Ш.Магван: Үр хөндөлт, ксевор хагалгааг хязгаарлах ёстой


Монголын олон мянган хүүхдийн хүйн ээжий, анагаахын салбарын луугаруудын нэг эрхэм хүн Шаравын Магвантай ярилцлаа. Тэрбээр орон нутагтаа мянга мянган ээжүүдийг эрүүл саруул амаржуулж, эх үрийн жаргалыг амсуулж яваа буянтан. Амьдралынхаа 40 орчим жилийг энэ салбарт зориулсан тэрбээр үхэл амьдралын дэнсэн дээрээс олон олон хүнийг аварсан ачтан. Алслагдсан бүс буюу баруун аймгуудын нэг Завханаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Магван эмч одоо ч орон нутгийнхаа эмнэлэгт зөвлөхөөр ажиллаж байна. Тэр хөдөөгийн хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсохоор зориг шулуудсан, түүндээ ч хүрсэн эгэл жирийн эмч. Цаг хугацааны эргүүлгэнд замаасаа хазайлгүй, халилгүй орон нутагтаа аж төрж, эхчүүд, ээжүүдээ эсэн мэнд амаржуулахаар нойр хоолгүй зүтгэсэн гавьяатай нэгэн. Хийсэн бүтээснээ даруухнаар өгүүлэх буурал эмчийнхээ энгийн, эгэлхэн яриаг ямар ч нэмэлт хачиргүйгээр уншигчдадаа хүргэе.

Орон нутагт эрүүл мэндийн салбар хөгжиж байна
-Шинэхэн боловсон хүчин томилолтоо өвөртлөөд суманд хуваарилагдаж байсан үеэс яриагаа эхэлье гэж бодлоо.
-Би 1978 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмчээр дүүргэж, Завхан аймгийн Дөрвөлжин суманд хуваарилагдаж байлаа. Намайг сургууль төгсөж байхад сумын хүн эмнэлгийн салбар одоогийнх шиг байгаагүй. Номноос өөр багшгүй, танихгүй газар очиж, хүнд сорилтууд дунд ажлын гараагаа эхэлсэн дээ. Зун наймдугаар сард очсон юмдаг. Дөрвөлжин нэлээн халуун, элсэрхэг, Завхан голын эрэг дээр оршдог сум л даа. Мэдэхгүй чадахгүй зүйл гарангуут номоо л үзнэ. Бүр болохгүй бол аймгийн нэгдсэн эмнэлгээс эмч дуудна. Сүүлдээ ч овоо дадлагажсан. Жил гаруй ажиллаад эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил олгох курст явж, Эх барих эмэгтэйчүүдийн эмч болсон. Удалгүй аймгийнхаа баруун таван сум Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин, Алдархаан сумыг хариуцсан эмэгтэйчүүдийн эмчээр давхар ажилласан. Тэр үед эмэгтэйчүүдийн эмч ховор. Дөрвөлжинд долоон жил гаруй ажиллаад аймаг руу шилжсэн дээ. Анагаахын салбарт 36 жил ажилласан байна. Эхчүүдийн эрүүл энх амьдрах, амаржихад анхаарч, хүний амь насыг аврахын төлөө нойр хоолгүй зүтгэж явсан үеүд надад бий.
-Ямар ч хүн танихгүй газар ажиллана гэдэг хэцүү шүү. Та аль нутгийн хүн юм бэ?
-Завханы Яруу сумынх. Сумандаа ажиллаж үзээгүй. Тэр үед томилолтоор оч гэсэн газар нь л очдог байлаа шүү дээ. Сүүлд аймгийн нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажиллаж байхдаа бүх суманд очиж, үзлэг оношилгоо хийдэг байсан. Дээр үед хүмүүс эмнэлэгт төрөх сонирхол муутай. Болж өгвөл гэртээ төрнө гээд гүрийчихнэ. Гэрийн төрөлт гаргахгүй гэсэн уриа лоозон хүртэл гарч байсан учраас үүний төлөө тэмцэнэ. Харин одоо цаг сайхан болж. Гэртээ төрөх нь бүү хэл сумын төв дээр амаржих нь ховор байна. Хөдөөгийн эмэгтэйчүүд хоёр, гуравдахь шатлалын эмнэлэгт харьяалагдаж, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад орох нь ихэссэн. Одоо төрөх асуудал төлөвлөгөөтэй, эх хүн өөрөө хүссэн үедээ хүүхэд төрүүлж өсгөж байна. Социализмын үед тийм бололцоо байгаагүй. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг маш нарийн заалтаар эмч нарын зөвлөлгөөнөөр оруулж шийддэг байлаа.
-Хөдөөгийн эмнэлэгт төсөв мөнгө бага хуваарилагддагаас эм тариа хүрэлцэхгүй байх нь бий. Үүнээс үүдээд иргэд нийслэлд ирж эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Энэ байдлыг хазаарлах боломж бүрдсэн үү?
-Би хэдэн жил аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн дарга хийсэн болохоор төсөв мөнгөний талаар багагүй судалсан. Нэг үеэ бодвол эмнэлгийн төсөв сайжирсан. Гэхдээ төсөв нэмэгдэхийн хэрээр хэрэглээний зардал өсдөг юм. Эм тарианы нөөц, эрүүл мэндийн даатгалаас авах болон төсвөөс өгөх мөнгө удаж орж ирэхээс эхлээд асуудал бий. Гэхдээ 1990-ээд он шиг мөнгө төгрөгүйн гачлан ард хоцорсон. Эмнэлэг жилийн эцэст байнга өртэй гарна. Намайг ажлаа хүлээж авахад 121 сая төгрөгийн өртэй байсан. Зургаан жилийн дараа би найман сая төгрөгийн өртэй дараагийн хүндээ ажлаа шилжүүлж байлаа. Хүн өөрт байгаа хэмжээгээрээ зардаг. Их өгөөд байвал зараад л байна. Бага өгвөл түүндээ тааруулчихна. Одоо ажаад байхад зөвхөн эмнэлэг ч бус аль ч газарт ийм зүйл байна.
-Аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй ямар асуудал байна. Тоног төхөөрөмж, оношилгоо эмчилгээний аппарат хүрэлцэхгүй гээд зовлон их л байдаг байх.
-Бидний ярьсан яриагүй төсөв хөрөнгийг дээрээс хуваарилж өгдөг. Харин тоног төхөөрөмж нэг үеэ бодвол харьцангуй дээрдсэн. Алсын зайнаас яамны удирдлагуудтай нүүр нүүрээ хараад ярилцдаг болсон. Тийм өрөө тасалгаанаас эхлээд компьютер, эхо аппаратууд бий. Тухайлбал, 3D аппарат хоёр байгаа. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Эмч нар мэргэшиж эхэлсэн. Манайд амаржих газарт л гэхэд эхо, умайн хүзүү, хавдраар дагнасан эмч нар олон бий. Дотрын тасагт гэхэд зүрхний эхо хардаг болсон. Энэ бүхнийг өмнө нь нийслэлд ирж үзүүлдэг байсан бол одоо аймгийн төвдөө эрүүл мэндийн үзлэг оношилгооны олон төрлийн үйлчилгээг иргэд авдаг болсон. Орон нутагт эрүүл мэндийн салбар харьцангуй хөгжиж байгаа шүү.
-Сумын эмнэлгийн хүртээмж, чанар ямар түвшинд байна вэ. Тогоон дотор нь ажиллаж байсан хүний хувьд хэлэх зүйл олон байгаа байх?
-Сумын эмнэлгүүдэд боловсон хүчин хангалттай болж байна. Одоо 1-3 эмч, төдий тооны сувилагч, асрагчтай болоод байгаа. Намайг ажиллаж байх үед тийм байгаагүй. Хүн амын тоо нэмэгдэхтэй зэрэгцэн боловсон хүчний тоо нэмэгдэж байна. Байшин барилга ч олноор баригдаж. Одоо эмнэлэг бие даасан төсөвтэй түүнийгээ захиран зарцуулах эрхтэй болсон. Өрхийн эрүүл мэндийн төв ч мөн адил.
-Сумаас аймгийн төв рүү ирж төрж буй төрөлт хэр их байна вэ?
-Завхан 80 гаруй мянган хүн амтай. Тосонцэнгэл суманд нэгдсэн эмнэлэг бий. Энэ хоёрт иргэд эмчилгээ оношилгоо авах гэж их ирнэ. Сүүлийн жилүүдэд төрөлт ихэсч байгаа. Жирэмсэн эхчүүдийн мэдээлэл тодорхой байдаг. Нийт төдөн эх төрөхөөс төд нь аймгийн төвд зарим нь Тосонцэнгэлийн эрүүл мэндийн төвд болон сумандаа амаржина гээд мэдээллийг ил тод гаргана. Хүн ам олонтой суманд төрөлт харьцангуй их байна. Намайг Дөрвөлжин суманд ажиллаж байхад жилд 60-90 эх амарждаг байв. Харин одоо суманд төрөлт маш бага болсон. Ихэнх нь төрөх дөхөхөөрөө аймгийн төв бараадаж байна. Улиастайд жирэмсэн эхчүүд амардаг найман ортой байр бий.
-Анагаахын салбарт насаараа ажилласан та олон зуун шавь төрүүлсэн байх. Шинэхэн сургууль төгссөн хүүхдүүд ажил дээр гараад л мэргэшиж, сурдаг шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Манай амаржих газрын зөвлөх Нармандахаас бусад нь бүгд надаар заалгасан. Нэгдсэн эмнэлэгт намайг тасгийн эрхлэгчээр ажиллаж байхад миний удирдлаган доор дадлага хийж байсан хүүхдүүд өнөөдөр эмнэлгийн дарга болсон байна. Цаг хугацаа гэдэг хурдан юм.
Өсөлтгүй жирэмслэлтэд эхийн суурь өвчин нөлөөлдөг
-Эрүүл мэндийн салбарт насаараа зүтгэсэн хүнтэй уулзсаных энэ чиглэлийн хуулийн талаар асуулгүй өнгөрч болохгүй нь. Манайх одоо ор хоногоор санхүүждэг тогтолцоогоор явж байгаа. Энэ нь тус салбарын хөгжлийг хойш чангааж байна гэж зарим мэргэжилтэн шүүмжилдэг. Даатгалаа цалингаасаа төлж буй иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах гэхээр ихэнх оношилгоо төлбөртэй. Тэгэхээр бидэнд даатгал төлсний ач тус гарахгүй байна. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бэ?
-Эрүүл мэндийн даатгалд цалингаасаа татвар өгдөг иргэд олон бий. Өгөхгүй нэг хэсэг ч бий. Эмчид үзүүлэх болохоороо шинээр эрүүл мэндийн дэвтэр нээлгээд хүрч ирэх хүн ч байдаг. Хураагдаж буй татварууд хаана төвлөрч, юунд зарцуулагдаад эргээд эзэндээ ирж буйг хянахад хүнд. 10 жил магадгүй түүнээс ч олон жил татвар төлчихөөд нэг ч төгрөгийн эмчилгээ үйлчилгээ аваагүй хүн бий. Нэг талаар тухайн иргэн хохирч байна. Тухайн хүн эмнэлэгт хэвтлээ гэхэд зарим эм тариаг худалдаж авч хийлгэдэг. Ялангуяа нийслэлд ийм асуудал байнга гардаг гэсэн. Уг нь, тухайн хүн жил цалингаасаа эрүүл мэндийн даатгал төлчихөөд эмнэлгийн үйлчилгээ аваагүй бол жилийн эцэст урамшуулал өгдөг баймаар. Эсвэл дараагийн жилд нь хувилж үлдээдэг тогтолцоо байвал зүгээр. Мөн компьютер томографт харуулахад хөнгөлдөг байж болно. Энэ мэт хөшүүргийг бий болгож өгвөл иргэд дургүйцэхгүй нь мэдээж.
-Үр хөндөлтийн асуудалд төр анхаарах цаг болжээ. Нэг гудамж тойроод эмэгтэйчүүдийн эмнэлэг байж, хүсээгүй жирэмслэлт гэсэн шалтгаанаар охид, бүсгүйчүүд алтан саваа буртаглуулж байна. Эмч нар ч хэдэн халтар төгрөгний төлөө “аллага” үйлдэж байна. Үүнийг дагаад эмэгтэйчүүдийн өвчлөл, үргүйдэл гээд олон өвчин үүсч байх шиг. Би үүнд сэтгэл эмзэглэж явдаг юм. Харин та?

-Үр хөндөлтийн асуудалд улс бүр өөр өөрийн өнцгөөс ханддаг бололтой. Манайх чөлөөтэй болгочихсон. Уг нь анх 1980-аад оны сүүлээр Эрүүлийг хамгаалах хуулийг батлах гээд хэлэлцэж байх үед би аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт Тасгийн эрхлэгч байсан. Тэр үед Мөнхөө гуай сайд байв. Үр хөндөлтийг чөлөөтэй болгох тухай уг хуулийн 21 дүгээр заалтад тусгасан байсан. Үүнийг би эсэргүүцэж үгээ хэлж байлаа. Тэгэхэд манайх сая гаруйхан хүн амтай байсан. Хүний олон заавал их зүйл бүтээдэг түүхтэй. Энэ асуудалд хязгаартай хандах ёстой гэж хэлсэн. Гэтэл энэ бол хүний эрх гээд чөлөөтэй болгосон юм. Үүнээс үүдээд эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэсч байна. Мөн эмэгтэй хүний ерөнхий зан ааш, бие бялдарт нөлөөлж эхэлсэн. Эмэгтэй хүний санаа сэтгэл өчүүхэн зүйлд гэмтэж, буртагладаг. Наад захын жишээ дурдахад, аймхай, шантрамтгай, халшрамтгай болох нь бий. Нэг удаа үр хөндүүллээ гэж бодъё. Тэр хүн хүсээгүй учраас ийм замыг сонгож байна. Цөөхөн минут ч гэсэн өвдөлтийг мэдэрдэг. Үүнээс үүдээд тухайн хүний мэдээллийн санд айдас үлдсэн байдаг. Энэ нь ямарваа нэг зүйл дээр ажиглагдах нь бий. Ийм хор урхагтайг нь мэддэг учраас би охид, эмэгтэйчүүдэд үр хөндөлт хийлгэхгүй байхыг зөвлөдөг. Гэлээ ч эцсийн дүндээ тэд өөрийнхөө шийдвэртээ бат зогсдог. Жирэмслэлт, үр хөндөлт залуужиж байна. Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг нэг байр тойроод байдаг болчихож. Харин Завханд ийм замбараагүй, хяналтгүй эм зарж буй тохиолдол байхгүй шүү. Эмч нартаа үзүүлээд тээх нэг нь тээгээд хөндүүлэхээр бол эмнэлгийн орчинд хийгээд явна.

-Өвчлөлийн тухайд?
-Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ эмчилгээ сайн авч байгаа. Эм тарианы хангамж, хүртээмж ч хангалттай болсон. Энэ сайн хэрэг ч үүнийг дагаад мөөгөнцөрийн өвчлөл газар авч байна. Эм, антибиотекийг дур мэдэн хэрэглэж буй нь үрэвслийг дарж байгаа ч мөөгөнцөр үүсгэдэг. Социализмын үед өндгөвчний идээт үрэвсэл их байсан. Харин одоо эрс багасаад байгаа нь дээрх эм, тариатай холбоотой.
-Ксевор хагалгааг та юу гэж үздэг вэ. Энэ мэс ажилбар үр хөндөлт шиг зах замбараагаа алдаад байна.
-Би энэ хагалгааны эсрэг зогсдог хүн. Зах замбараагаа алдсанаас хагархай гэдэсгүй бүсгүйчүүд байхгүй болох нь. Гурван хүүхэд гаргаад дахиж төрөх эрхгүй болно. Амьдрал баян. Үргэлж шулуун дардан байдаггүй юм. 30 хүртлээ гурван удаа ксевор хагалгаагаар төрөөд дахиж амаржих эрхгүй боллоо гэж бодъё. Гэтэл 30, 31 настай байхад хажуудах нь гэнэтхэн өөд болж болно. Дөнгөж 30 гарч байгаа хүн 60-70 хүртлээ ганцаараа явна гэж байхгүй. Хорвоогийн жамаар хүнтэй сууна. Харин нөгөө хүн хүүхэд нэхэж таарна. Энэ талаар бодсон ч ксевор хагалгаа хүсээд байх зүйл биш. Тиймээс би бүсгүйчүүдэд ийм хагалгаа хийлгэхгүй байхыг зөвлөдөг. Зарим нь ойлгодог ч нөгөө хэсэг нь өөрийнхөөрөө шийддэг. Ксевор хагалгаагаар төрсөн хүнийг харахад ил сорви бий. Гэтэл далд сорви ч байгаа. Гоо сайхан болон эрүүл мэндэд маш хортой зүйл. Жамтай юм жамаараа байвал сайхан. Мартамхай, уймраа болно. Бүтэн жил нуруугаар өвдөх бол энүүхэнд шүү дээ.
-Орон нутаг тэр дундаа Завхан аймагт ксевор хагалгаагаар төрж буй эмэгтэйчүүд нийт төрөлтийн хэдэн хувийг эзэлж байгаа бол?
-Ксевороор төрж буй эмэгтэйчүүд олон бий. Эмч нарын дунд “Ксевор хагалгааг хэрхэн багасгах вэ” хэлэлцүүлэг, сургалт явуулмаар байгаа юм. Намайг дээхэн үед семинар сургалтад суудаг байхад Ардын багш Б.Жав ксевор болон өөрөөрөө төрсөн эхчүүдийн дундах эхийн эндэгдэл ямар байгааг судалснаа тайлбарлаж байсан. Түүний судалгаагаар ксевор хагалгаа хийлгэсэн эхийн эндэгдэл олон гарсан байна лээ. Энэ бол социализмын үед хийсэн судалгаа. Харин сүүлийн үед төрж чадахгүй байна гээд яаралтайгаар ксеворт оруулж байна. Энэ арай хэтэрч байгаа юм.
-Савны гадуурх жирэмслэлт сүүлийн жилүүдэд ихэссэн гэх судалгааг холбогдох албаныхан өгч байсан. Энэ юунаас болж байна вэ?

-Энэ бол физиологийн асуудал. Анх жирэмсэн болоход хэвлийн хөндийд үр тогтдог. Хэвлийн хөндийгөөс сав руу ороход зарим тохиолдолд гацаа үүсдэг. Гацсан газраа үржээд томорчихдог. Өөрөөр хэлбэл, сав руу оролгүй өөр эд эрхтэнд наалдаад өсөлт явагддаг. Үүнийг савны гадуурх жирэмслэлт гэж нэрлэж байгаа юм. Ийм жирэмслэлт цөөнгүй гарна шүү. Эрт илрүүлж, оношилж болно.

-Өсөлтгүй жирэмслэлт гэж их ярьдаг болж. Ялангуяа нийслэлд агаарын бохирдлоос үүдээд ийм жирэмслэлт их байгаа гэсэн. Орон нутаг ийм тохиолдол гарч байна уу?
-Ураг хэвийн бойжиж байгаад өсөлтгүй болно гэдэг нэгдүгээрт эхэстэй холбоотой. Эхсийн хоол нь цусан хангамж. Эхийн биеэр гүйж байгаа цус эхэст очно. Ингэхдээ хүний биед хэрэгцээтэй бүхий л элемэнтүүдийг цуглуулна. Ураг эхсээр дамжсан судастай. Тэр судсаар хэрэгцээт тэжээлээ шимж авна. Энэ дунд гажиг үүсвэл өсөлтгүй болно. Хоёрдугаарт бамбай булчирхай, бруцллёз зэрэг өвчин нөлөөлдөг. Сүүлийн үед орон нутгийн эмэгтэйчүүдэд бруцллёз маш их байна. Бруцллёзтэй мал ч хээл хаядаг. Зарим эмэгтэй 2-3 зулбана, юунаас болж буй нь тодорхойгүй байгаад байдаг. Тэр үед би бруцллёз, сүрьеэгийн шинжилгээ өгөөд ир гэдэг юм. Гуравдугаарт зуршсан зулбаа гэдэг зүйл байдаг юм. Хүүхэд тээж байгаад хоёр сар болоод л зулбаад байх. Үүнийг тогтооход хэцүү. Умайн хүзүүний угаар боодог арга бий ч нэмэр болдоггүй.
-Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл түгээмэл болчихож. Үүнд гаж нөлөө байдаг уу. Зарим хүн таардаггүй гэх шалтгаанаар хэрэглэдэггүй юм билээ.

-Гаж нөлөө бараг байхгүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улсаас манайх нийлүүлдэг. Харин тухайн хувь хүнд зохицох эсэх нь харилцан адилгүй байх. Нэг эм бүх хүнд таарна гэж хэзээ ч байдаггүй. Тиймээс өөрт тохирохыг нь сонгож хэрэглэх хэрэгтэй. Хүн энэ талын мэдлэгтэй л байх ёстой. Сургалт сурталчилгааны ажил ч хийвэл зүгээр. Манайхан танхим дүүрэн хүн суулгаж байгаад сургалт явуулна гэж ойлгоод байдаг. Ирдэггүй юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны гэр бүлийг сонирхмоор байна. Олон мянган хүүхдийн хүйн ээжий, эх үрийн ариун нандин холбоог бататгаж яваа ачтаны арыг даана гэдэг амаргүй ажил байх.
-Манайх хүү, охин хоёртой. Гэр бүлийн хүн маань хуульч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Бид хоёр тостой тогоонд хошуу холбож, тоонот гэрт толгой холбоод 40 орчим жил болжээ. Хоёулаа Завхан аймгийн Яруу сумынх. Охин маань аавынхаа мэргэжлийг өвлөөд Улиастайд эмч хийж байна. Хүү маань сэтгүүлч мэргэжилтэй. Одоо хувиараа бизнес эрхэлдэг. Залуу байхад эхчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө нойр хоолгүй зүтгэж байсан. Заримдаа 7-8 хоногоор гэртээ харихгүй, дуудлагаар явна, эмнэлэгтээ хононо, өнжих хэвийн үзэгдэл. Энэ бүхэнд арын албыг хань маань л дааж байсан. Баяр ёслолоор ч мөн адил. Арын албыг сайн дааж ирсний хүчинд би өдий зэрэгтэй явна. Тэр үед одоогийнх шиг гар утас байсангүй.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.