Эдийн засгийн салаа зам

Монгол Улсын эдийн засагт тулгамдаад буй асуудал болоод боломжит шийдлийн талаар залуу мэргэжилтнүүд үзэл бодлоо солилцлоо. “Эдийн засгийн салаа зам” гэх тус хэлэлцүүлэгт “MIH” группын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, “Мандал женерал даатгал” компанийн ерөнхийлөгч Ө.Ганзориг, эдийн засагч нийтлэлч Д.Жаргалсайхан, МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийн багш Ч.Хашчулуун нар урилгаар оролцсон юм.
Хөрөнгө оруулалт буурсан, эдийн засаг хөрсөн, нүүрсний үнэ навс унасан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, эдийн засагчид ярьж байгаа ч энэ удаа тус уулзалтад уригдсан эдийн засагчид арай өөр өнцгөөс харахыг хичээлээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын орчин муудсан нь хууль эрх зүйн тогтвортой байдалтай холбоотой ч Монголын хэвлэл мэдээлэл тэр бүү хэл, иргэдийн зүгээс ирж буй буруу хандлагатай холбоотой гэнэ. “Мандал женерал даатгал” компанийн ерөнхийлөгч Ө.Ганзориг “Гаднын хөрөнгө оруулагчид Монголын хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээ нэг бүрийг алгасалгүй харж, дор нь бичсэн сэтгэгдэлийг уншиж байдаг. Гэтэл өнгөрсөн оноос эхлээд л эдийн засгийн уур амьсгалыг муутгасан мэдээ, нийтлэл гарч тэр хэмжээгээр уншигчдын буруу хандлага бүхий сэтгэгдэлүүд олширсон. Энэ нь нэг талаар хөрөнгө оруулалт саарахад хүргэсэн” гэв. Тиймээс эдийн засгийн талаарх мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг бэлдэхдээ аль болох судалгаанд тулгуурласан үнэн бодит мэдээлэл ашиглахыг зөвлөсөн юм. Хөрөнгө оруулалтын орчин муудсантай айлсаж ирсэн нөгөө муу мэдээ нь уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унасан нь өдгөө төсвийн орлого тасалдах хэмжээнд хүргэчихээд байна. “MIH” группын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнэ дунджаар 10 жилийн давтамжтай өсч буурч байдаг. Тиймээс энэ удаа тэр мөчлөг л болоод байгаа болохоос өмнө нь огт байгаагүй зүйл гэнэт бий болчихсон хэрэг биш. Тиймээс уул уурхайгаас тодорхой хэмжээнд хараат эдийн засагтай болчихсон монголчууд мөчлөг дагаж савалсан биш сөрсөн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэв. Ингэж чадвал эдийн засаг огцом савладаг байдлаас ангижарч болох аж.
Гэхдээ сайн мэдээ бий. Хятадын эдийн засаг сэргэж, нүүрснээс бусад уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнэ тогтворжиж байгаа нь монголчуудын хувьд том завшаан. Хэдийгээр сайн мэдээ чихэнд чимэгтэй сонсогдож байгаа ч энэ бүхэн цаг зуурын асуудал гэдэг нь маргашгүй үнэн. Ирээдүйд нүүрсний үнэ дахиад л шалдаа буувал Монголын эдийн засаг дахиад л сандарах уу. Харин энэ асуултад эдийн засагч нийтлэлч Д.Жаргалсайхан “Монголын эдийн засаг өссөн нь ямар ч улс төрч, эдийн засагч, Засгийн газрын буян биш. Харин уул уурхайн түүхий эдийн үнэ өмнө нь байгаагүй өндөр байсанд л гол учир байна. Тэгвэл өнөөдөр нүүрсний үнэ 50 орчим хувиар уначихлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ угаасаа л ингэж савладаг. Тиймээс бид заавал байгаль орчноо ухаж сүйдлэхийн оронд арай өөр аргаар эдийн засгаа тэтгэх арга бий. Тухайлбал, монголчууд Олон улсын хөдөлмөрийн хувиарт орох боломж байна. Хойд, урд хоёр том хөршийг холбосон төмөр зам тавих хэрэгтэй” гэсэн юм. ОХУ-ын хувьд нүүрсний томоохон экспортлогч. Харин урд хөрш бол асар том зах зээл. Тиймээс эрэлт нийлүүлэлт уулзах төмөр замыг монголчууд цагийн эртэд тавьж чадвал эдийн засгийн болоод геополитикийн өндөр ач холбогдолтой юм.