгон хувиргаж удаан хугацаанд ашигладагт олон хувилбарт эдэлбэрийн онцлог байгаа аж. Зургаан хувилбарт эдлэлийн үнэ нь 200 мянган төгрөг бөгөөд хувилбарынх нь тоог багасгаж ч авах боломжтой аж. Тоо нь багасах тусам үнэ нь хямд тусна. Тус сургуулийн мэргэжил сургалтын багш Т.Хүрэлжав “Манай сургууль дээр БСШУЯ-ны санхүүжилтээр олон хувилбарт модон эдлэлийн цех энэ сард байгуулагдана. Энэ нь бид эдлэлээ зах зээлд нийлүүлэх боломж бүрдэхээс гадна арав, арваннэгдүгээр ангийн сурагчид текнологийн хичээлийн дадлагаа хийх талбар нь болох юм” хэмээн хэллээ.

Байгальд ээлтэй текнологи буюу шинэ боломж

Арьс шир боловсруулах явцын бохирдлыг бууруулсан байгальд ээлтэй шинэ технологийг ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс гаргажээ. Тэд өөрсдийн шинэ текнологи буюу энзим-силикат ашиглаж үйлдвэрлэсэн арьс, ширээ олон нийтэд дэлгэн харуулахын зэрэгцээ хуучин текнологитой нь харьцуулан шүүгдэж гарсан усыг нь хуруу шилэнд хийн үзүүлэнд тавьсан байлаа. Шинэ текнологиор арьс шир боловсруулсан ус нь шаргалдуу дотроо ямар нэг тунадасгүй байхад хуучин текнологийн дагуу хийсэн нь гүн ногоон өнгөтэй, доороо шохой тунаж, лаг шавар харагдаж байв. “Хуучин текнологиор бол хүхэрт натри шохой хэрэглэж орчныг бохирдлыг бий болгодог байсан бол энзим-силикатын нэгдлийг хэрэглэх замаар шинэ текнологи гаргасан. Үүний үр дүнд арьсны бүтцийг өөрчлөхгүйгээр өмнөх текнологитой адил чанартай арьс шир гаргахын зэрэгцээ үс ноосыг гэмтээхгүй ялгаж авч ашиглах боломж бүрдэж байгаа юм” хэмээн Хүнс хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн инженер, судлаач С.Дашбал ярилаа. Тэд энэхүү ажлын үр дүнг оны эцсээр холбогдох байгууллагууддаа танилцуулж дүгнүүлэх аж. Үүний дараа арьс ширний үйлдвэрүүдэд тус шинэ текнологийг ашиглах саналыг тавих ажээ. Байгальд ээлтэй, үйлдвэрлэлд ашигтай тус текнологийг ашиглахыг хүсвэл тухайн арьс ширний боловсруулах үйлдвэр одоо ажиллаж байгаа тоног төхөөрөмж дээрээ нэмж ноос, ноолуурыг шүүж авах машиныг сэгсрэгч машин /барабан/-даа холбон ажиллуулах хэрэгтэй гэнэ. Ингээд үйлдвэрлэлдээ хэрэглэдэг хүхэрт натри шохойг халж, энзем- силикатыг ашиглахад л хангалттай аж.

Ноос, ноолуур шүүгч машинд нэг удаа 14 сая төгрөг зарцуулснаар танай үйлдвэр байгальд ээлтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм байна. Түүнчлэн тус хүрээлэнгийн туршилтын дагуу инновацийн анхны жишиг ноосон материаллын дулаалгын үйлдвэрийг байгуулсан ажээ. “Хонины ноосыг боловсруулж, барилгын дулаалгын материал үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Энэ нь хүний биед ямар ч хор нөлөөгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог бөгөөд дулаан хадгалалт, чанарын хувьд ч өндөр юм. Гурван сарын өмнө нээлтээ хийсэн тус үйлдвэр захиалга, борлуулт ихтэй байгаа” хэмээн хүрээлэнгийн инженер С.Дашбал дурдлаа. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай “Баянцагаан нуур” ХХК-ийн том хүн хүүхдийн бакааль, нохой гутал, хром, ээтэн, буриад, эсгий түрийтэй, цагаан ултай гутал олны анхаарлыг их татаж байлаа. Монгол оёдолчны арга ухаанаар байгаль цаг уурын нөхцөл байдлыг харгалзан хийсэн, чийг татдаггүй, хэлбэр хийцээ алдаггүй онцлогтой хэмээн үйлдвэрлэгчид онцлов.

Түүнчлэн “Амин уураг” ХХК-ийн зүгээс хүүхдэд шим тэжээл өгч, сульдаа ядаргааг гаргах болон насанд хүрэгчдийн ходоод гэдсийг цэвэршүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, хорт хавдар ялангуяа бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй эмчилгээний тэжээлийн тараг ч байв.