Петер Шаллер: Түүхий эдээ хөгжлийн тулгуур болгох нь чухал
ХБНГУ-ын Элчин сайд Петер Шаллер хуучнаар Зүүн Германд төрсөн. Таван настайд нь түүний ээж тухайн үед Баруун Германд амьдарч байсан өвөө, эмээ рүү нь шилжин суурьшжээ. Дунд сургуулиа төгсөөд Германы зэвсэгт хүчинд элсэж, гурван жил цэргийн алба хаасан аж. Үүний дараа нь тэрбээр Нордрайн-Вэстфален мужийн Бохум, Мюнстер хотуудад нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр (сэтгэл судлал, нийгэм судлал, сурган хүмүүжүүлэх ухаан) суралцсан байна.
Их сургуулиа дүүргэсний дараа оюутнуудад карьерын талаар зөвлөгөө өгөх ажил хийж байгаад улмаар дипломат албанд оржээ. Эдүгээ Шаллер Зүүн Хойд болон Төв Азид 30-аад жил дипломатчаар ажиллаж байна. Тэрбээр Хятад, Туркменистан, Хойд Солонгос, Кабо Вердед ажиллаж байв. Түүнчлэн ОХУ-ын Санкт-Петербург хотод Ерөнхий консулын алба хашиж байснаас гадна Афганистан, Куба, Того, Брюссель, Будапештэд богино хугацаагаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
-Таны хувьд дипломатчийн ажлын юунд нь хамгийн ихээр татагддаг вэ?
-Дипломатчийн мэргэжлийг сонгох болсон шалтгаан гэвэл дэлхийн улс орнуудыг ихэд сонирхдогтой минь холбоотой. Янз бүрийн соёл, зан заншил, нийгэмтэй танилцах дуртай. Нийгмийн шинжлэх ухаан судалсаны хувьд эдгээрийг мэргэжлийн хүний нүдээр хардаг. Мэдээж хэрэг би аялах дуртай. Дипломатчийн ажил мэргэжил хүмүүстэй маш өргөн харилцаанд орж, хамтран ажиллах боломж олгодог нь надад маш их таалагддаг даа.
-Янз бүрийн соёл, зан заншлыг сонирхох болсон шалтгаан?
-Аялал бол дипломатч хүний амьдралын нэгээхэн хэсэг байдаг. Миний амьдралд аялал маш чухал байр суурь эзэлдэг. Би оюутан ахуй цагаасаа л эхэлж аялсан, ихэнхдээ Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази, бас мэдээж хэрэг Европоор. Дипломатчаар ажиллах нь дэлхий ертөнцтэй гүн гүнзгий танилцах завшаан олгодог.
-Та анх Монгол Улстай яаж холбогдсон бэ?
-Анх 1984 онд Бээжингээс Москва руу төмөр замаар аялах замдаа Улаанбаатараар дайран өнгөрч байсан. Дараа нь 1993 онд Пхеньянд ажиллаж байх үедээ Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаманд ажилладаг мэргэжил нэгт нөхөр маань эхнэр бид хоёрыг урьж, Монголд хоёр дахиа ирсэн. Бид хоёр Хархорин руу, мөн нийслэл хотын ойролцоо газруудаар аялан хоёр долоо хоногийг өнгөрүүлсэн. Энэ нь танай улсыг би гучаад жилийн өмнөөс сонирхох болсныг харуулж байгаа юм.
-Таныг Элчин сайдаар томилогдон ажилласнаас хойш Монголд ямар өөрчлөлт гарав?
-Намайг ирснээс хойш хоёр орны хооронд хоёр ч удаагийн дээд хэмжээний айлчлал зохион байгуулагдсан. Эхнийх нь ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн Монголд хийсэн айлчлал. Энэ нь түүхэнд манай улсын Засгийн газрын тэргүүний Монголд хийсэн анхны айлчлал болсон. Үүнээс хойш зургаан сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Германд болон Европод төрийн айлчлал хийсэн Би Ерөнхийлөгчийг айлчлалын үеэр дагаж явсан. Энэ хоёр айлчлал нь манай хоёр орны хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц өгсөн гэж хэлж болно.
Энэ нь бидний ажилд илт мэдрэгдэж байна. Айлчлалын дараа бид хийх ажил ихтэй болсон. Ялангуяа эдийн засгийн солилцоогоо нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарах шаардлагатай байгаа. Бүх төрлийн хамтын ажиллагаа дээрх дээд хэмжээний айлчлалын үр дүнд улам өргөжиж байна.
-Герман Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа өнөөдөр ямар түвшинд байна вэ?
-Хоёр орны хамтын ажиллагаа маш сайн байгаа гэж би түрүүн хэлсэн. Улс төр, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хувьд гомдоллох зүйл үнэхээр алга. Харин эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд бид боломжоо бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байна гэж талууд аль аль нь үзэж байна. Эдийн засгийн харилцаа тодорхой түвшинд хөгжиж байгаа, бидэнд байгаа потенциалаа ашиглаж чадвал илүү өндөр түвшинд гаргах бүрэн боломжтой юм.
Бид энэ чиглэлд эдийн засгийн харилцаагаа илүү өндөр түвшинд гаргахын төлөө ажиллаж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр санамж бичгүүдэд гарын үсэг зурсан.
Яг одоо нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах тухай яригдаж байгаа. Коксжуулсан нүүрсний үйлдвэр барих тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Түүнчлэн газрын ховор элемент олборлолтын тухай хэлэлцэж буй.
Мөн Германы талаас “Ферростал” гэхчлэн тодорхой төслүүд дээр хамтрах хүсэлтэй компанийн төлөөллүүд байна. Энэ чиглэлийн хамтын ажиллагаанаас гадна Монголын дэд бүтцийг шинэчлэх талаар мөн ярилцаж байгаа. Саяхан Бавари мужийн Эдийн засгийн төрийн нарийн бичгийн дарга айлчилсан. Бид энэ мэтчилэн олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ажиллаж байна.
-ГОУХАН-ийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрөөс зарласан “Компанийн нийгмийн хариуцлагын форум”-ын үеэр нийгмийн хариуцлагыг зөвхөн компаниар хязгаарлахгүй, мөн хувь хүн нэг бүрээс эхлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Энэ уриаг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд “дэлхийн иргэн” юунд хамгийн гол анхаарлаа хандуулвал зохих вэ?
-Компанийн нийгмийн хариуцлага гэдэг ойлголт өнөөдрийн уриа болсон. Гэхдээ эдгээр хууль, дүрмийн хэрэгжилт хувь хүнээс эхэлдэг гэдгийг бид ойлгох ёстой. Компанийн нийгмийн хариуцлага нь компанид бус, харин компанийн нэрийн өмнөөс ажиллаж буй хувь хүмүүст хамаатай ойлголт. Энэ нь нийгмийн бүхий л дүрэм журам, хууль тогтоомжид хамаатай. Хүмүүс өөрсдийнх нь болоод нийгмийн, цаашилбал компанийх нь ашиг сонирхол, тусын тулд эдгээр хууль, дүрмийг мөрдөх шаардлагатай гэдгийг сайтар ухамсарлах ёстой.
Жишээлбэл, бизнесийн үй ажиллагаа эрхлэх, эсвэл төсөл хэрэгжүүлэх явцдаа хээл хахуулийн асуудалд ямар нэг байдлаар холбогдвол тухайн хүн хараат бус байдлаа алдана. Өөрөөр хэлбэл, үйлдлийн эрх чөлөөгүй болно. Хувь хүн тэдгээр хууль дүрмийг дагаж мөрдсөнөөр эрх чөлөөт бие хүн хэвээр байж, хараат бус байдлыг хязгаарладаг тогтолцооны хэсэг болохгүй байх нөхцөл бүрдэх юм.
-Таны ярьсан дипломат айлчлалуудаас хойш уул уурхайн салбарт ямар өөрчлөлт гарсан бэ?
-Германд ч, Монголд ч хоёр орны эдийн засаг өөр хоорондоо маш сайн уялдан хөгжих боломжтой талаарх мэдээлэл нэлээд сайн түгсэн гэж бодож байна. Тухайлбал, танайд түүхий эд баялаг байна. Германд түүхий эд хэрэгцээтэй. Гэхдээ хамгийн чухал зүйл бол Монгол Улс нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой байгаа явдал. Монголчууд түүхий эд экспортлоод зогсохгүй, эх орондоо боловсруулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг бүтээхийг зорьж байна. Энэ нь жишээлбэл, нүүрсийг түүхийгээр нь биш, коксжуулж, илүү үнэ хүргэхийг хэлж буй хэрэг.
Герман улс тэргүүлэх аж үйлдвэржсэн орнуудын нэг бөгөөд манайд аж үйлдвэрийн хүчин асар өндөр хөгжсөн. Тус тусын салбарт дэлхийд тэргүүлсэн компани манайд олон бий. Монгол Улс түүхий эдэд суурилсан аж үйлдвэржсэн орон болоход бид үнэтэй хувь нэмэр оруулж чадна. Канцлер Меркелийн айлчлалын үеэр эрдэс түүхий эд, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Одоо хоёр орны Засгийн газар, компаниуд Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.
-Таны бодлоор Монгол Улсад боловсруулах аж үйлдвэрийг хэрхэн тогтвортой хөгжүүлэх вэ?
-Шинэ Засгийн газар бүрэлдэн тогтсоны дараа бид тодорхой төслүүдийн тухай ярих боломжтой болно байх гэж найдаж байна. Бидэнд хамтарч ажиллах олон боломж байгаа ч одоо бол байгаа санаануудаа бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө хичээх цаг болжээ. Германы бизнесийн тухайд гэвэл бид өндөр технологийн шийдэл санал болгож болно, гэхдээ бидэнд үүнээс ч илүү давуу тал байна. Эхний давуу тал гэвэл Германы бизнес эрхлэгчид урт хугацааны бизнес, хамтын ажиллагааг сонирхдог, өөрөөр хэлбэл богино хугацаанд түргэн ашиг олохыг бус, насан туршдаа хамтрах түнштэй болохыг чухалчилдаг явдал. Хоёр дахь давуу тал нь манай аж үйлдвэр байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулдаг.
Түүнчлэн манайд эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа, технологи хөгжүүлдэг. Эрчим хүчээ хэмнэж, шаардлагатайгаас илүүг зарцуулахгүй байх нь тогтвортой байдлын нэг хэсэг юм. Мөн манай компаниуд хамгийн сүүлийн үеийн стандарт ашигладаг. Дэлхийн аль ч өнцөгт орших Германы компанийн салбар өөрийн стандартаа л баримталдаг.
Нийгмийн халамж, ажиллах хүчний асуудлыг ч Европын стандартын дагуу шийдвэрлэдэг. Өөр бас нэг давуу тал гэвэл манай компаниуд өөрийн ноу-хаугаа түншүүдтэйгээ хуваалцахад ямагт бэлэн байдаг. Энэ нь гадаадын ажиллагсдаа ажлын байран дээрх сургалтад хамруулах, эсвэл түнш байгууллагынхаа хүний нөөцийг чадавхижуулах, тэдний мэргэжлийн түвшинг дээшлүүлэх зорилгоор Герман руу илгээх асуудалд ч мөн хамаатай.
-Герман улс сэргээгдэх эрчим хүчээрээ дэлхийд тэргүүлдэг. Таны хувьд Монголын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх ямар боломж харагдаж байна?
-Танай улсын үндэсний хөгжлийн төлөвлөгөөнд ирээдүйд нийт эрчим хүчний эрэлтийн 15 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж заасан байгаа. Танай оронд нар ч байна, салхи ч байна. Монгол бол дэлхийн хамгийн нарлаг орны нэг. Ялангуяа говьд салхи маш ихтэй. Иймд танайх сэргээгдэх эрчим хүчний найдвартай хангамжтай болох бүрэн боломжтой гэж үзэж байна. Германы компаниуд энэ чиглэлээр дэлхийд манлайлдаг, иймээс би ч мөн энэ салбарт хамтран ажиллах сайхан боломжийг харж байна.
Мөн биомассын потенциал ч танайд байна. Энэ тал дээр Герман ихээхэн туршлагатай. Гэхдээ Монгол Улс эрчим хүч хэмнэх тал дээр томоохон боломжтой гэдгээ мартаж болохгүй. Жишээлбэл, бид байшин барилгын дулаалга хийх арвин туршлагатай. Улаанбаатар хот дахь социализмын үед баригдсан олон орон сууц эрчим хүчний үр өгөөжийн хувьд дутагдалтай байдаг.
Тэдгээр барилгын дулааны хэмийг тохируулж болдоггүйгээс гадна дулаалга нь ч нэг их сайн биш. Яг энэ тал дээр бидэнд хамтран ажиллах томоохон боломж байгаа ба үүнийг дутуу үнэлж болохгүй.
Улаанбаатар хотын захиргаатай хамтарсан “Экосити” хөтөлбөрийг бид хэрэгжүүлээд энэ жил дуусч байна. Эдгээр орон сууц эрчим хүчний хэмнэлтийн маш өндөр үзүүлэлттэй. Орон нутгийн засаг захиргаа ирээдүйд байшин барилгаа энэ стандартаар барих тохиолдолд их хэмжээний эрчим хүч хэмнэх болно.
-Уул уурхайн салбар Монгол Улсын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг. Гэвч улс орны хөгжил дан ганц салбарт тулгуурлах нь тэнцвэргүй хөгжил буюу Голланд өвчинд нэрвэгдэхэд хүргэнэ гэх мэт шүүмжлэл их бий. Таны хувьд уул уурхайд түшиглэх тал дээр ямар бодолтой байна?
-Мэдээж хэрэг Монгол байгалийн баялагтаа түшиглэнэ. Гэхдээ та бүхэн эдийн засгаа баялагтаа тулгуурлан, төрөлжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Монголд хөгжлийн түвшинг нь ахиулах шаарлагатай эдийн засгийн салбар олон байна. Жишээ нь, хөдөө аж ахуйд гэхэд л мал аж ахуй, газар тариаланд шинэ арга барил, технологи нэвтрүүлэх гэх мэт хөгжлийн орон зай хангалттай бий.
Мөн монгол малын мах дэлхийд хамгийн чанартайд ордог гэж би хувьдаа боддог. Энэ нь жинхэнэ биологийн гаралтай мах. Монгол малын махыг Европ руу экспортолж, органик мах гэж борлуулах боломжтой. Аялал жуулчлалын салбарт ч сайжруулах зүйл маш их байна. Би олон улс орноор аялсны хувьд Монголын аялал жуулчлалын компаниуд Европын туршлага, ноухаугаас суралцах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Хотын шинэ захирагч замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэхэд чиглэсэн олон арга хэмжээ танилцуулсан. Гэвч хотын үйлчилгээний салбарыг бүхэлд нь сайжруулах шаардлагатай. Ерөнхийд нь тодорхойлвол, Монгол Улсад хэрэгцээтэй хамгийн гол зүйл бол ноу-хау. Хөгжингүй орнуудаас гадна бусад гадаад орны туршлагаас маш их суралцах хэрэгтэй. Гэхдээ гаднын туршлагыг шууд хуулбарлах бус, өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлвэл зохино.
Мөн тээврийн салбарыг бүхэлд нь орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах нь цаашдын хөгжилд зайлшгүй чухал. Товчхондоо, танайх бүх талыг хамарсан хандлагыг баримтлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ аль болох олон салбарыг хөгжүүлэх суурь болгон ашиглах ёстой.
Mongolian Economy сэтгүүлийн “Хийж бүтээвэл бүгд ирнэ” дугаарын 35-38-р нүүр
2013.01.15
