Экспорт, импорт буурчээ

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар буурч, 2 тэрбум ам.долларт хүрсэн талаар Төвбанкнаас гаргасан гадаад худалдааны энэ оны гуравдугаар сарын тоймд дурджээ.

Экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэж байгаа ч үнийн бууралтаас шалтгаалж экспортын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 68.6 сая ам.доллараар багассан үзүүлэлттэй гарсан байна.

Мөн өргөн хэрэглээний бараа, нефтийн бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнийн бууралтын улмаас импорт өнгөрсөн оны мөн үеэс 252.9 сая ам.доллараар буурчээ.

Харин хөрш орнуудтай хийсэн худалдааны тоймоос үзэхэд манай улс ОХУ, БНХАУ-тай хийсэн худалдаа мөн багассан үзүүлэлттэй гарч, нийт бараа эргэлтийн 47 хувийг урд, 18 хувийг хойш хөрштэй тус тус хийсэн байна.