Шуурга сөрөгсөд

Уул уурхайн салбарт тулгамдаж буй топ 10 эрсдэлийг “Ernst &Young Mongolia” компанийн гүйцэтгэх захирал М.Уянга олон улсын хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2012” чуулга уулзалтын үеэр тодорхойлсон юм. Тус салбарт тулгамдаж буй олон улсын бизнесийн эрсдэлд ур чадварын дутагдал, зардлын инфляци, нийгмийн зөвшөөрөл, дэд бүтцийн хүртээмж, нөөцийн нийгэмчлэл зэрэг эрсдэл багтаж байгаа аж. Түүнчлэн энэ онд үр ашгийг хуваарилах гэсэн шинэ эрсдэл орж ирсэн байна. Тэгвэл Монголын уул уурхайн салбарт хамгийн том эрсдэл бол улс төрийн орчин, түүнээс гарч буй гэнэтийн хууль, тогтоомж болохыг Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба тэмдэглэсэн юм. Тиймээс уул уурхайн салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж ойлгомжтой, тодорхой, судалгаа тооцоонд үндэслэсэнн байх ёстой гэв. Цаашдаа Монгол улс зөвшөөрлийн системээс бүртгэл, захиргааны байгууллагаас үйлчилгээнд шилжих хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхлыг Д.Дамба учирласан юм.

Чулуун зэвсгийн үеэс л хүн төрөлхтөн уул уурхайг эрхэлж, түүнтэй аж амьдралаа холбох болсон байна. Өнөөдөр хүн амьдралынхаа хугацаанд дунджаар 200 гаруй тонн нүүрс, 175 мянган тонн түлш, 555 тонн шохойн чулуу, 50 тонн төмрийн хүдэр, дөрвөн тонн цайр хэрэглэдэг гэсэн статистик тоог Австралийн нэгэн судалгааны байгууллагынхан гаргажээ. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар дэлхийн хүн ам жилдээ 0.8 хувиар өсөх бөгөөд үүнтэй зэрэгцэн ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний эрэлт 2.4 хувиар ихсэх гэнэ. Тиймээс хүссэн хүсээгүй эрэлт хэрэгцээ буй учраас хайгуулын ажилд хөрөнгө зарах шаардлага урган гарах болсныг “Шуурга сөрөгсөд” тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар улам л сонирхолтой болж байгаа ажээ. Уул уурхайн үйлдвэрлэл хайгуулаас эхэлж, түүний дараагаар нөөцөө үүцлэх, бүтээгдэхүүнээ олборлох үе шат өрнөдөг байна. Үүнийг уул уурхайн нөхөн үйлдвэрлэлийн дамжлага гэж “Эм Аи Эйч” группын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тайлбарлав.

1000:300

Уурхайн нөхөн үйлдвэрлэлийн дамжлага нийт хөрөнгө оруулалтыг “уусны ” дүнд сая үр ашгийн тухай бодох чөлөөг уурхайчдад олгодог байна. Монголын Оюутолгой, Тавантолгой шиг томоохон ордыг олох магадлал 1000 удаа хайгуул өрөмдлөг явуулсны дүнд нэг тохиох аж. Тэгвэл дэлхий нийтээр нөхөн үйлдвэрлэл буюу хайгуулын зардалд зарцуулж буй мөнгөний хэмжээ жил бүр өссөөр байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь өндөр эрсдэлтэй учраас хувийн хөрөнгө оруулалтыг тус салбарт татахын төлөө дэлхийн орон бүр өрсөлдөх болжээ. Өөрөөр хэлбэл, Олимпын алтан медальтай зүйрлэж болохоор.

“Монгол улс 2004 онд дэлхийн хайгуулын салбарт зарцуулж буй нийт зардлын дөрвөн хувийг татаж чадсан” хэмээн “Эм Аи Эйч” группын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Discover Mongolia-2012” чуулга уулзалтын үеэр “Эрдсийн нөөцийн нөхөн үйлдвэрлэлийн туршлага” илтгэлдээ онцлов. Тэгвэл 2004 оноос хойш манай хайгуулын салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт саарсаар байгаа аж. Хэдий өндөр татвар, хууль эрх зүйн таагүй орчин дэлхийн хөрөнгө оруулагчдыг хүрээлсэн боловч тус салбар өнгөрсөн онд 18 тэрбум ам.долларыг зөвхөн хайгуулын ажилдаа зарцуулжээ. Дэлхийн нөхөн үйлдвэрлэлийн дамжлага буюу уурхайг олж нээх хайгуулын ажилд зориулж буй дээрх хөрөнгө Канад, АНУ, Мексик, Австрали, Африкийг зорьсоор. Энэ нь тус хөрөнгө оруулалтыг урвуулах бодлогыг улс орон нь дэмжин явуулж буйтай ч холбоотой аж. Нэг үгээр хэлбэл, зөвхөн Монгол байгалийн баялагтай биш гэсэн үг. Дэлхийн улс орнуудад хайгуул, өрөмдлөгийн ажил нүргэлсээр.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд дэлхий даяар дунд зэргийн хэмжээний орд 412 нээгдэж, түүний 73 нь Австралийнх. Тэгвэл томоохон орд гэж хэлж болохуйц 220 орд ашиглалтад орсон бөгөөд үүний 25 мөн л Австрали тивд багтаж байна. Бүр том гэх, тодруулбал Оюутолгойтой тэнцэх ордын тоо 44-д хүрч, өнөө л Австрали гурван ордынх нь эзэн болжээ. Монголд ийм боломж бололцоо байгааг аль хэдийнэ хөрөнгө оруулагчид олж харсан байна. Уул уурхай дэлхий нийтээр эрчимтэй хөгжсөөр буйн жишээ энэ биз.

Уурхай байгуулахын тулд хайгуулд хамаг хөрөнгөө зарцуулдаг болохыг “Discover Mongolia-2012” чуулга уулзалтад оролцож буй хөрөнгө оруулагчид нуусангүй. Мэдээж хамгийн том боломж цаанаа хамгийн том эрсдэл тээсээр. Тэгвэл хайгуулын нийт зардалын 15-30 хувийг өрөмдлөг эзлэх болж. Тиймээс хайгуулын ажилд иргэдийн татварын мөнгийг оруулдаггүй бөгөөд хувийн хөрөнгө оруулалтыг татах гэж “Шуурга сөрөгсөд” нэлээн зовдог аж. Мөн манайхаас тэс өөр бодлогыг Канад, Австрали явуулж буйд ч гол учир байх шиг. Уурхайчдын эрсдэлийг бууруулах үүднээс геологийн суурь судалгааг улсын төсвийн хөрөнгөөр хийж өгдөг байна. Энэхүү арга хэмжээ нь хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолд илүүтэй нийцдэг тул хөрөнгийн урсгал ийшээ чиглэдэг байна. Төсвийн тодорхой хөрөнгийг хайгуулд зарцуулах нь мянгад нэг буй эрсдэлийг 300-д нэг болгон бууруулдаг аж.

Хуулиар далайлгах төрийн дээрэм

Манайд өнөөдрийн байдлаар “урт нэртэй” хуулийн хүрээнд алтны 250 лицензийг цуцалжээ. Монголд нөхөн үйлдвэрийн дамжлага өндөрлөж, дөнгөж сая ордоо нээх үед улсаас стратегийн орд гэсэн нэрийн дор уул уурхайг хүч түрэмгийлэн өмчилж буй нь хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлөх сэжүүр болсныг олон хүн хэлж буй. Үүнийг хөрөнгө оруулагчид хуулиар далайлгах төрийн дээрэм гэж нэрлээд амжсан байна. Түүнчлэн манай уул уурхайн салбарт хэрэгжиж буй хууль эрх зүйн орчин байнгын савлагаатай явж иржээ. Тухайлбал, Алтны экспортын тухай хуулийг 1998 онд баталж , 2000 онд хүчингүй болгосон. 2006 онд Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг санаачлан баталж 2009 онд хүчингүй болгосон нь Монголын хууль эрх зүйн орчин тогтворгүй гэсэн оношийг гаднынхан өгөхөд хүргэсэн бололтой. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг Монголын уул уурхайн салбарт жинтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж байв.
Өнгөрсөн оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 14.2 хувьд 1900 гаруй лицензийн талбай байгаа аж. Эдгээрт үйл ажиллагаа явуулж буй 264 компани олборлох үйлдвэрийн ил тод байдлын тайлангаа гаргажээ. Үүнд ашиглалтын 350, хайгуулын 556 лиценз гэсэн тоон мэдээ бий. Уг асуудлыг цэгцлэх Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилсэн хувилбараар нь УИХ батална гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Хариуцлагатай хөрөнгө оруулагчдад бид үргэлж нээлттэй байх болно” хэмээн саяхан мэдэгдсэн. Үүнээс түүчээлэн шинэ Засгийн газар уул уурхайн салбарт уян зөөлөн хандахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдад өндөр босго тавиад байхгүй нь гэж дүгнэж болмоор. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сард баталсан Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулинд өнөөг хүртэл ямар ч өөрчлөлт орсонгүй. Үүнийг л “Шуурга сөрөгсөд” чих тавин хүлээж байна.