Эдийн засгийн өөрчлөлтийн салхи

Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас дэлхийн болон Монголын эдийн засгийн ирээдүйн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дэлхийн эдийн засагт зарим нэг өөрчлөлтийн салхи хэдийнэ үлээжээ. Тухайбал, хөрөнгийн урсгал хөгжиж байгаа орныг бус хөгжингүй орныг чиглэх болсон байна. Үүний тод жишээ бол БНХАУ дотоодын эрэлтийг дэмжсэн бодлого. Мөн АНУ мөнгөний хатуу бодлого баримтлах болсон нь хөгжиж буй орнуудын санхүүгийн салбарт цохилт болоод байгаа аж. АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр “Хятадын дотоодын эрэлтийг дэмжсэн бодлого, АНУ-ын мөнгөний бодлогын хүлээлт зэрэг нь хөгжиж буй орон тэр дундаа Монгол Улсын эдийн засагт шууд ба шууд бусаар нөлөөлж байна. Тухайлбал, энэ удаагийн төгрөгийн сулрал, валютын чангаралыг энд дурдаж болох юм. Ер нь АНУ-ын эдийн засаг ямар байх талаар хүлээлт бий болсон нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгал Энэтхэг, Индонези, Монгол зэрэг шинээр хөгжиж буй зах зээлээс гарах шалтгаан болж байна.

Мөн Хятадын эдийн засгийн сулрал нь уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ унахад нөлөөлсөн” гэв. Гэхдээ бүс нутгийн хэмжээнд төсвийн урсгал тэнцэл ашигтай байгаагийн дээр ихээхэн хэмжээний валютын нөөц хуримтлуулсан тул эдийн засгийн өсөлт саарч байгаа өнөөгийн нөхцөлийг даван туулах чадвар харьцангуй өндөртэй байх аж.

Харин манай орны хувьд эдийн засгийн өсөлт ирэх онд 13 орчим хувь байх төлөвтэй байна. Учир нь дэлхийн эдийн засаг бага зэрэг сэргэж, Оюу толгойн дэлхийд тэргүүлэх алт-зэсийн уурхайн үйлдвэрлэл эхэлсэн нь эдийн засгийг дэмжинэ гэдэгтэй эдийн засагчид санал нэг байна. Гэхдээ манай эдийн засгийн богино болон дунд хугацааны төлөв байдал урд хөршийн болон дэлхийн эдийн засгийн чиг хандлагаас ихээхэн хамаарна. Тиймээс эдийн засгийн бодлого явуулахдаа энэ талаас нь илүү бодолцохыг эдийн засагчид сануулж байсан.

АХБ-ны Ахлах эдийн засагч Ян Хансен “Төсвийн тэлэх бодлого явуулж байгаа нь танай улсын хувьд гадаад хямралд өртөмтгий байх шалтгаан болж байна. Мөн төсвийн тэлэлтээс гадна мөнгөний зөөлөн бодлого явуулах нь инфляцийг хөөрөгдөж болзошгүй. Энэ бол Монгол Улсын дотоод эдийн засгийн хамгийн чухал хэсэг. Тухайлбал, инфляци буурч долоодугаар сард 8.3 хувь байсан боловч өнгөрсөн сард 9.4 хувь болж өссөн. Тиймээс цаашдаа ч инфляци өсч магадгүй гэх хүлээлт байна. Нөгөө талдаа Монгол Улс урт хугацааны туршид хэрэглээний үнийн индекс нь өндөр өсөлттэй байж ирсний дараа төгрөгийн ханш саяхан нэлээд суларсан нь уул уурхайн бус салбарын экспортын өрсөлдөх чадварыг сайжруулж, үйлдвэрлэл, ажил олголт нэмэгдэх боломжийг бүрдүүлж байгаа нь үнэн. Гэхдээ инфляци өсч, төгрөг суларч байгаа учраас цаашдаа тэлэх бодлогыг түр азнах хэрэгтэй” гэж зөвлөсөн юм.