Эдийн засгийн дархлаа сайжирна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг авч хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал гишүүдэд танилцуулга хийж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдалд үндэслэн шаардлагатай зорилтуудыг дэвшүүлсэн гэв.

Ирэх онд Монголбанк инфляцийг бууруулах, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад эдийн засгаас хамаарах хамаарлыг багасгах, эдийн засгийн дархлааг сайжруулахад бодлогоо чиглүүлэх юм байна.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонх нь Монголбанкны инфляцийг бууруулах, санхүүгийн салбарыг бэхжүүлэх, бодит секторыг дэмжих чиглэлээр энэ онд хэрэгжүүлсэн бодлого нь дотоодын эдийн засагт үүссэн хүндрэлийг саармагжуулж, санхүүгийн болзошгүй хямралаас сэргийлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж онцлов.

Мөнгөний бодлогын төсөлд инфляцийг ирэх оны эцэс гэхэд найман хувь, 2015-2016 онд долоон хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах зорилт тавьжээ. Үүний үр дүнд дунд хугацаанд макро эдийн засаг тогтвортой байх нөхцөл бүрдэх аж.