Шэннон Коулин: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хийх нь гарцаагүй

Sarangerel
2024-01-24 11:06:04
Ангилал: Эрчим хүч

“Монгол Улсын эрчим хүчний салбарын бие даасан байдалд хүрэх замнал” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус хэлэлцүүлгийг АмЧам Монгол байгууллага зохион байгуулсан бөгөөд эрчим хүчний шилжилт, тарифын шинэчлэл, сүүлийн үеийн санаачилга, технологийн дэвшил, эрчим хүчний салбарын цаашдын чиг хандлага зэрэг нэн чухал сэдвүүдийг хэлэлцэв. Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банк, Монгол дахь USAID, Ньюком групп зэрэг байгууллагуудын төлөөлөгч хэлэлцүүлэгт оролцож, салбарын байр суурийг илэрхийлсэн юм.  Мөн сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоо, сэргээгдэх эрчим хүчний их нөөцийг хэрхэн ашиглах боломжтой талаар санал бодлоо солилцлоо.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Төслийн удирдагч Майкл Эллис “Монгол Улс эрчим хүчийг цэвэр аргаар үйлдвэрлэж, зах зээлийн суурь зарчмуудыг хэрэгжүүлснээр эрчим хүчний бие даасан байдалд хүрэхэд ойрхон байна. Зорилгодоо хүрэхийн тулд цаг алдалгүй ажиллах хэрэгтэй” гэж онцлов. Харин Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерөн-Өлзий өнөөгийн эрчим хүчний хэрэглээ өсөлттэй байгааг тэмдэглэж, оргил хэрэглээтэй үеийг давах дотоодын эрчим хүчний эх үүсвэр үгүйлэгдэж байгаа тухай хэлэв. Хэрэглээний өсөлтийг дагаад нийлүүлэлтийг хангах эх үүсвэр шаардлага тулгарсан нь үнэн, нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, цаашлаад үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг хадгалах батарей хураагуурыг байгуулах төлөвлөгөө, ажил хийгдэх хэрэгтэйг мөн онцолсон юм.

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэхдээ “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хийх нь гарцаагүй. Тиймээс одоогийн эрчим хүчний системийг хөгжүүлж, хөрөнгө оруулагч нарын оролцоог хангахын тулд тухайн салбарт зориулсан цогц төлөвлөгөө болон санхүүгийн тогтвортой байдал зайлшгүй шаардлагатай болно” гэв.

Хувийн хэвшлийн төлөөлөл, Нюком группийн Дэд бүтцийн асуудал хариуцсан захирал Д.Ганхуяг “Алсын хараатай бодлого боловсруулж, оновчтой стратеги хэрэгжүүлж чадваас Монголын сэргээгдэх эрчим хүч улсын экспортын гол эх үүсвэр болох боломж ойрхон байна” гэдгийг хурлын төгсгөлд онцоллоо. Хэлэлцүүлгийг хаах үеэр АмЧам Монголын шинэ гишүүн “Дэлхийн Зөн Монгол”, “Ремакс Платин”-ийн төлөөлөгч нарт баяр хүргэж, шинэ гишүүнчлэлийн өргөмжлөл гардуулав.