Шинэ хууль мөрөөдөлд хүрэх арга

Манай улсын нэг мөрөөдөл бол яах аргагүй үйлдэвэрлэгч буюу бүтээгч орон болох. Тэгвэл бусад орны жишгээс харахад үйлдвэрлэл хэд хэдэн үе шатаар хөгждөг юм байна. Хамгийн түрүүнд бидэнд үйлдвэрлэлийн хөгжлийн анхны шат болох иргэдээ тансаг биш хэрэглээний хүнс, хувцсаар өөрийн орондоо бүрэн хангах хэмжээний үйлдвэрүүдийг бий болгох хэрэгтэй. Харин үүний тулд бид жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих нь чухал. Гэвч өнөөдрийг хүртэл манай жижиг, дунд үйлдвэрлэл хэтэрхий жижигхэн, татварын дарамтын улмаас өргөжин тэлэх боломжгүй мөн хамгийн их шүүмжлэлд өртдөг байсан. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ талаар “Асуудал бэрхшээл байгаа учраас санал шүүмжлэл гарч байгаа. Тиймээс одоогийн татварын тогтолцоонд өөрчлөлт оруулж, орлого ихтэй нь их төлж, бага орлоготой нь бага төлдөг болох нь шударга ёсонд нийцнэ. Үүний зэрэгцээ улс оронд хэрэгжиж буй төсөл тендэрээс эхлээд бүтээн босголт, баялгийг бүтээхэд томоохон компани, аж ахуйн нэгжүүд бүхнийг хийж, жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд боломж олдохгүй байна. Тиймээс үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд жижиг дунд үйлдвэрлэлүүдтэй хоршин ажиллах нь нийгмийн хариуцлагын нэг илэрхийлэл гэж үзэж Засгийн газар бодлогоор дэмжинэ. Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн олон эх үүсвэрийг төр засгийн зүгээс бүрдүүлж өгсөн. Гэвч барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар зээл жинхэнэ эзэндээ очиж чадахгүй байна” гэсэн удаатай. Тэгвэл энэ байдал алга болох нь ээ.

Өчигдөр буюу энэ сарын 21-нд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга Байнгын хороогоор дэмжигдэж, өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. 1998 оноос хойш шинэчлэгдээгүй уг хуулийг өнгөрөгч сарын сүүлээр Засгийн газар шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барихаар болсон билээ. Уг хууль батлагдвал жижиг, дунд үйлдвэрийнхэнд шинэ боломж гарч ирэх юм.

Хуулийн талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор “Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих талаар сүүлийн хоёр гурван жил түлхүү анхаарч байна. Гэсэн ч хууль эрх зүйн орчин дутуу дулимаг байсан. Харин энэ удаа хуулийг шинэчилсэнээр жижиг, дунд үйлдвэрийнхэнд учрах татварын дарамт буурч байгаа” гэв.

1998 онд батлагдсан хуульд зааснаар 10 сая төгрөгийн орлоготой бол НӨАТ-ыг заавал төлдөг байсан. Харин яг одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн шинэчлэлд зааснаар НӨАТ-ыг 50 саяас дээш орлоготой аж ахуй нэгжүүд төлөхөөр заагджээ. Ийнхүү босгыг өндөр тогтоосон нь жижиг дунд үйлдвэрлэл, томоохон аж ахуйн нэгж хоёрын ялгааг багасгаж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Түүнчлэн тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийг даатгалд хамруулах, шинээр гарч ирж байгааг нь 3-5 жил хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх, уул уурхайг дагасан жижиг, дунд үйлдвэрлэлийг бий болгох гээд олон төрлийн хөнгөлөлт эрсдлээс хамгаалах боломжтой эрх зүйн орчин бүрдэх юм байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Өнөөдөр Монгол Улсад 500 гаруй мянган иргэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, хоолны мөнгөө олж байна. Гэхдээ бид эдгээр иргэдийг хууль эрх зүйн таатай орчноор дэмжээд өгвөл жижиг, дунд үйлдвэрийнхний мөрөөдөл биелж, ирээдүйн томоохон үйлдвэрлэгчид болох боломжтой. Тиймээс энэ талын хуулийг шинэчлэхээр хэлэлцэж байна. Хууль батлагдвал жижиг, дунд үйлдвэрийнхэнд татварын хөнгөлөлтийг тал бүрээр олгоно. Тухайлбал, Та бий болгосон ажлын байраа хадгалж үлдсэн эсэхээс хамаараад зарим нэг татвараас чөлөөлөгдөх боломжтой. Дээрээс нь таны орлого 50 саяас доош бол НӨАТ-аас чөлөөлөгдөх болно. Мөн эдгээр байдлыг харгалзан үзэж таныг үнэхээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гэж үзвэл зээл тусламжид хамрагдах боломжтой болно” гэв.

Одоогоор манай нийт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 20 орчим хувьд нь нүдээ олсон зээл очдог талаар судалгаа бий. Энэ нь жижиг, дунд үйлдвэрийн талаарх тодорхойлолт оновчгүй, ойлголт тааруу байдгаас улбаатай гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл энэ ойлголт хуулийн шинэчлэлээр тодорхой болох аж.