“Эдийн засгийн өсөлтийн өгөөж ба эрх зүйн шинэтгэл” үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Эдийн засгийн өсөлтийн өгөөж ба эрх зүйн шинэтгэл” эрх зүйн олон улсын чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төр ба хувийн хэвшлийн түншлэл, Газрын тос ба байгалийн хийн салбарын зохицуулалт, Өрсөлдөөний бодлого ба зохицуулалт зэрэг зургаан асуудлаар оролцогчид хэлэлцэх юм. Тус чуулганы талаар оролцогчдын сэтгэгдэлийг сонслоо.

Улс орныг хөгжүүлэх эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал

П.Цагаан / Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн ахлах зөвлөх/

-Монгол Улс өнгөрсөн 20 жилд улс төр, нийгэм эдийн засгийн тогтолцооны шинжтэй маш олон өөрчлөлтийг амжилттай хийсэн. Хамгийн сүүлд шүүхийн тогтолцоогоо боловсронгуй болгох, чадамжийг нь сайжруулахаар багц хуулийг баталлаа. Удахгүй сонгууль болох гэж байна. Шинэ Засгийн газар байгуулагдана. Засгийн газрын амлалт нь улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх. Гэхдээ ямар нам төр барих, ямар Ерөнхий сайд байхаас үл хамааран улс орны хөгжүүлэх хуулийн бодлого, эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал. Тиймээс хуулийн бодлого, эрх зүйн орчноор дамжуулж таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг хүрээмжтэй болгох шинэ зорилт, шинэ сорилт бидний өмнө тулгарч байна.

Хууль эрх зүйн орчноо сайжруулах, түүнийгээ тогтвортой мөрдөх, хянах шударга шүүхтэй байх хэрэгтэй. Хууль эрх зүй, шүүх, эдийн засгийн өсөлт нь хооронд шүтэлцээ холбоотой байдаг. Монгол Улс хөгжлийн гарам дээр байгаа учраас тооноос гадна агуулга, чанарын үзүүлэлтээр, тууштай тогтвортой, ардчилсан, хөгжлийн үндэс сууриа тавих хариуцлагатай үе ирж байна. Худалдаа, хөрөнгө оруулалт, хөрөнгийг зах зээл гээд эдийн засгийн тулгуур салбарын эрхзүйн орчин тунгалаг дардан байх шаардлагатай. Мөн авилгал, хүнд суртал нь эдийн засгийн өсөлтийн өгөөжийг хойш татаж байгаа. Хүнд суртал нэмэгдэхээр өртөг зардал нэмэгдэнэ. Өртөг зардал нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр эргээд л хэрэглэгчдэд дарамт үүсдэг. Бүх юм хоорондоо уялдаа холбоотой учраас эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгэмд хамаатай нийтлэг асуудлыг чуулганаар хөндөж байна. Цаашид эдийн засгийн өсөлтөд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, түүнийг өгөөжийг хүртэх хүмүүсийн оролцоо өндөр байх нь чухал. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлтөд оролцох боломжийг ард иргэдэд олгох, оролцож байгаа хэмжээгээрээ иргэд өсөлтийг бий болгох нь эдийн засгийн өсөлтийн өгөөж юм. Олны олон таван цэн гэдэг. Өсөлт нь тогтвортой, олон салаа мөчиртэй, солонгорсон эдийн засагтай байх нь чухал.

Нуугдмал бололцоогоо бид ашиглах шаардлагатай

М.Болд /Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч/

-Эдийн засаг өгөөжтэй байх, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэж байгаа нь банкуудын холбооны ашиг сонирхолтой нийцэж байгаа юм. Тиймээс манайх дэмжигч байгууллагаар оролцож байна. Банкууд эдийн засгийн өсөлтийг бий болгох, өсөлтийг хурдасгах ганцхан үүрэгтэй байгууллага. Иргэдэд харагдах өнцөг нь хадгаламж аваад, хүмүүст зээл өгч байгаа боловч банкны байгууллагын үйл ажиллагааны агуулга, цар хүрээ өргөн. Зорилго нь эдийн засгийн өсөлтийг бий болгох. Эдийн засгийн өсөлт гэдэг хүн бүрт хамаатай зүйл. Эдийн засгийн өсөлт байвал хүн амын амьжиргааны түвшин сайжирна. Орлого нэмэгдэнэ, аж амьдрал нь дээшилнэ. Компани, аж ахуй нэгжийн бизнесийн ашиг нэмэгдэнэ, үйл ажиллагааны цар хүрээ ч өргөжинө. Эцсийн дүндээ эдийн засаг тэлнэ. Энэ хэрээр улс орны эдийн засгийн хөгжил урагштай байна. Эдийн засгийн өсөлтийн хурдыг нэмэх, үйл ажиллагааг сайжуулах, үр өгөөжөө дээшлүүлэхэд дутагдаж байгаа зүйлийн нэг нь хууль эрх зүйн төгс орчин. Төгс орчин манайд үгүйлэгдэж байна.

Одоогоор банкны салбарын хууль тогтоомж ерөнхийдөө хангалттай гэх боловч засан сайжруулах олон зүйл бий. Тухайлбал, Банкны үйлчилгээг зөвхөн банк үзүүлэхгүй. Тухайн банкийг тойрсон дагуул хуулиуд олон байдаг. Үүний нэг нь зээлийн баталгааны сангийн тухай хууль. Барьцаа хөрөнгөгүй учраас иргэд хүссэн зээлээ авч чадахгүй, компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоогүй байна. Энэ хүмүүст санхүүгийн баталгаа үзүүлэх зээлийн баталгааны үйлчилгээ хангалтгүй байгаа. Хоёрдугаарт, хөдлөх хөрөнгийг барьцаалах хууль эрхзүйн орчин алга. Хөдлөх хөрөнгөд хүний унах машин, хөдөлдөг тоног төхөөрөмж, бусдаас авах дансны авлага хүртэл ордог. Мөн үнэт цаас, гэрээ хэлцэл орно. Соёлтой оронд бол энэ бүхнийг барьцаалдаг бүхэл бүтэн систем байдаг. Барьцаалсны үндсэн дээр тухайн гэрээ хэлцэл улсын бүртгэлд ордог. Бүртгэлд орсны дараа зээлийн барьцаа болдог. Энэ бололцоогоо Монгол Улс ашиглаж чадахгүй байгаа. Ашиглахын тулд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой. Тогтолцоогоо зөв бүрдүүлбэл олон хүн зээл авах боломжтой. Энэ нуугдмал бололцоогоо бид ашиглах шаардлагатай. Нуугдмал хөрөнгөө ил болгоё.