Эко Орос

АНУ-ын хэсэг эрдэмтэн 1990-ээд оны үед нэгэн сонирхолтой судалгаа хийж байжээ. Уг судалгааны хүрээнд цөмийн дайны дараах дэлхийн зураглалыг төсөөлөн гаргасан аж. Түүнчлэн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчин хэрхэн өөрчлөгдөх талаар судалсан. Тэдгээр эрдэмтэд “Хоёр судалгааны гол ялгаа нь цаг хугацаа. Эцсийн дүнд хүн өөрөө сүйтгэгч нь” хэмээн санал нэгдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Эдийн засгийн хөгжил, шинэтгэлийн хорооны саяхны хуралдаанаар байгаль экологийн асуудалд төр төдийгүй иргэд ч анхаарлаа хандуулах шаардлагатай болсныг онцолжээ. Хойд хөршийн газар нутаг дэвсгэрийн 15 хувьд хот суурин газар болоод аж үйлдвэрийн төвүүд байршдаг байна. Өдрөөс өдөрт нэмэгдэх хог хаягдал хэдэн тэрбум тоннд хүрж буй нь Орос улсад нутагшаагүй дахивар боловсруулах дэвшилт технологийг “од” болгох цаг ирснийг илтгэх. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйлдвэр эрхлэгчдийн тарьсан балагийг хэнд оноох талаар тус улсын Засгийн газар дорвитой алхамууд хийхээр зэхэж байгаа аж.
ОХУ-ын Ерөнхий сайд Димитри Медведев “Бид үйлдвэрлэгчийг буруутгадаг. Гэвч үйлдвэрлэл манай улсад хэрхэн явж байгааг бүхэлд нь харах хэрэгтэй” хэмээн дээрх хуралдааны үеэр онцолжээ. Дэвшилт технологи ашиглан хаягдал хорт бодисыг цэвэрлэх, устгах эсвэл дахивар бүтээгдэхүүн болгох боломж бий. Гэвч энэ нь маш их хөрөнгө шаарддаг. Иймд тус улсын Засгийн газраас бохирдол өндөртэй газруудыг цэвэрлэх арга хэмжээ авахаар “Байгаль орчны бохирдлыг арилгах” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд 49 тэрбум рубль төсөвлөсөн бөгөөд үүний 70 хувийг бохирдолтой тэмцэх дэвшилт технологийг нэвтрүүлэхэд зарцуулах юм байна.
Төслийн гол зорилго нь Оросын Арктикийн газар нутгийг олон жилийн турш “түрэмгийлсэн” хорт хаягдлаас нь ангижруулах бөгөөд улсын хэмжээнд бохирдол хамгийн ихтэй газруудыг хамрах төлөвлөгөөтэй ажээ. Уг төслийг хэрэгжүүлснээр ОХУ зөвхөн “цэмцгэр” болоод зогсохгүй байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээлт хийх олон улсын хөтөлбөрт нэгдэх юм. Хойд хөршийн Эрдэс баялаг, байгаль орчны сайд Сергей Донской “Байгальд ээлтэй үйлдвэрлэлд шилжих цаг иржээ. Хэдий аж үйлдвэрийн салбар манай улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг ч түүнээс үүдэх хор хөнөөлийг хязгаарлах нь илүү чухал” хэмээн онцолсон удаатай. Түүнчлэн өдгөө толгойны өвчин болж буй экологийн асуудлуудыг шийдвэрлэх нь ирээдүйд бидний мэдэхгүй асуудлууд цуврахаас сэргийлэх эхний алхам болох тухай тэрбээр дурджээ.
Энэ онд тус улс байгальд ээлтэй технологийг дэмжих үүднээс найман тэрбум рубль төсөвтөө нэмж байршуулахаар байгаа. Өнгөрсөн онд тус улс экологид ээлтэй болон байгалийн баялгийн “боловсон” хэрэглээг хөхиүлэн дэмжих үйлсэд 116 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийжээ.

ОХУ-ын томоохон компаниудын нэг Газпром байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах эрмэлзэл өндөртэй. Тус компанийн ерөнхийлөгч Алексей Миллер “Газар доорх байгалийн хий олборлоход хүндрэлтэй асуудлуудын нэг нь хүхрийн өндөр агууламж. Иймд асфалтийн хэмжээг өөрчлөх шинэ технологи нэвтрүүлэхээр бид ажиллаж байгаа. Ингэснээр байгалийн хий олборлох ажил байгальд илүү ээлтэй болж, хийн чанар болон өгөөжийг нэмэх юм” гэжээ. Тэрбээр “Харин далайн гүнээс хий олборлох явц өөр. Арктикийн ордоос газрын тос олборлоход хамгийн сүүлийн үеийн технологи болох тусгай лазерийн систем ашиглаж байгаа. 2011 оноос хойш олборлолтод ашиглаж буй энэ технологи Хойд туйлын тэсгэм хүйтнийг ажрахгүй” хэмээн онцолсон. Тус улсын Цөмийн эрчим хүчний агентлагийн нэвтрүүлж буй уг технологи далайн эко системийг хамгаалах олон улсын стандартын үндэс болох найдвар тээж буй. Учир нь ийм төрлийн өндөр хүчтэй лазерийн системийг далайн гүнд нефть алдах, улмаар гал алдах үед ашигладаг байна.

Ногоон хөгжлийг дэмжих бас нэгэн дэвшил бол “Уснаас агаар” хэмээн нэрлэгдэж буй агаараас цэвэр ус гаргаж авах машин бүтээх төсөл. Ингэхийн тулд агаарын чийгшил 15 хувиас дээш харин агаарын хэм 15 градусаас доошгүй байх учиртай гэнэ. Ийм аргаар гаргаж авсан цэвэр ус тонн нь нэг рубль байх аж.

Эдийн засгийн үр ашгаас гадна эрүүл мэндэд тустай учир ногоон технологийг олноор бий болгох нь хорт хавдар, ясны сийрэгжил болоод зүрх, судасны өвчлөлийг бууруулах ач холбогдолтой хэмээн олон улсын эрдэмтэд үзэж байна. Нэг хэсэг нь ногоон зүгт тэмүүлж байхад нөгөө хэсэг нь ашиг сонирхол хөөх нь бий. Хэдий тийм ч байгаль орчноо хамгаалах хүсэл тэдэнд төрнө гэдэгт эргэлзэх учиргүй биз ээ.
ОХУ-д цэвэр технологид оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 2008 оноос хойш тогтвортой өсөж байна. Тус улс нь дэлхийн хурдацтай хөгжиж буй эдийн засгуудын нэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллаг (OECD)-ын судалгаагаар 2020 он гэхэд тус улсын зах зээл 4.5 их наяд ам.доллартай тэнцэх аж. Оросын байгалийн бүтэц, шинжлэх ухаан болон шинэтгэлийн салбарт гаргаж буй дэвшлүүд тус улсын “ногоон” зах зээлд чухал байр суурь эзэлнэ гэх таамгийг олон улсын шинжээчид гаргасан байна.