Шинэ боломж-Инноваци


Энэ зууны хамгийн өртөг өндөртэй таваар бол мэдлэг ба мэдээлэл юм. Шинэ санаа болоод мэдээлэл алтнаас ч өндөр үнэлэгдэж байна. Энэ ч утгаараа дэлхий дахинд мэдлэгт суурилсан эдийн засаг буюу инноваци нь бизнесийн ашиг олох нэгэн шинэ салбар болов. Тэгвэл манай улсад инноваци хөгжиж байна уу? Инновацийн ач холбогдлын талаар ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, Инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаштай ярилцлаа.

Инноваци буюу мэдлэгт суурилсан эдийн засгийн ач холбогдол юу вэ?
Инновацийг мэдлэг буюу шинэ санааг ашиг олох боломжит бараа, үйлчилгээнд шилжүүлэх үйл явц хэмээн тодорхойлсон байдаг. Тэгэхээр инновацийг шинийг санаачлах, түүнийгээ зах зээлд үнэлүүлэх үйл явц гэж ойлгож болох юм. Сүүлийн үед хөгжингүй улс орнууд засгийн газрынхаа дэргэдээ инновацийн газар ажиллуулж, иргэд болоод эрдэмтдийн гаргасан санааг амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна.
Монгол улсад мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжих боломжтой юу?
Улс орон ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдаж мөнгө олдог. Өнөөдөр манай улс боловсруулалт хийгдээгүй бараа бүтээгдэхүүн худалдаж байна. Алт, нүүрс зэрэг газрын доорх баялаг бол эргээд сэргээгддэггүй баялаг. Гэтэл бидний хоёр талд дэлхийд хүн ам, эдийн засгаараа тэргүүлэгч, дээрээс нь маш том хэрэглэгч хоёр зах зээл байна. Бид сэргээгддэггүй буюу хязгаарлагдмал нөөцтэй бүтээгдэхүүнээ худалдаж ашиг олж байгаа боловч энэ нь цаг зуурын шинжтэй юм. Харин инновацийг хөгжүүлснээр илүү удаан хугацаанд, илүү тогтвортой эдийн засгийн өсөлт бий болгох боломжтой. Энэ ч утгаараа инноваци нь Монгол Улсад цаашид хөгжих бүрэн боломжтой салбар гэж үзэж байна.
Тэгвэл манай улсад инновацийн хөгжил ямар шатандаа явж байна вэ?
Инноваци гэдэг бол өөрөө шинэ ойлголт, шинэ ухагдахуун юм. Манай улсын хувьд дөнгөж эхэн шатандаа явж байгаа гэж бодож байна. Инновацийг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудал шийдвэрлэх ёстой. Эн түрүүнд оюуны өмчийг хамгаалах зэрэг хууль зүйн болоод бусад зохицуулалт шаардлагатай. Ингэж чадвал манай улсад инноваци улам өргөжин тэлэх, хөгжих салбар гэдэгт эргэлздэггүй.
Танай сургуулийн зүгээс инноваци, шинэ санааг хөгжүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
Манай сургууль инженер, техникийн ажилтан бэлтгээд 55 жил болж байна. Манай сургуулиас сургалт, судалгаа мөн төсөл хэрэгжүүлдэг. Тэр дундаа инноваци буюу баялаг бүтээж болох санаа нь байвч хэрхэн ажиллахаа мэдэхгүй байгаа иргэдийн төслүүд дээр хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил манай сургуулиас инновацийн гарааны компани байгуулах зорилгоор санал авахад гуч гаруй санал ирсэн. Эдгээрээс хамгийн эрсдэл багатай, амьдралд хэрэгжих боломжтой, ашигтай байж болох гарааны таван бизнесийг сонгон авч “бойжуулах” үйл явц дээрээ явж байна.
Ямар салбарын төслүүд ирж байна вэ?
Их сонирхолтой төслүүд ирдэг. Жишээ нь, усны бүтцэд нөлөөлснөөр хиймэл аргаар рашаан гарган авах төсөл орж ирж байна. Мөн монгол хүнд Англи хэл заах төхөөрөмж бүтээсэн байна. Эхний арван хичээлийг үзэхэд л ТОEFl–ын нэгдүгээр түвшинд хүрэх боломжтой гэж үзэж байна. Энэ төсөл оюуны өмчөөр баталгаажсан. Одоо уг төслийг хэрэгжүүлэх эсэхийг хэлэлцэх шатандаа явж байна.
Ямар салбарт инноваци нэвтрүүлэх шаардлагатай байна вэ?
Миний бодлоор хөдөө аж ахуйд өргөннэвтрүүлэх шаардлагатай. Энэ тал дээр ШУТИС-ийн харьяа Биотехнологи, Хүнсний сургууль идэвхтэй ажиллаж байна. Эмийн ургамал хатаах, тариалах технологийн шинэлэг санаанууд хэрэгжих шатандаа явж байна. Арьс шир боловсруулах шинэ технологи, шинэлэг санаанууд их орж ирж байгаа нь энэ салбарын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх боломж их байгааг харуулж байна.
Одоогийн байдлаар хамгийн амжилттай яваа төслүүдийг дурдвал?
Галт тэрэг явж байх үед техникийн шалгалт хийх систем бий болгох төсөл амжилттай явж байна. Өөрөөр хэлбэл, ачааны галт тэргийг явж байхад нь түүний болзошгүй гэмтлийг нь илрүүлнэ гэсэн үг. Ингэснээр ачаа тээврийн үйлчилгээ илүү найдвартай болох боломж бүрдэж байна.
Төрөөс энэ салбарт хэр зэрэг ач холбогдол өгч байна вэ?
Сүүлийн таван жилд төр, засгаас энэ салбарт тавих анхаарал мэдэгдэхүйц сайжирсан гэж бодож байна. Энэ нь дэлхий нийтийн жишигтэй холбоотой болов уу. Олон улсад инновацийн өрсөлдөөн хүчтэй болсон. Энэ өрсөлдөөн ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн.