Эдийн засгийн өсөлтөө хадгалахад онцгой анхаарна

Ард түмний амьдрал доройтож, эдийн засаг элгээрээ мөлхөж байгаа талаар амтай болгон ярьж байна. Ингэж дүгнэх шалтгааныг эрх баригчид өөрсдөө бий болгожээ. Засгийн газар 2013 онд ДНБ-ий 80 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулж.
Тухайлбал, улсын нэгдсэн төсвийн 6.177 их наяд төгрөг, төсвийн гадуурх “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн гурван их наяд төгрөг, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар зэрэг нийт 13.7 их наяд гаруй төгрөгийг ашиглажээ. Тэгсэн хэр нь эдийн засгийн өсөлт дөнгөж 11.7 хувьтай гарсан нь чамлалттай хэмээн эдийн засагчид болон сөрөг хүчний төлөөлөл шүүмжилж буй.
Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлт хэдий хоёр оронтой тоонд гарсан ч төгрөгийн ханш 25-30 хувиар суларсан нь ард иргэдийн нуруун дээр ачаа болж ирлээ. Валютын ханшаа хазаарлаж чадахгүй байгаа нь эдийн засгийн хүчийг улам сулруулах болсон. Ийм тогтворгүй цаг үетэй зэрэгцэн УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.
Хаврын чуулганаар хэлэлцэж, батлах хууль, бодлогын баримт бичиг олон ч нүдээ олсон зөв шийдвэр гаргаж, хямралд орсон Монголынхоо эдийн засгийг сэргээх нь чухал болоод байна. Чуулганы хугацаанд Газрын тосны тухай, Ашигт малтмалын тухай зэрэг хуулийг батална. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох. Түүнчлэн хариуцлагатай уул уурхайн зарчмууд шинээр орсноор байгаль орчны нөхөн сэргээлт шинэ шатанд гарна хэмээн хууль тогтоох байгууллагынхан үзэж байна.
УИХ-ын дарга З.Энхболд “Бидэнд хоёр оронтой тоогоор өсч байгаа эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах, эрчээ алдахгүй байх бодлого чухал байна. Их бүтээн байгуулалтыг идэвхижүүлэх, эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгтэй байгаа. “Чингис” бондыг анх авахад яригдаж боловсруулагдсан Өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газар нэн даруй оруулж ирэхгүй бол энэ талаар санаа зовж буй УИХ-ын гишүүдийн өргөн барих хуулийг хэлэлцэн баталж, томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулж, гацааг арилгана” гэв.
Мөн чуулганаар өргөн баригдсан Нэмүү өртгийн албан татварын босгын тухай хуулийг хэлэлцэнэ. Ингэхдээ уул уурхайн салбартай холбож 25 хувиар өндөр тогтоосон аж ахуйн нэгжийн орлогын татварын одоогийн хоёр шатлалын хувь хэмжээг бизнесийн бусад салбарын ачааллыг бууруулах зорилгоор дахин авч үзэх аж.

УИХ дахь МАН-ын бүлэг нөхцөл байдлыг ийм болгосон Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Нэг жилийн дотор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 20 хувиар нэмэгдсэн. 2012 онд ядуурлын төвшин 27 хувьтай байсан бол одоо 40 хувь руу дөхөж байна. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй, нийгэмд баян хоосны ялгаа улам ихэсч, орлогын тэгш бус байдал газар авлаа. Эдийн засаг хямралт байдал руу шилжлээ” гэв. Тиймээс эдийн засгийн хямралыг даван туулах гарц шийдлүүдийг эрх баригчдад санал болгох аж.

Харин УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл “Давхар дээл”-ийг тайлах төсөл, Монгол Улсын 2014 оны төсвийн тодотгол, Газрын тосны тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Тэр дундаа Оюутолгойн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах юм байна. Тэд “Оюутолгой төслийг хэрэгжүүлэх нь зөв гэхдээ Монголын язгуур эрх ашигт нийцүүлэх хэрэгтэй. Энэ ажлыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой” хэмээсэн.