Эдийн засаг өсч, инфляци буурна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн төсвийн байгууллагын урсгал зардал, орон тоог нэмэгдүүлэхгүй, төсвөөс олгох татаас, урамшууллыг хавтгайруулан олгохгүй байх, улсын төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг “Чингис бонд”, Хөгжлийн банк, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж буй хөрөнгө оруулалттай уялдуулан оновчтой тогтоох зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь урт хугацаанд макро эдийн засаг, төсвийн тодорхой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг дэмжихэд чиглэх аж. Зэс, алтны ордуудын үйлдвэрлэл нэмэгдэж, газрын тос, төмрийн хүдрийн олборлолт өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх аж. Улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжсэнээр эдийн засаг энэ онд 16 хувиар өсөх төлөв гарчээ. Харин инфляцийн түвшинг дунд хугацаанд харьцангуй тогтвортой, 2014-2016 онд зургаа орчим хувьд байлгахаар тооцжээ.

Дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогыг тодорхойлохдоо Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүдийг тооцож, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр дунд хугацаанд үе шаттай бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, цалин тэтгэвэр, тэтгэмжээс бусад урсгал зарлагын өсөлтийг хязгаарлан эрэлтээс шалтгаалсан инфляцийн хөөрөгдлийг бий болгохгүй байхыг зорьжээ.