Эдийн засагт өөрт нь найдаад жаахан зай тавиад өг

Төлбөрийн тэнцэл гэдгийг өнгөц харахад “статистик мэдээлэл” гэх техникийн шинжтэй эдийн засгийн асуудал гэж ойлгогддог. Гэхдээ энэ нь макро эдийн засгийн, магадгүй иргэн нэг бүртэй холбоотой хамгийн чухал үзүүлэлтийн нэг байдаг аж. Тиймээс энэ талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхмийн эрхлэгч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Энэ онд манай улсын төлбөрийн тэнцэл их хэмжээний алдагдал хүлээж байна. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Төлбөрийн тэнцэлийн алдагдал нь өнөөгийн эдийн засагт үүсээд байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш чангарсантай шууд холбоотой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ талаар олонтаа бичиж байгаа. Тиймээс энэ удаа асуудлыг арай өөр өнцгөөс харахыг хичээе. Хүмүүс бодохдоо алдагдал гэдэг үг чихнийх нь хажуугаар өнгөрөхөөр л эдийн засаг муудаж байна гэж ойлгоод байх шиг байна. Гэтэл бидний шүтээд байдаг АНУ-ын эдийн засгийн төлбөрийн тэнцэл нь байнга л алдагдалтай гардаг шүү дээ. Гэлээ гээд энэ нь тийм ч муу гэсэн үг биш. Учир нь аливаа зүйл хоёр талтай. Алдагдал мөнхөд үргэлжлэх үү гэвэл үгүй. Учир нь эдийн засагт өөрөө өөрийгөө тэнцвэржүүлэх систем мөнхийн ажиллаж байдаг. Тухайлбал, төлбөрийн тэнцэлд чухал нөлөө үзүүлдэг гадаад худладаанд алдагдал гарвал ханшид шууд нөлөөлнө. Ханш нь өөрөө урсгал тэнцэлээ сайжруулах үр нөлөө авчирдаг. Өнөөдөр төгрөгийн ханш суларсан нь эдийн засагт ямар эерэг үр дүн авчрах талаар бодоод үзье. Хэдийгээр импортоос хараат монголчуудын хувьд төгрөгийн ханш сулрах нь хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг үнэтэй болгож байгаа нь маргашгүй үнэн. Гэвч нөгөө талдаа төгрөгийн ханш сулрах нь гадаад хүмүүст ам.доллар, юань зэрэг валютыг илүү олон төгрөгөөр солих боломж бий болгож байгаа юм. Ингэснээр тэдний хувьд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн харьцангуй хямд болж, манай экспортын бүтээгдэхүүний эрэлт гадаад зах зээлд өснө. Энэ нь гаднынхны нүдээр манай бүтээгдэхүүн илүү хямд байна гэх хүлээлтийг бий болгодог. Ийм үед Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний эрэлтийг өсгөх боломжтой болох юм. Харин манай улсын иргэдийн хувьд төгрөгөөр цөөн юань худалдан авна гэсэн үг. Цөөхөн юань худалдаж авч байгаа бол Хятадаас бид цөөхөн бараа худалдаж авна. Энэ нь монголчуудад импортын бүтээгдэхүүнийг дотоодын бүтээгдэхүүнээр орлуулах шаардлагыг мөн бий болгож байгаа юм. Тийм болохоор төгрөгийн ханш сулрах нь дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг гэдэг. Нөгөө талаар бид их азтай. Манай улсын эдийн засаг жижигхэн болохоор төгрөгийн ханшийг хэт сулрууллаа гэх шүүмжлэлээс холуур байдаг. Гэтэл урд хөршийг зохиомлоор ханшаа сулруулж байна гэж АНУ шүүмжилж байсан удаатай. Учир нь өнөөгийн төгрөгийн сулралтай дүйцэх хэмжээний сулралыг юань дээр хийвэл юу болох вэ. Юанийн ханш огцом сулрах нь Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хямдхан болгоно. Ийм үед АНУ, Европ гээд бусад улсын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэтэй болох учраас борлогдохгүй. Энэ нь тэдгээр улсын эдийн засагт шууд нөлөөлнө. Тиймээс том эдийн засагтай орны мөнгөн тэмдэгтийн ханш сулрах нь бусад улсад тийм ч таатай байдаггүй.
-Гэхдээ манай улс урд хөрш шиг үйлдвэрлэгч орон биш. Өөрөөр хэлбэл, импортын бүтээгдэхүүнийг орлуулах дотоодын бүтээгдэхүүн байхгүй шүү дээ. Энэ үед бид яах ёстой вэ?
-Төгрөгийн ханш сулрах нь нийт эрэлтийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр ханшийн өөрчлөлтийг заавал муу талаас нь харах хэрэггүй гэдгийг дээр дурдлаа. Гэхдээ чиний хэлээд байгаа нөгөө талыг нь бид мартаж болохгүй. Тэр нь нийлүүлэлтэд гарах хүндрэл юм. Хэрвээ дотоодын үйлдвэрлэгчид импортын бүтээгдэхүүнийг түүхий эдээр ашиглаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол өнөөгийн төгрөгийн ханш сулрах нь тийм ч таатай зүйл биш. Импортоос хараат дотоодын үйлдвэрлэгч нар ийм нөхцөлд бүтээгдэхүүний үнийг нэмэхээс аргагүй болно. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш сулрах нь дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, иргэд өөрийн орны хямдхан бараа бүтээгдэхүүн хэрэглэх учиртай эдийн засгийн онол орвонгоороо өөрчлөгдөнө гэсэн үг. Тэгвэл бид яах вэ. Асуултын хариулт нь яг ийм нөхцөлд таарсан төрийн цэцэн бодлого хэрэгтэй. Тухайлбайл, төрөөс импортын түүхий эдээс хамааралтай дотоодын үйлдвэрлэгчдэд түүхий эдийг нь хямдхан авах боломжийг нь бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Тэгж чадвал нөгөө яриад байдаг төгрөгийн ханш сулрах нь дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих хөшүүрэг болох юм. Ингэж чадвал бид үйлдвэрлэг орон болж чадна.
-Төлбөрийн тэнцлийн алдагдалд гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулагчид шууд нөлөөлдөг. Гэхдээ нөгөө талдаа иргэдийн оролцоо ч байдаг гэдэг. Энэ талаар та тайлбайрлаж өгөхгүй юу?
-Өнөөдөр манайхан төлбөрийн тэнцлийг харахдаа нүүрсний экспорт нэмэгдсэн эсэх, гадаадын хөрөнгө оруулалт буурсан буураагүй гэж хардаг, ярьдаг, хууль баталдаг болчихоод байна. Гэтэл нөгөө талыг нь буюу хэрэглэгчийн талын нөхцөлөө бараг тоодоггүй. Яг үнэндээ гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд нөлөөлдөг чухал зүйл бол иргэн Доржийн орлого, худалдан авах хүсэл сонирхолтой холбоотой. Хэдхэн жишээ дурдаж болох юм. Манай орны хувьд худалдааны түнш орнуудтайгаа харьцуулахад инфляцийн түвшин харьцангуй өндөр байна. Тухайлбал, Монгол 9.4 хувийн инфляцитай байхад ОХУ 6.5, БНХАУ 2.6 хувийн инфляцитай байгаа. Бусадтай харьцуулахад өндөр инфляцитай байгаа манай улсын дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн илүү өндөр үнэтэй гарч эхэлдэг. Тиймээс хэрэглэгчид буюу иргэд маань илүү хямд бүтээгдэхүүн худалдан авах шийдвэр гаргана гэсэн үг. Энэ нь нөгөө инфляци багатай орноос оруулж ирж байгаа импортын барааны эрэлтийг нэмэгдүүлдэг. Энэ бол эхний асуудал. Харин дараагийн чухал зүйл бол ДНБ нэмэгдэх тусам иргэдийн бодит орлого нэмэгддэг. Энэ нь гадаад худалдаа, нөгөө төлбөрийн тэнцэлд ч бас нөлөөлдөг. Урд, хойд хөрштэй харьцуулахад манай ДНБ өсөлт хэд дахин илүү байна. Орос улсад 3.4 хувьтай байгаа ДНБ-ий өсөлт Хятадад 7.8, дэлхийд 2.2 хувийн өсөлттэй байна гэх судалгаа бий. Гэтэл манай ДНБ-ий өсөлт 12.4 хувьтай байна. Орлого өсөх сайн биз дээ. Манай эдийн засаг хурдан өсөөд орлого нэмэгдээд дотоодын бүтээгдэхүүн өслөө гэх мэдээг иргэн бүр баяртайгаар хүлээж авдаг. Гэтэл энэ чинь цаанаа шууд бусаар импортын бараа бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж байдаг. Учир нь иргэдийн орлого нэмэгдэх тусам худалдан авах чадвар өндөр болох нь мэдээж. Ийм үед нөгөө л импортын барааны эрэлт бас л өснө. Энэ нь нөгөө урсгал тэнцэл дээр гадаад худалдааны алдагдалыг нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс иргэдтэй төлбөрийн урсгал тэнцэл шууд ба шууд бусаар хамааралтай. Ер нь хувь хүн дээр гардаг худалдан авах хүсэл сонирхол, орлогын өөрчлөлтийг томоор нь харвал эдийн засагт ямар хүчтэй гэдгийг олон зүйлээс харж болохоор байдаг.
-Таны бодлоор цаашдаа валютын ханш ямар байх бол.
-Судалгаа тооцоотойгоор хэлэх хэрэгтэй. Хувийнхаа зүгээс хэлэхэд ерөнхийдөө ханш тогтворжих байх. Эрс бууралт гарахгүй л болов уу. Ер нь эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулдаг. Өөрийнх нь эд эс ажиллаж байдаг гэдгийг дээр дурдсан жишээнээс харж болно. Ханш өсөхөөр иргэд яах вэ, экспорт импорт хаа хүрэх вэ гэдэг нь ойлгомжтой байдаг. Тийм учраас эдийн засагт өөрт нь жаахан найдаад зай тавиад өгөөч гэж хэлмээр байна. Төгрөгийн ханш мөнхөд сулраад байхгүй. Экспорт нэмэгдээд ирэхээр манай зах зээлд гадны валют ихээр ороод л ирнэ. Тэгэхээр буцаад л буурна. Тийм учраас эхний ганц нэг өөрчлөлтийг хараад эдийн засгийг бүхлээр нь дүгнэж, өөрчлөх гэвэл улам муутгах эрсдэл байдаг.