Эдийн засгийн өсөлт хямралаас гарах арга мөн үү?

BBC агенлагийн мэдээлж буйгаар евро бүсийн Засгийн газруудыг эдийн засгийн өсөлтөд гол анхаарлаа төвлөрүүлэхийг бүсийн удирдагчид уриалсан байна. Эдийн засгийн хатуу бодлогоос гарч болзошгүй сөрөг үр дагаварыг үл харгалзан эдийн засгийн өсөлтийн асуудлаар хэлэлцээр хийх шаардлагатай байгааг Европын хобооны Төвбанкны ерөнхийлөгч Марио Драги онцолжээ. Түүний хэлснээр энэ нь өнгөрсөн жил баталсан тогтвортой төсвийн гэрээг хэрэгжүүлэх аргачлал болно гэсэн юм. Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Олланд нар евро бүсэд эдийн засгийн өсөлт хэрэгтэй байгааг удаа дараа сануулж байсан. Гэсэн хэдий ч тэдний хэн нь ч өсөлтийг хэрхэн бий болгох талаар онцлоогүй аж. Түүнчлэн Нидерланд улсын төсвийн хэлэлцээр амжилтгүй болсны улмаас тус улсын Засгийн газар унасан нь дайран дээр давс нэмсэн хэрэг боллоо.
Европын парламентэд хандан ноён Драги хэлэхдээ “Мөнгөны хатуу бодлого Грек, Испани гээд хэд хэдэн улсад тэмцэлтэй тулгарахад хүргэсэн. Уг бодлого эдийн засийн өсөлтөд нөлөөлөх нь битгий хэл хямралд өртсөн улсыг өрөө төлж чадахгүйд хүргэсэн. Төсвийн зарцуулалтыг багасгах, татварын хэмжээг ихэсгэх энэ бодлого үр дүнгээ өгөхгүй байгаа бөгөөд сөрөг үр дагаваруудыг даллаж байна” хэмээн мэдэгдсэн. Түүнийхээр бол “Өсөлтийн хэлэлцээр” хийх нь хамгийн зөв алхам болох аж.
Ноён Олланд Ерөнхийлөгчөөр сонгогдох аваас татварын гэрээг дахин хэлэлцэх хүсэлтэй байгаагаа дуулгажээ. Өрийн асуудлыг төсвийн бодлогоор шийдвэрлэх зорилготой уг гэрээг евро бүсийн 27 орны 25 нь дэмжсэн ажээ. Харин Их Британи болон Чех улс гэрээнд гарын үсэг зураагүй юм.

“Төсвийн хариуцлага? Тийм. Хатуу бодлого хэрэгжүүлэх үү гэвэл үгүй” хэмээн ноён Олланд мэдэгдсэн байна. Гэхдээ түүний энэ саналыг хатагтай Меркель олон удаа няцааж байгаа юм. Өнгөрсөн мягмар гарагт ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Гийдо Вестервелле сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “Татварын гэрээг хэдийнээ баталсан. Иймээс дахин хэлэлцэхгүй. Гэрээний хэрэгжилт ямар нэг улсын сонгуулийн дүнгээс хамаарахгүй” гэсэн байна. Хатагтай Меркель эдийн засгийн өсөлтийг дэмжих саналтай байгаа ч Олландын дэвшүүлж буй саналаас өөр бодолтой байгаа аж. Тэрбээр “Европын өрийн хямралын эсрэг хамтдаа тэмцэх нь чухал. Үүнийг татварын тогтвортой бодлогоор шийдвэрлэж болох ч энэ нь хямралаас гарах үр дүнтэй арга биш. Учир нь, Европын Төвбанкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн, бидэнд бүтцийн өөрчлөлт дээр суурилсан өсөлт хэрэгтэй. Өөр асуудал үүсгэсэн төлөвлөгөө хэрэггүй” гэжээ.

Бруссель хотод болсон хурлын үеэр ноён Драги хэлэхдээ эдийн засгаа өрсөлдөх чадвартай болгохыг зорьж буй улсуудын хувьд түр зуурын “зовлон” амсах нь гарцаагүй болохыг анхааруулсан. Тэрбээр банкны санхүүгийн байдлыг хүчирхэгжүүлэхэд холбогдох Засгийн газар, байгууллагуудын оролцоотой шууд холбоотой төдийгүй асуудлын гарц бүхэлдээ тэдний гарт байгааг онцолсон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн банкны салбарын хямралыг зогсоох зорилгоор арванхоёрдугаар сараас хойш Европын Төвбанк нэг их наяд гаруй еврогийн зээл олгосон. Гурван жилийн хугацаатай энэхүү зээл үр дүнтэй байгааг тус банкнаас гаргасан оны эхний улирлын судалгаа харуулжээ. Судалгаанд бүсийн нийт 131 банкны есөн хувь нь зээл олгох журмаа чангаруулсан болохыг тэмдэглэжээ. Энэ нь тус банкнаас олгосон зээл банкуудад тулгарч болох гэнэтийн зээлийн өрийн эрсдэлийг бага ч гэсэн бууруулж байна гэсэн үг аж.