Ш.Ганхуяг: Нийслэлийн хэмжээнд 15 нэгж талбарыг орон сууцжуулахаар сонгосон

Хүн бүхэн л тохилог, тав тухтай орчинд амьдрахыг хүсдэг. Гэхдээ байрны үнэ тэнгэрт хадаж, зээлийн хүү өндөр байгаа энэ үед орон сууцанд амьдарах нь залуу гэр бүлүүдийн хувьд мөрөөдөл төдий болж байна. Харин энэ мөрөөдөлд гэрэл гялбуулж буй зүйл бол Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилсан Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтэц бүхий тохилог орон сууцтай болгох ажил. Тэгвэл гэр хорооллын иргэд энэ асуудлыг хэзээ, яаж шийдэгдэх бол гэсэн хүлээлт тээж, амины орон сууцтай болох хүсэлтэй байгаа. Энэ талаар Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн захирал Ш.Ганхуягаас тодрууллаа.

-Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл иргэдийн дунд их хүлээлт үүсгээд буй. Бодлогын түвшинд ямар ажил хийж байна вэ?

- Гэр хороололд амьдардаг иргэдийг тохилог орчинд амьдруулахын тулд эхлээд гэр хорооллын иргэдээс асууж, саналынх нь дагуу барилгын компанийхантай холбож өгөх зорилготой байгаа. Ингэхдээ төрөөс тухайн компани ашиг олох, тогтвортой ажиллах бололцоог нь бүрдүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих юм. Үүнд хувийн хэвшил, төр, иргэн гурвын хамтын ажиллагаа чухал. Хотын зүгээс хяналт тавина. Мөн гэр хорооллын иргэдийн эрх ашиг нь хөндөгдөж хохирох ёсгүй. Хэрэв хохирол учирвал тохилог орон сууцанд оруулах эсвэл мөнгөн төлбөр өгөх ч юм уу замаар шийднэ. НЗДТГ-ын зүгээс газар чөлөөлж барилгажуулах, газраа шинэчлэн зохион байгуулах, шинэ суурьшлийн бүс бий болгох, гэр хорооллын доторх зарим хуучирсан барилгыг дахин сэргээх гэсэн дөрвөн үндсэн ажил хийгдэж буй. Он гараад эдгээр дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд хийх ажил, хөрөнгө мөнгө, санхүүжилтийн асуудал тодорхой болно.

-Энэ хүрээнд хамгийн түрүүнд ямар ажил хийж байна вэ?

-Гэр хороолол дахь дахин төлөвлөх нэгж талбаруудыг сонгосон. Ингэхдээ дэд бүтцийн боломж, иргэд болон дүүргийн саналыг сонсож байгаа. Мөн гадаадын олон төсөл хөтөлбөрийг гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөртэй уяж эхлээд байна. Үүний хүрээнд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтарсан гурвалсан уулзалтыг удахгүй зохион байгуулна. Одоогоор Нийслэлийн хэмжээнд 15 нэгж талбар сонгосон. Үүнд 1052 га, 17433 хашаа, 28 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан том газар орсон. Эхлээд зургаан нэгж талбайг сонгож ажиллах юм. Иргэд тухайн талбайдаа юу байгуулахаа өөрсдөө шийдэх юм. Амины орон сууц, хажуугаар нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барих эсэхээ өөрсдөө шийднэ. Тухайн газрын эзэн нь газраа барьцаалж хэрхэн орчноо сайжруулахаа өөрөө шийднэ. Гэхдээ иргэд нэг нэгээрээ газрын асуудлаа шийднэ гэдэг хэцүү. Тиймээс хэсэг бүлгээрээ нэгдэж, зөвлөлөөрөө хэлэлцэж амины орон сууц барих эсэх асуудлаа шийдэх нь зөв гарц.

-Иргэдийн хувьд лизинг, зээлд хамрагдах хүсэл ихтэй. Тэгвэл иргэдэд хөнгөлөлттэй зээл өгөх асуудал хэзээ шийдэгдэх вэ?

-Одоогоор төслийн санхүүжилтийн асуудал тодорхойгүй байна. Ямар ч байсан төр засаг одоо мөнгөгүй гэх зовлонгүй болсон. Гагцхүү мөнгөө хэрхэн зөв зарцуулах чухал байгаа. Бид бүх боломжит хувилбараар хэлэлцэж шаргуу ажиллаж байна. Ямар ч байсан ирэх оны дөрөвдүгээр сарын 15 гэхэд санхүүжилтийн асуудал тодорхой болж, иргэдэд зээл өгөх эсэх, өгвөл ямар хэлбэрээр хамруулах нь шийдэгдэх байх.

-Талбай дээр амины орон сууцны үзэсгэлэн хоёр сарын олон нийтэд нээлттэй байна. Үүнээс ямар үр дүн гарч байгаа вэ?

- Хувийн хэвшлийнхэнийг дэмжих ажлын нэг хэсэг нь талбай дээр ирэх гуравдугаар сар хүртэл үргэлжлэх амины орон сууцны үзэсгэлэн юм. Тиймээс бид хувийн хэвшлээ дэмжиж, иргэдийнхээ санал хүсэлтийг авах зорилгоор энэ үзэсгэлэн, худалдааг явуулж буй. Дээрээс нь өвлийн тэсгим хүйтэнд энэ байшингууд хэр тэсвэртэй, дулаахан байгааг харуулж, байшингаа сурталчлах боломж барилгын компаниудад гарч байгаа юм. Иргэд нь хүссэн үедээ мэдээллээ авч, өөрт тохирох амины орон сууц байгаа эсэхийг судлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэхээр иргэдэд сонголт хийх боломжийг нь өгч байна гэсэн үг. Эдгээр байшин нь гаднаасаа адилхан харагдаж байгаа боловч бүгд өөр, өөр технологиор баригдсан, чанартай, хурдан барих боломжтой, үнэ өртөг нь хямд гэдгээрээ онцлог.