“Эдийн засгийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” хурал гурав дахь жилдээ боллоо

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI), Монголбанктай хамтран “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2019” хурлыг гуравдугаар сарын 12-ны өдөр Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Хурлыг нээж ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нээж үг хэлсэн. Харин эхний илтгэлийг Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засгийн эмзэг байдлын шинжилгээ” сэдвээр тавьсан.

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир

Тэрбээр мөн Төв банк үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ой энэ жил тохиож буйг онцлоод, цаашид уг хурлыг ERI-тай жил бүр хамтран зохион байгуулна гэлээ. Энэ удаагийн хурлыг ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, PEP буюу Эдийн засгийн бодлогын хамтын ажиллагааны газар дэмжин оролцож, хамтарсан судалгааны дүнгүүдээсээ танилцуулсан.


Уг хурал нь эдийн засгийн судалгаа шинжилгээнд үндэслэдэг, чанартай судалгаануудыг шилж сонгон олон нийтэд танилцуулдаг гэдэг утгаараа бусад хурлаас онцлогтойг ERI-ийн судалгааны зөвлөх Г.Рагчаасүрэн хэллээ. Хурал хоёр салбар хуралдаантайгаар үргэлжилсэн бөгөөд Салбар хуралдаан 1 нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин, гэрээ, урамшуулал ба АМНАТ зэрэг сэдвүүдээр үргэлжилсэн юм.


Харин Салбар хуралдаан 2-ыг Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл удирдан явуулсан юм. Энэ хуралдааны үеэр Бэлчээрийн доройтол, Монголын эдийн засгийн өсөлт, Монгол улсын эдийн засгийн төсөөлөл гэсэн судалгаануудыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.