Эгэл хар нүүрсний “оргил цаг” айсуй

Дэлхийн талыг эзэлж явсан хаадын үрс өнөөдөр нүүрсээ үнэд хүргэх талаар тархиа гашилгаж сууна. Бид тал нутгийн уудам цээжинд оршдог, мөн далайд гарцгүй. Зах зээл нь хажууд хэрнээ гуравдагч орны зах зээлийг мөрөөдсөөр. Дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнийн мөчлөгт автах улс маань дахиад олон жил нүүрсээ зарж амьдрах нь тодорхой. Нэг хүнд ногдох нүүрсний хэмжээгээрээ манай гаргийг тэргүүлэх Төв Азийн Монгол минь эгэл хар нүүрсний төрсөн нутаг нь билээ. Аз болж бидэнд нүүрс харамгүй хайрласан.

Нүүрснийх нь таамаг нөөц 173.3 тэрбум тонн. Шинээр нийт 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл олдсон. Тиймээс Монгол Улс Азийн зах зээлд тод мөрөө үлдээхүйц баян орны нэг мөнөөс мөн. Зөвхөн Ази гэлтгүй дэлхийн нүүрсний зах зээлд томоохон тоглогч байх амны хишигтэй улсаа, бид.

Гэвч “эрчим хүчний хаан” гэх нүүрсээ дэргэдэх зах зээлдээ хүргэж чадахгүй байгаа нь сул тал болсоор. Энэ нь нүүрсний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгааг “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран хэлсэн. Уг нь Хятадын нүүрсний зах зээлд жинтэй оролцогч байх боломж бидэнд бий. “Хамар хашааны айл”-даа ийн нүүрсээ борлуулж чадахгүй байгаагаас болж зах зээлээ алдаж буйг салбарынхан хэлдэг. Энэхүү уналт нь төрийн бодлоготой холбоотой болохыг учирлаж ирсэн.

Нүүрс тээвэрлэх төмөр зам хаачив. Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ тухай бараг л наснаасаа олон удаа хэлэлцсэн бас хэрэлдсэн. Хоорондоо талцсан. Мөнгөгүйдсэн. Улстөржсөн. Намаараа унагасан. Бүхэл бүтэн Засгийн газар байгаад ч бодлого нь гацсан. Ээлж дараалсан улс төрийн сонгууль тохиов. Мөн сонирхлын зөрчил гаарсан. Эцэст нь нүүрсээ төмөр замаар бус шороон замаар тээвэрлэх боллоо.

Биднийг ийн хоорондоо “үзэлцэж” байх зуур нүүрсний үнэ навс унаж, зах зээл холдов. Тус салбарт хөрөнгө оруулахаар зэхэж байсан харийнхан “шинэ нутаг” хөөн одлоо. Ингээд эгэл хар нүүрс хэн ч биш болох нь тэр. Гэхдээ найдвар тасарсангүй. Сэтгэл түгшээх таагүй зах зээл итгэл төрүүлэх шалтгаан болсоор 2014 онтой золгов.

Чанарын хувьд Австралийн коксжих нүүрстэй энэ зэрэгцэх Монгол нүүрс өнгөрсөн онд зах зээлд шахагдсан. Үүнийг хил дээрх үнээс харж болох юм. Одоо ч нөхцөл байдал урьдын хэвээр ээдрээтэй үргэлжилсээр. Өөрөөр хэлбэл, зах зээлийн хямд үнэ Монголын брэнд нүүрсийг үнэгүйдүүлсээр шинэ оны босгыг алхууллаа. Тус зах зээлд хүч үзэж буй дотоодын компаниудын өрсөлдөх чадвар суларсаар байгаа. Урд хөршийн нүүрсний зах зээлд “дурлагсад” нэмэгдсээр. Тэдний нэг нь манай хойд хөрш. Оролцогчид олшрох тусам бидний байр суурь ганхсаар.

Нэг:

Монгол Улс Хятадад нэг тэрбум тонн коксжих нүүрсийг 20 жилийн хугацаанд нийлүүлнэ. Ингэснээр 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дунд хугацаанд татах юм. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй дотоодын компаниуд онцгой үүрэг хүлээж буй. 2013 онд БНХАУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үр дүн эгэл хар нүүрсний “хувь заяа”-г хэрхэн өөрчлөх бол. Коксжих нүүрснээс гадна хүрэн нүүрс экспортлох гэрээг ч мөн адил дээрх айлчлалаар баталгаажуулсан. Манай улс энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортолно. Ингэснээр төсөвт 590 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх “үүрэг” хүлээсэн. Үүний гуравны нэгийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” биелүүлэх юм.

Өнгөрсөн онд 28 сая тонн нүүрс борлуулахаас 16 сая тонныг экспортолсон болохыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид хэллээ. 2013 оны эхний 11 сарын байдлаар 28.6 сая тонн нүүрс олборлосон ч дээрх хэмжээг гаргаад байгаа нь энэ. Тэгвэл энэ онд өнгөрсөн оныхоос /бараг/ хоёр дахин илүү нүүрсийг экспортолж чадах болов уу. Үүнийг боломжгүй хэмээн нүүрсний салбарынхан хэлж байна. Тэдний олонх нь хэт өөдрөг төсөөлөл хэмээсэн.

Нүүрсний үнэ дунджаар 40 хувийн уналттай байгаа нь саар мэдээний нэг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Баруун цанхийн нүүрсийг уурхайн амнаас 40 орчим ам.доллар, Зүүн цанхийн нүүрсийг /Чалко компанид/ 35 ам.доллараар нийлүүлж байгааг Уул уурхайн яамнаас мэдэгдсэн. Тэгвэл нүүрсний хувьд энэ он тийм ч таагүй жил байхгүй нь бололтой. Урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч, 300 сая тонн нүүрсний хуримтлал бий болсон ч энэ онд үнэ ялимгүй өсөх гэгээтэй мэдээ сонор мялаав.

Хоёр:

Манай улсын нүүрсний гол худалдан авагч бол БНХАУ. Нүүрс урд хөршийн эрчим хүчний гол эх үүсвэр. Мөн нийт хэрэглээнийх 70 хувийг эзэлж байна. Гэхдээ урд хөрш нүүрсний хэрэглээгээ багасгах “даалгавар” авсан. Олон Улсын хамтын нийгэмлэг цаг агаарын дулаарал, агаарын бохирдолд нүүрсний үйлдвэрлэл сөрөг үр дагавар учруулж байгааг удаа дараа Хятадад сануулж буй. Тиймээс БНХАУ зүүн бүс нутагт нүүрс үйлдвэрлэлийг хязгаарлах. Төвийн бүсэд тогтворжуулах. Баруун бүсэд нээн хөгжүүлэх стратеги боловсруулсан. Ингэснээр 2015 он гэхэд шинээр 100 сая тонн, 50 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадал бүхий томоохон аж үйлдвэрийг тус бүр арвыг барих юм. Эдгээр шинэ үйлдвэр нь Хятадын эрчим хүчний хэрэглээний 65-аас доошгүй хувийг хангах аж. Мэдээж нүүрс шатааж эрчим хүч ялгаруулах үйлдвэрлэл тоогоо нэмэх тусам Монголд ашигтай байх нь гарцаагүй.

Хятадын гадаад зах зээлээс импортлох нүүрсний хэмжээ ирэх онд нийт 230 сая тонн болох төлөвтэй байгаа. Үүнээс 58 сая тонн нь коксжих нүүрс байх тооцооллыг судалгааны байгууллагууд гаргасан байна.

Гурав:

Нүүрс дэлхийн эрчим хүчний анхдагч хэрэгцээний 30, цахилгаан эрчим хүчний 42 хувийг үүсгэгч эх үүсвэр болж байна. Хэсэгтээ л дэлхий нийт нүүрсийг ад үзсэн ч татгалзаж чадахгүй гэдгээ нотлоод буй. БНХАУ эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр байранд орж байгаа. Үүнтэй холбоотойгоор нүүрсний импортын хэмжээ ч тасралтгүй өссөөр ирсэн. Хятад нүүрсний хэрэглээний хэмжээгээрээ Японоос 15, АНУ-аас 8.7 дахин их.

Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том зах зээл болох БНХАУ ирэх жилүүдэд гангийн үйлдвэрлэлээ дэмжихээ илэрхийлсэн. Ингэснээр 2016 он гэхэд дотоодынх нь хэрэглээ 700 орчим сая тоннд ойртох тооцоо байгаа.

БНХАУ-н Эдийн засгийн сургуулийн Нүүрсний эдийн засгийн тэнхмийн захирал Юэ Фубиний үзэж байгаагаар 2015 он гэхэд тэдний нүүрсний жилийн хэрэгцээ улам өссөөр 4.5 тэрбум тоннд хүрэх төдийгүй цаашид ч өсөх хандлага байгаа аж. Хэдий нүүрснээс татгалзаж байгаа ч 2015 он гэхэд нүүрс үйлдвэрлэлийн хэмжээг 3.6 тэрбум тоннд хүргэх зорилт урд хөршийнх.

Дөрөв:

“Дэлхийн нүүрсний хэрэглээ 7.7 тэрбум тонн. Үүнээс 967 сая тонн нь металлургийн буюу коксжих нүүрс эзэлж байна. Тэгвэл БНХАУ дэлхийн нийт нүүрсний хэрэглээний ойролцоогоор тэн хагас /3.4 тэрбум тонн/-ыг хэрэглэжээ. Үүний араас АНУ /нэг тэрбум тонн/, Энэтхэг /585 сая тонн/ тус тус орсон” хэмээн Дэлхийн нүүрсний ассоциацын статистик мэдээлэлд дурджээ.

Өндөр чанарын коксжих нүүрс нь гангийн үйлдвэрийн гол түүхий эд болдог гэдгийг бид мэдэх. Тэгвэл Монголын коксжих нүүрсний гадаад зах зээл нь урд хөршийн гангийн үйлдвэрлэл болоод буй. Хятадад коксжих нүүрсний эрэлт энэ оноос эхлэн өссөөр 2015 он гэхэд 626 сая буюу 50 сая тонноор өсөх төлөвтэй байна. Нөгөөтэйгүүр БНХАУ-ын одоогийн эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа нь нүүрсний ирээдүйг бага зэрэг өөдрөг төсөөлөхөд хүргэж байгаа юм. Эгэл хар нүүрсний “оргил цаг” айсуй.