Шинэ санаагаа том бизнес болгохын тулд багаа яаж сонгох вэ? Найз нөхөдтэйгээ хамтрах нь зөв үү?

Манайх дэлхийд нэртэй хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнүүд, "ADJ Consulting" компанийн удирдагч Андрей Зотов нарын "Forbes" сэтгүүлд хэвлэгдсэн зөвлөгөөнөөс хүргэдэг билээ. Харин энэ удаа Монголынхоо бизнесмэнүүдэд дараах асуултыг тавилаа.

Л.Ариунболд /“Монгол 999 үндэсний нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал/:

Харилцан бие биенээ хүлээн зөвшөөрсөн оюуны нэгдэл юм


-Бизнес гэдэг бол санхүүгийн зах зээлтэй адилхан итгэлцэл дээр тогтдог зүйл. Тийм болохоор хамгийн нэгдүгээр асуудал нь харилцан бие биенээ хүлээн зөвшөөрсөн оюуны нэгдэл байх нь чухал. Баг болж ажиллахад мэдлэг мэргэжил, англи хэл гээд олон зүйл шаардана л даа. Гэхдээ хэчнээн мундаг хэлтэй байлаа гээд тэр хүн бизнесийг сайн удирдаад явж чадахгүй. Тэгэхээр биенээ хүлээн зөвшөөрдөг дотоод хүсэл эрмэлзэл нэгтэй, нэг зүгт харсан баг байх ёстой. Илтгэлцэл гэдэг асар том юм цаана нь явж байгаа учраас.
Хоёрдугаар асуултын тухайд, найз нөхөдтэйгээ хамтрах нь буруу гэсэн юм байхгүй л дээ. Удирдлага хүн дайсантайгаа ч ажиллаж чаддаг байж үр дүнд хүрнэ. Өөрөөр хэлбэл, удирдлагын чармайлтаас шалтгаална.

С.Мижиддорж /“Эрд маш” группийн ерөнхийлөгч/:

Хамгийн чухал суурь асуудал боловсон хүчин

-Баг бүрдүүлнэ гэдэг ажиллах хүчний тухай асуудал юм. Үйлдвэрлэл, бизнесийн шинэ санаа төрлөө. Ажил юунаас эхлэх вэ хүнээс эхэлнэ. Хүн нийгмийн хөдөлгөгч хүч. Улс орныг хөгжил дэвшилд хэн хүргэдэг билээ, хүн л хүргэнэ. Тэгэхээр шинэ санааг том бизнес болгоё гэж зорьж, мөрөөдөж байгаа хүнд бол хамгийн үндсэн суурь асуудал нь боловсон хүчин юм. Сэтгэл санаа, зорилго нийлсэн баг байх ёстой. Тэгээд бизнесийн туршлага байх хэрэгтэй.
Англи, АНУ-ын том компаниудад ажиллаж байгаад Монголдоо бизнес эрхлэхээр ирээд, надаас зөвлөгөө авч байсан залуучууд байдаг. Тэдний бизнес одоо амжилттай яваа.

П.Болдгэрэл / “New voice” ХХК-ийн захирал/:

Хэн нь тууштай, хэн нь надад үнэн ч байх билээ...

-Юуны түрүүн тухайн сонгосон төслийн чиглэлээр ажиллахад хэр зэрэг мэргэшсэн хийгээд туршлагыг нь харгалзан үзэх хэрэгтэй болов уу. Найз нөхдөө сонгож болно л доо. Гэхдээ мэдээж хэн нь шударга билээ, хэн нь зорилгодоо тууштай явж чадах билээ, хэн нь надад үнэнч байх билээ гэдгийг сайтар тунгаан бодох хэрэгтэй. Нэгэнт чиний найз нөхөр учраас дээрх шалгуурт хэн нь тэнцэхийг андахгүй учраас сонголт хийхэд харьцангуй хялбар байх талтай.


Л.Бат-Өлзий /“Сектех сервис” ХХК-ийн ерөнхий захирал/:


Хамгийн сайн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг ав

-Багаа бүрдүүлнэ гэдэг нь бизнес цааш хэрхэн явахын гол үндэс болж өгдөг. Тиймээс миний хувьд тухайн бизнес эрхлэх салбарынхаа хамгийн сайн шилдэг мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авч, тэдний туршлагыг судална. Өөрөөр хэлбэл, мэдлэг чадавхитай боловсон хүчнийг олж багаа бүрдүүлэхийг хичээнэ. Түүнээс найз нөхдөө сонгохгүй. Учир нь, найз нөхдийн хүрээнд бизнес бүтэл муутай гэж боддог. Гэхдээ найз нөхдийнхөө сайн мэддэг бизнес эрхлэх гэж байгаа бол хамтраад ажиллах чадвартай, ирээдүйтэй, зангаа мэддэг, үнэнч, шударга байж чадах найзуудаараа багаа бүрүүлж болно л доо.