Эдийн засагчид төсвийн төслийг ингэж дүгнэж байна

Монгол улсын ирэх оны төсөв хэр сайн тооцоо судалгаатай, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан. Төсвийн урсгал болон нийт зарлага эдийн засагт дарамт үүрүүлэх үү. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ирэх оноос хэрэгжинэ. Тэгвэл ирэх оны төсөв тус хуулийн шаардлагыг хангаж чадсан уу. Ирэх оны төсвийн орлого бүрдэх боломж бий юү. Монгол улсын төсвийн сул болон давуу талыг тэд ингэж нэрлэлээ.

Л.Амар: Ирэх оны төсвийг 28 хувийн өсөлттэй байхаар боловсруулсан

/Азийн хөгжлийн банкны эдийн засагч/

-Мөчлөг дагасан төсвийн бодлогоос шалтгаалж эдийн засгийн өртөмтгий байдал нэмэгдээд байна. Монгол улсын эдийн засаг урьд урьдынхаас илүү урд хөршийнхөө эдийн засгийн нөхцлөөс хамааралтай болж байгаа. Сүүлийн жилүүдэд экспортын 90-ээс дээш хувь нь зөвхөн БНХАУ-ыг чиглэсэн байна. Дэлхийн нөлөө бүхий эдийн засгуудад сүүлийн жилүүдэд учирч буй хүндрэлүүд БНХАУ-ын экспортын орлогод сөргөөр нөлөөлснөөс тус улсын эдийн засгийн өсөлтийн хурдац саарч энэ онд 7.7 хувийн өсөлттэй гарах төлөв ажиглагдаж байна. Сүүлийн 10-аад жил 10 орчим хувийн өсөлттэй байсан эдийн засгийн хувьд энэ нь харьцангуй удаан өсөлтөд тооцогдож байгаа юм. Дараа онд ч өсөлт төдийлэн сайжрахгүй дүр зураг харагдаж байгаа энэ үед Монголын эдийн засаг уналтад орох магадлалтай байгаа юм. Гуравдугаар улирлын байдлаар ДНБ-ий жилийн өсөлт 5.6 хувьтай гарсан нь өнгөрсөн жилийн өсөлтөөс гурав дахин буурсан үзүүлэлт болж байна. Төсвийн тэлэх бодлогоос шалтгаалан эдийн засаг цаашид удаашрахаас сэргийлэх нөөц хуримтлуулж чадаагүй юм. Угаас өөдрөг тооцоололтой төсвийн орлогын бүрдэлтэд экспортын орлогын 40-өөс дээш хувийг бүрдүүлэх болсон нүүрсний экспорт сүүлийн улирлаас огцом буурах болсон зэрэг нь нэрмээс болж, улсын сан хөмрөг бэлэн мөнгөний хүндрэлд орох нөхцөл бий болоод байна. 2013 оны төсвийн төслийг энэ оныхоос 28 хувийн өсөлттэй байхаар боловсруулсан байна. Энэ оны төсвийг 2011 оны төсвийн орлогыг 48 хувийн өсөлттэй баталсан боловч гүйцэтгэл нь эхний гуравдугаар улирлын байдлаар 11 хувийн өсөлттэй байна. Гүйцэтгэл ийм бага байхад орлогын төсөөлөл хэт өөдрөг мэт харагдаж болох юм. Хэдийгээр Оюутолгой дахь уурхай арилжааны олборлолтоо ирэх оны эхээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа ч татварын урьдчилгаа төлбөрт 250 сая ам. доллар бүрдүүлсэн учир төсөвт хувьд нэмэр багатай байх болов уу.

Мөн үйлдвэрлэл эхэлсэнтэй холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах талтай тул НӨАТ-ын орлогын эх сурвалж багасах талтай. Урт хугацаанд голланд өвчин, баялгийн хараалаас зайлсхийх, эдийн засгийг олон суурьт болгох, өсөлтийг нийтэд хүртээмжтэй, ядуурлыг бууруулах хэлбэртэй байлгахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тууштай хэрэгжилт, улс оронд хуримтлагдаж буй баялгийн тодорхой хэсгийг тусгай санд хуримтлуулах, хадгалах шаардлагатай гэж үзэж байна. Иймээс урсгал зардлыг бууруулж, төсвөөс хийх хөрөнгө оруулалтыг ажлын байр олноор бий болгох, үр шимийг нь нийтээрээ, урт удаан хугацаанд хүртэх салбарууд болох дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролд чиглүүлж, үр нөлөө, чанарыг сайжруулахад анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байна. Өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зорилтод нийгмийн халамжийн бодлогыг дэмжсэн шинэ хуулийн хэрэгжилт мөн голлох нөлөөтэй.

Б.Түвшинтөгс: Бүтээгдэхүүний үнэ буурахад төсөв нэлээд хүндрэлд орох төлөвтэй

/Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал/

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ирэх онд хэрэгжих гэж байна. Тус хуулийн дагуу Засгийн газрын зарлагын өсөлтийг хязгаарлах ёстой. Дээрээс нь төсвийн алдагдалд хязгаар тавих юм. Тиймээс Засгийн газрын зардлаас хамаарсан инфляцийн дарамт саарах болов уу гэсэн хүлээлт байгаа. Төсвийн төслийн танилцуулгаас харахад орлого талдаа нүүрсний экспортын дүн нэлээд өндөр тавигдсан байна. Нүүрсний үнэ өнөөгийн түвшинд хадгалагдвал төлөвлөгөө тасарна гэсэн үг. Ерөнхийдөө эрдэс баялгаас хэт хамааралтай байдал хэвээр байгаа өнөө үед эдгээр бүтээгдэхүүний үнэ огцом буурахад төсөв нэлээд хүндрэх төлөвтэй байна.

Б.Мөнхсоёл: Тогтвортой байдлын зарим шалгуур үзүүлэлт алдагдах магадлалтай

/Нээлттэй нийгэм форумын эдийн засгийн менежер/

-Энэ оны төсөв урьд жилийн төсвөөс ихээхэн онцлогтой гэж үзэж байгаа. Учир нь ирэх оноос Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тиймээс ирэх оны төсөв Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дөрвөн гол шаардлагатай нийцэх болов уу гэж харж байна. Тус хууль хэрэгжих болсноор макро эдийн засагт гарах төсвийн хүндрэл саарч, эдийн засгийн эрсдэл буурах боломжтой. Өөрөөр хэлбэл, илүү ухаалаг зарцуулалттай төсвийг УИХ батална гэж найдаж байгаа. Гэвч төсвийн төслийг хэлэлцэх байдлаас нь аваад үзэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг мөрдөхгүй байх эрсдэл УИХ-д өндөр байна. Уг нь төсвийн төсөл Төсвийн тогтвортой байдлын тухайн хуулийн хязгаарлалтыг багтаах гэж оролдсон, урьд өмнөх жилийнхээс харьцангуй даруулгатай төсвийн төсөл болсон гэж үзэж байгаа. Сангийн яамны зүгээс аль аль талын эрсдэл, хүчин зүйлсээ давхар тооцсон төсөл оруулж ирсэн нь авууштай.

Мөн төсвийн тухай хуулийн 8.4.6 дугаар зүйлийн дагуу Засгийн газар жилийн төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор олон нийтэд мэдээлэх ёстой байдаг. Гэтэл Сангийн Яам Монгол улсын 2013 оны төсвийн саналыг iltod.gov.mn дээр ажлын дөрвөн өдрийн дотор тавьсан боловч түүнийг дагалдах хамгийн гол мэдээ болох 2013 оны төсвийн хууль, түүнд хавсаргах хөрөнгө оруулалтын жагсаалтыг өдий хүртэл олон нийтэд ил тод мэдээлэхгүй байна. Энэ хооронд төсвийн төсөл дараагийн хэлэлцүүлэгт шилжээд даваагаа даваж байна. Төр үнэхээр ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэж, ард иргэдээ төсвийн хэлэлцүүлэгт оролцохыг дэмжиж байна уу, эсвэл энэ нь хий хоосон уриа лоозон байсан уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна шүү.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн төсөл нь энэ оноос сангийн тогтвортой байдлыг хангах дөрвөн тусгай шаардлагад нийцүүлэн төлөвлөж байгаа. Гэсэн ч төлөвлөлтийн аргачлал болон хэлэлцүүлгийн үеийн өөрчлөлтүүдээс болж 2013 оны төсөл эдгээр шаардлагуудын заримыг хангаж чадахгүй болох магадлал байгааг дээр хэлсэн. Тухайлбал, нэгдсэн төсвийн орлогыг “тэнцвэржүүлсэн” журмаар тооцдог байх шаардлага. Энэ шаардлага нь үнийн хэлбэлзлийг тооцох аргачлалыг баталсан бөгөөд түүнд нийцүүлэн гол нэрийн түүхий эдийн ирэх оны үнийг төсөвлөсөн байна. Уг аргачлалаар тооцсон нүүрс, зэс, алтны үнэ нь өнөөгийн байдлаар гаргасан прогнозын үнээс 18-22 хувь доогуур байгаа ч бодит үнэ түүнээс доош орсон тохиолдолд төсвийн орлого хэрхэн бүрдүүлэх талаар төсөөлөл байх шаардлагатай. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх шаардлагатай. Танилцуулсан төсөл нь ДНБ-ий яг хоёр хувьтай тэнцэх алдагдалтай байхаар төлөвлөсөн ч энэ хэмжээ нэмэгдэх хоёр төрлийн бодитой шалтгаан байна. Нэгдүгээрт, ирэх оны ДНБ-ий хэмжээг төсөөлөхдөө энэ оноос 30 хувиар нэмэгдүүлж авсан нь инфляцийн өндөр өсөлттэй жилүүдэд ажиглагддаг өсөлт юм. Гэтэл ирэх онд Монголбанк, Засгийн газар хамтран инфляцийг найман хувьд барих зорилт дэвшүүлсэн нь хэрэгжинэ гэж үзвэл эдийн засгийн бодит өсөлт 20 хувиас давсан байх ёстой болж байна. Эс тэгвэл ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хувь илүү өндөр гарна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар олох орлого төлөвлөгөө бүтэлгүйтэх магадлал мөн бий. Хоёрдугаарт, төсвийн парламентын хэлэлцүүлгийн явцад орлогыг бууруулж, зарлагыг нэмэгдүүлэх өөрчлөлтүүд ихээр хийх магадлалтай байгаа нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлж улмаар зохистой харьцаа алдагдахад хүргэж байна.

Б.Батжаргал: Төсвийн бодлогын алтан зарчмаас хазайсан

/Эдийн засагч, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга асан/

-Макро эдийн засаг талаас нь аваад үзвэл ирэх жилүүдийн нөхцөл байдал өөдрөг байх чиг хандлага харагдаж байгаа. Зөвхөн экспортын бүтээгдэхүүний үнэ унаснаас болж манай бүх зүйл уруудчихгүй. Гол нь төлбөрийн тэнцэл, төсвийн тэнцэл хоёроо ажиглах хэрэгтэй. Энэ хоёр үзүүлэлт нааштай байгаа. Манай ДНБ-ийн үйлдвэрлэл өөрөө өсөж байгаа. Тэр нь эдийн засгийн хөдөлгөгч хүч болж байгаа. Тэр утгаараа ирэх жилүүдийн макро эдийн засгийн төлөв байдал нааштай байх болов уу гэж төсөөлж байна. Төсвийн шинэ хууль батлагдсанаас хойш анх удаа орон нутгийн төсвийн төлөвлөлт шинэ арга, аргачлалаар хийгдэж байна. Энэ утгаараа аймаг болгонд төсөв дээр нь 8-9 тэрбум төгрөг нэмэгдэж очно. Үүгээрээ өөрсдийнхөө хөрөнгө оруулалтын шинжтэй тулгамдсан асуудлах шийдэх боломж бүрэн бүрдэж байгаа. Санхүүжилтийн хувьд төвлөрөл сааруулах харилцаа амьдрал дээр хэрэгжиж байгаа үе байна. Санхүүгийн эрх мэдэл дээшилж байгаа ч зэрэгцээд хариуцлагын асуудал өндөрсөх ёстой болов уу. Хоёрт, төсвийн хөтөлбөрөөр төлөвлөсөн байна. Бодлогын мөнгөтэй холбоо байгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн арга хэлбэрээр төсвийн төлөвлөлтөө хийсэн нь онцлог болсон байна.

Сул тал нь өр огцом нэмэгдсэн байна. Энэ нь манай улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөх талтай. Хэдийгээр хөгжлийн эдийн засаг талаас нь үзвэл Монгол улс зээл авч хөгжих нь зайлшгүй боловч зохих түвшинд өсгөх, огцом өсгөх үү гэсэн бодлогын сонголтыг ухаалаг хийх нь зүйтэй болов уу. Хоёрт, төсвийн нийт алдагдал 756.2 тэрбум төгрөгийг бүгдийг нь Засгийн газрын бонд гарган санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Гэтэл 756.2 тэрбумын 421.8 тэрбум нь өмнөх онуудад гаргасан бондын буцаан төлбөрт зарцуулахаар тооцсон байгаа нь анхаарал хандуулах ёстой асуудал юм. Миний санахаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол улс хэзээ ч өмнөх зээлээ дарахын тулд зээл авч байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, бусдаас авсан зээлээ өөр зээлээр санхүүжүүлэх гэж байна. Энэ нь сайн зарчим биш. Төсвийн бодлогын алтан зарчмаас хазайсан гэж үзэж байна.

Ш.Алтанцэцэг: Төсвийн тогтвортой байдлын тухай хууль эрсдэлийг бууруулах боломжтой

/Дэлхийн банкны эдийн засагч/

- Оюутолгой, Тавантолгой уурхайн олборлолт эхэлж, эдийн засгийн өсөлт 10 хувиас дээш хувиар хэмжигдэн, экспорт, төсвийн орлого тогтвортой өсөх төлөвтэй байгаа учраас Монгол улсын эдийн засгийн төлөв дунд хугацаандаа өөдрөг байна. Гэвч эдийн засаг ойрын үед томоохон эрсдэлтэй тулгарч болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй. Өнгөрсөн долоо, наймдугаар сард экспортын орлого огцом багассан нь үүний илрэл. Эдгээр эрсдэл нь дэлхийн эдийн засгийн төлөв байдал тодорхой бус, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, өнгөрсөн гурван жилд Монгол улсын төсвийн бодлого мөчлөг дагасан шинжтэй байж, төсвийн зарлагыг ихээр өсгөж, инфляцийг хөөрөгдсөнтэй холбоотой юм.Нэмээд таваарын бүтээгдэхүүний үнийн цочрол үүссэн тохиолдолд гадаад худалдааны болон төсвийн тэнцлийг богино хугацаанд доройтуулж болзошгүй. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж буй ирэх оны нэгдсэн төсвийн төсөл нь төсвийн зарлагыг хязгаарлаж, ирэх оноос хэрэгжих Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэх замаар эрсдэлийг бууруулах боломжтой. Төсвийн орон зай ойрын үед хязгаарлагдмал байх бөгөөд Засгийн газар ТТБХ-иар тогтоосон тусгай шаардлагыг хангахад төсвийн зарлагын өсөлтийг ихээхэн хязгаарлах хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье гэж байгаа бол Хөгжлийн банкаар санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг төсөвт оруулж тооцох хэрэгтэй. Хөгжлийн банк бол төсвийн тусгай сан биш.