Шувууны ханиад 1.6 тэрбум ам.долларын алдагдалд оруулжээ

БНХАУ-д хоёр долоо хоногийн өмнө гарсан шувууны ханиадын улмаас тус улсын шувууны аж ахуйн салбар 1.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгаа талаар тус улсын Үндэсний шувууны аж ахуйн холбооны мэргэжилтэн мэдээлжээ.

H7N9 вирус хүнд халдварлахаас урьдчилан сэргийлж, иргэдийн дунд газар авах болсон айдсыг намжаах үүднээс олон мянган шувууг устгаж, Шанхай болон Бээжин дэх шувууны фермүүдийг хааж байна.

Харамсалтай нь халдвар авсан шинэ тохиолдол өдөр тутам гарч байгаа юм. Одоогийн байдлаар 14 хүн уг халдварын улмаас амь насаа алдаж, 63 хүн тус вирусээр халдварласан талаар Синхуа агентлагийн ажилтан мэдээлэв.

Зах зээлийн эрэлт хэрэгцээ хэт багасах болсноос бүтээгдэхүүний үнэ буурчээ. Сайн чанарын тахианы нэг кг махыг 16 юаниар борлуулдаг байсан бол одоогийн байдлаар дөрвөн юань болж буурсан талаар Шувууны аж ахуйн холбооны албаны хүн БНХАУ-ын өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тус улс шувууны аж ахуйгаараа АНУ-ын дараа буюу хоёрдугаарт ордог аж. Шувууны аж ахуй нь хамгийн хурдацтай өсч буй махны салбар юм.