Шинэ хандлага: MINT-ийн орнууд

2001 оноос хойш дэлхий дахинд BRIC (Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ) гэсэн дөрвөн орон дэлхийн эдийн засгийн хамгийн хүчирхэг гүрэн болох магадлалтай хэмээн шуугиж эхэлсэн. “Goldman Sachs Asset Management”-ийн дарга асан, нэртэй эдийн засагч Жим Онейл энэхүү тодорхойлолтыг гаргаж байжээ.

Тэрбээр одоо MINT гэх тодорхойлолтыг шинээр гаргаад байгаа аж. Энэ нь Мексик, Индонези, Нигери, Турк гэсэн дөрвөн орноос бүрдэж буй. Эдгээр орон шинээр хөгжиж буй ангилал дундаа хамгийн том эдийн засагтайд тооцогдож байгаа аж.

BRIC-ийн орнуудыг бодвол MINT-ийн орнууд нь харьцангуй шинэхэн гарч ирж буй зах зээл гэдэг нь үнэн. Гэхдээ ирэх хорин жилд эдгээр орны хүн ам, ялангуяа хөдөлмөр эрхлэх насны иргэдийн тоо ихээхэн өсөх магадлалтай юм байна. Энэ нь ДНБ-ий өсөлтөд огцом өсөлтийг авчрах аж.

MINT-ийн дөрвөн орон нь хөгжиж буй орнуудын, тэр дундаа, манай хоёр хөршийн атаархлыг ихээхэн хөдөлгөж байгаа гэх. Хэрэв Мексик, Индонези, Турк улсууд хамтдаа хөдөлж чадах юм бол 2003-2008 оны БНХАУ-ын хоёр оронтой тоотой өсөлттэй эн зэрэгцэх боломжтой юм байна.

Дэлхийн банкнаас эдгээр орны ДНБ-ий өсөлтийн талаарх төсөөлөл гаргажээ. 2012 оны байдлаар Мексикийн ДНБ-ий өсөлт дэлхийд 14 дүгээрт, Индонези 16 дугаарт, Турк 17 дугаарт, харин Нигери 39 дүгээрт тус тус орсон байна. Харин 2050 он гэхэд Мексик наймдугаарт, Индонези есдүгээрт, Нигери 13 дугаарт, Турк 14 дүгээрт эрэмбэлэгдэх болно гэжээ.

Мексикийн хувьд АНУ руу нэвтрэх дараачийн гол зах зээл болох аж. Латин Америк руу ч гэсэн нэвтрэх гол гүүр болж өгөх юм байна.

Индонези нь Зүүн өмнөд Азийн зүрхэнд оршдог. Нөгөө талаас БНХАУ-тай гүн гүнзгий харилцаа, холбоотой орон юм.

Туркийн хувьд өрнө, дорнын аль аль хэсэгт хамаардаг. Мөн барилгын салбар нь маш хурдацтай хөгжиж, агаарын тээврийн үйлчилгээнийх нь хамрах хүрээ, чанар ихээхэн сайжирч буй.

Харин Нигери улсын хувьд одоохондоо энэ гурван оронтой адилтгах зүйл хараахан байхгүй. Энэ нь Африк тивийн ерөнхий хөгжил тааруухан байгаатай холбоотой. Гэхдээ цаашид Африкийн орнууд өөр хоорондоо тэмцэлдэхээ зогсоож, худалдаа наймаагаа өргөжүүлж эхэлбэл энэ нь Нигерид хөгжих боломжийг олгох юм байна.