Эдийн засагт ийм эрсдэл, боломж байна

"Тулах цэг" өгөөч

Уул уурхайн түүхий эдээр “жийрэг” хийсэн эдийн засаг хол явахгүй нь. Хол явсан түүх ч ховор аж. Тэр тусмаа уул уурхайд хэт суурилсан эдийн засагтай орнууд зөвхөн түүхий нүүрсээ арилжаалаад сайхан амьдарна гэвэл энэ мөрөөдөл бололтой. Манайх шиг экспортын хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Энэ нь орлогынх нь ихэнх хувийг бүрдүүлж буй нөхцөлд байнгын эрсдэлтэй нүүр тулсаар байх нь. Өөрөөр хэлбэл, дэлхийн түүхий эдийн зах зээлээс бид улам хамааралтай болж байна.

Байгалийн баялаг байлаа гээд энэ нь шууд баяжна гэсэн үг биш юм. Түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж байж сая ашгийн тухай ярих боломж олдоно. Гэхдээ эрдэс баялаг нэг л өдөр шавхагддаг. Үүнийг үгүйсгэлээ ч үнийн таатай нөхцөл тэр бүр тохиохгүй. “Уул уурхайг түшиглээд хөгжсөн улс дэлхий дээр байдаггүй. Харин өөрсдийгөө тэгж хуурч байгаа улс бол байна" гэж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Эрдэнэбат ярьсан юм.

Хөгжлийн “санхүүжүүлэгч”-ээр уул уурхайг сонгосон, бид. Энэ нь заримдаа хамгийн найдваргүй мөнгө олох хэрэгсэл болж хувирах нь бий. Үүнийг өдгөө нүүрснээс харж болохоор. Цаашилбал “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт “шарх”-ыг сэдрээх аж. Эдийн засагт уул уурхайгаас гадна дахиад хэд хэдэн “тулах цэг” хэрэгтэй байгаа. Тухайлбал, валют олж ирэх хэмжээний өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх. Ингэснээр эдийн засаг хямралтай жилүүдийг ажралтгүй туулна. Түүнээс уул уурхайн хүчээр эдийн засаг өндийхгүй нь. Сэргэсэн ч урт хугацаатай тогтвортой хөгжиж чадахгүй нь.

"Дан дугуй"-тай даваа давахгүй нь

Хэрэглээг дэмжсэн хэврэг эдийн засагтай манай орны хувьд уул уурхай гэх “дан дугуй”-тай даваа давахгүйг өнөөгийн нөхцөл байдал тод харуулж буй. Гэхдээ энэ оныг өнгөрсөн жилтэй харьцуулахад арай л дөмөгхөн байгааг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ. Өнгөрсөн онд 51 мянган ажлын байр шинээр бий болсон. Мөн 20 гаруй мянган өрх орон сууцтай болж, ДНБ 11.3 хувиар өссөн. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуй болон барилгын салбар голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

Төгрөгтэй харьцах гадаад валютын ханш чангарч, Оюутолгойн далд уурхайн санхүүжилт зогссон. Тавантолгойн нүүрс үнэгүйдэж, нэг тонн нь 75 ам.доллараас бууж 30 ам.доллартай тэнцсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 54 хувиар буурч, уул уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөө саарсан. Эдийн засаг хямарч, үйлчилгээний салбаруудад бодитоор нөлөөлөөд эхэлсэн. 2013 онд өсөлт, уналт зэрэгцэж байсныг тэмдэглэе. Тэгвэл 2014 онд эдийн засаг хэрхэх вэ.

Төгрөгийн ханшаа чангалъя гэвэл...

Монголбанкны өөдрөг бус төсөөллөөр энэ онд ДНБ-ий хэмжээ дөнгөж 6-7 хувиар өсөх магадлал байгаа. Ингэснээр үйлчилгээний салбар дахь ажилгүйдэл гаарч, 20 мянган хүний ажлын байрыг хямрал “залгих нь”. Гэхдээ энэ бол хэний ч хүсэх зүйл биш ээ. Тиймээс энэ онд бага зэрэг бүсээ чангалж, өрхийн төсвөө тодотгох хэрэг эзэгтэй нарт гарах бололтой.

Иргэддээ сар бүр 80 тэрбум төгрөг тарааж байсан Монголын эдийн засаг 1780 гэдэг ханш дээр тэнцвэржиж, бага багаар гадаад худалдаагаа засаж байгаа аж. Энэ тохиолдолд импортын худалдаа хийж буй хэн бүхэн алдагдал хүлээх нь дамжиггүй. Импортын хэрэглээтэй нь “торгуулж”, аж ахуйн нэгжтэй хүн хохирч байгаа. Мөн валютын зээлтэй нь алдагдалд орж буй. Харин валютын өсөлт нь дотоодын үйлдвэрлэлд ашигтай төдийгүй баялаг бүтээгчдэд таатай гарцыг нээж байна. Өөрөөр хэлбэл, дотоодын мөнгөн тэмдэгтийн сулрал нь өөрийн улсын бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлдөг аж.

Монгол Улс төгрөгийн ханшаа чанга байлгая гэвэл өөрсдөө үйлдвэрлэх. Үүнээс илүү сайн хувилбар алга. Өнгөрсөн онд манайх гадаад худалдаанаас 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Тэгвэл энэ онд импорт хумигдаж, худалдааны алдагдал урьдынхаас эрс буурах нь. Ингэснээр төлбөрийн тэнцэл сайжирч мэдэх юм. Гэхдээ ам.долларын ханш одоогийнхоос огцом буурахгүй л болов уу.

Юун бодлогын хүү бууруулах

Алтны худалдаа ил тод болсон. Үр дүнд нь Монголбанк энэ онд 10 орчим тонн алтаар нөөцөө зузаатгаж, арилжааны банкууд 800-гаруй сая ам.долларын урт хугацаатай валютыг гадаад зах зээлээс татаж чадвал эдийн засагт нэмэртэй. Дээрээс нь Оюутолгойн далд уурхайн санхүүжилт хөдөлж, царцсан их мөнгө цутгаад ирвэл эдийн засаг “буцална”. Мөн Тавантолгойн нүүрсний үнэ одоогийнхоос бага зэрэг өсөж, экспорт сэргэвэл дахиад л 17 хувийн өсөлт гарахыг үгүйсгэж боломгүй. Түүнчлэн дотоодын үйлдвэржилтийг дэмжсэн хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгжиж, төр төмөр замын төслөө яаравчлах юм бол эдийн засаг өсөлтийн горимд лавтай шилжих биз ээ.

Төвбанкны хувьд ам.доллар орж ирэхийн хэрээр төгрөгийн ханшийг чангалахаас илүүтэй гадаад валютын нөөцөө нэмэх сонирхолтой. Нөөцөө зузаатгаж байж зах зээлд төгрөг нийлүүлэх нь тэдний хувьд эрсдэл багатай. Үүнийг нь улстөрчид хүлээн зөвшөөрч, тэдний мэдэлд төгрөгийг "өгөх" болов уу. Төвбанк ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулахгүй. Ийм таатай боломж ч гарч ирэхгүй байгааг тэд учирлаж байсан. Тэгвэл экпортоос тав, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас мөн таван тэрбум ам.доллар эдийн засагт ороод ирвэл жилийн эцэст ДНБ 10-12 хувийн өсөлтөө хадгалж, ажлын байраа авч үлдэх төсөөлөл бий.

Тэд ингэж хэллээ

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен “Монголын эдийн засгийн өсөлт энэ онд 9.5 хувьд хүрнэ” хэмээн таамаг дэвшүүлсэн. Түүний хэлж буйгаар эдийн засгийн өсөлт цааш үргэлжлэх бөгөөд суурь нөхцөл нь Оюутолгойн үйлдвэрлэл байх аж. Мөн төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцийг Төвбанк зорилтот түвшиндээ ойртуулахын тулд эдийн засгийн бодлогыг чангатгах шаардлагатай хэмээсэн. Харин Дэлхийн банкны зүгээс энэ оны эдийн засгийг тийм ч өөдрөг төсөөлөхгүй байгаа. Гэхдээ тааруу үгс унагасангүй. Тус банкнаас улирал тутам гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймд “Монгол Улсын эдийн засагт төсвөөс гадуурх зарцуулалт болон инфляци дарамт болох эрсдэлтэй” гэжээ.

Боломжоо ашиглая

Эдийн засаг сайжирна. Гэхдээ валют орж ирсэн цагт. Хөгжил ирнэ. Хуримтлал бүрдүүлсэн үед. Ингэснээр үйлдвэрлэл хөгжиж, бүтээмж дээшилнэ. Манай улсын хувьд нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч буй. Иймд үйлдвэрлэгч болох нь нэн тэргүүнд шийдэх асуудал болчихоод байгаа. Тухайлбал, нэхмэл хувцасныхаа 62 хувийг, гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ 41 хувийг, хүнсний ногооныхоо 45.6 хувийг импортоор худалдан авч байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд дурьджээ. Гэтэл дээрх бараа бүтээгдэхүүний түүхий эд Монголд бүгдээрээ байгаа.

Аливаа улсыг юу бүтээж, үйлдвэрлэж байгаагаар хөгжлийг нь хэмждэг. Түүнээс хэр их баялагтай байх нь дараагийн асуудал. Шинэчлэлийн Засгийн газраас энэ онд нэг их наяд төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар зэхээд байна. Энэ мөнгийг импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд арилжааны банкуудаар дамжуулан олгох юм. Хөгжлийг товчлох эх үүсвэр нь үйлдвэржилт аж.