Шууд худалдааны цахим платформ нээгдлээ

Mongolian Economy
2022-07-29 10:38:29
Ангилал: Мэдээ
Монгол-Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын Нинься Хотон үндэстний Өөртөө Засах Орны Худалдааг дэмжих хороо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон БНХАУ-аас Монгол Улсад Хөрөнгө Оруулагчдын ЗУН-ХУА Нийгэмлэг хамтран БНХАУ (Нинься) – Монгол Улсын хил дамнасан шууд худалдааны платформын нээлт болон ААН-үүдийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг зохион байгууллаа.
Цахим арга хэмжээнд БНХАУ-ын Нинься Хотон үндэстний Өөртөө Засах Орон болон Худалдааг дэмжих хорооны удирдлагууд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, БНХАУ-аас Монгол Улсад Хөрөнгө Оруулагчдын ЗУНХУА Нийгэмлэгийн тэргүүн Ян Шаочи, МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн, МАОНХолбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Саусгоби Сэндс ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Далангурав, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Ц.Түмэнцогт болон бизнес эрхлэгч, ААН-ийн төлөөлөл нийт 130 гаруй хүн оролцлоо.
МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн “Хил гааль хаалттай, бизнес эрхлэгчид харилцан зорчиж нүүр тулан уулзах боломжгүй байгаа өнөө үед худалдааны платформыг байгуулах нь нэн чухал асуудлуудын нэг” гэдгийг онцлоод өнөөдрийн арга хэмжээний үр дүнд хоёр улсын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.
Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдэд зориулсан энэхүү шууд худалдааны платформ нь Монгол-Хятад-Англи хэлний сонголттой бөгөөд нийлүүлэгч-худалдан авагч талууд шууд холбогдож захиалга хийх, түүнчлэн гаалийн бүрдүүлэлт, тээвэр логистик зэргийг багтаасан худалдан авалтын цогц системийг ашиглан бараагаа хаана, аль шатанд явааг хянах боломжийг мөн бүрдүүлсэн байна.

Mongolian Economy