Эмээ ба Оюутолгой

Эмээгийн хэлснээр Оюутолгой, Тавантолгой гэж хоёр золиг хар, цагаан хэл аманд ороод үйлс нь хазайгаад байгаа аж. Тийм болохоор л хоёр толгойн нэрээр оролдсон хэн гэдэг аавын, ямар сайн хүү байлаа ч буруудаж таараад байгаа гэнэ. Хөгшин эмээгийн минь ингэж бодох нь ч аргагүй биз. Зурагт асаасан ч, радио чагнасан ч, сонин сэтгүүл эргүүлсэн ч толгой тойрсон хэрүүл уруул, хэлцэл талцал сонссор байгаад чих шуугиж, дотор муухайртал ярьж байгаа юм чинь. Арга ядахдаа эмээ минь “Хүү минь, чи тэр хэл амтай хоёр толгойгоос холуур яваарай. Сайд, дарга байсан хүмүүс ажилгүй болоод байхад чи бол бүр бүтэхгүй” гэх вэ дээ. Эмээгийнхээ захисныг бодохоор Оюутолгой, Тавантолгойн талаар бичмээргүй л байна.

Гэхдээ Оюу толгойтой биш Оюу толгойгүй Монголын талаар бичих гэж байгаа болохоор нөгөө айхтар хэл ам нь намайг тойроод гарах байх аа.

За тэгэхээр Оюу толгойгүй Монголын талаар төсөөлөөд үзье. Юуны түрүүнд Оюу толгойн тухай ярьдаг олон толгой байхгүй байх байлаа. Олон толгой байхгүй болохоор энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэдэн толгойн талаарх мэдээллийг улиг болтол нь давтаад байхгүй, бидний чих амрах байсан биз ээ. Олон улстөрч хийх ажил, ярих зүйлгүй фэйсбүүк, твиттер ухаад л өөр хоорондоо селфи хийгээд суух байсан даа. Юун нөгөө Моди, Абетэй манай Элбэгээ Ерөнхийлөгч селфи хийх. Энэ хоёр толгой байгаагүй бол тэд манай орныг бараг зорих ч үгүй байсан гээд хэлчихэд буруудахгүй биз. За тэгээд Ганбаатар гэдэг хүн УИХ -ын гишүүн биш Үйлдвэрчний эвлэлийн дарга хэвээрээ л байж мэдэх юм. Ер нь Ганбаатар гэлтгүй манай эгч Оюун-Эрдэнэ барилгын компанийн маркетингийн менежер биш, цайны газар угаагчаараа, Энхдэлгэр ах минь машин зардаг биш засдаг хэвээрээ л байх байсан биз ээ.

Ийнхүү таамаглаж буй нь учиртай. Учир нь 2009 онд эдийн засгийн бодит өсөлт сөрөг 1.3 хувь байсан. Эдийн засгийн өсөлт ийм байхад ах маань засварчин, эгч маань угаагч байсан юм. Гэтэл Оюу толгойн сургаар 2010 онд манай ДНБ-ий бодит өсөлт 6.4 хувиар нэмэгдэхэд ах маань машин зардаг бизнесмэн, эгч минь маркетингийн менежер боллоо. Ах, эгч гэлтгүй хамаатан садны олон залуус уурхайчин эсвэл барилгачин болж цалин мөнгөтэй залгасан юмдаг. Харин арай сүйхээтэй нь бизнесмэн болоод авсан. 2010-2014 оны хооронд эдийн засгийн бодит өсөлт дунджаар 13.6 хувьд хүрэхэд нөгөөдүүл чинь албан тушаал ахих нь ахиад Австрали, Америк руу сурахаар, зугаалахаар явсан.

Өнгөрсөн оны эхэнд ДНБ-ий хэмжээ 17.6 тэрбум төгрөгт хүрч нэг хүнд ногдох хэмжээ 6.5 сая төгрөг боллоо гэх сургаар миний танилуудын ихэнх нь орон сууцанд орж, ухаалаг утас, машинаар гангараад авлаа. Юмтай хүн юмаараа гайхуулна гэгчээр найз нөхөд, хамаатан садангууд намайг “Уурхайчин эсвэл барилгачин бол тэгвэл чи. Орох орон, оочих аяга, хөл дүүжлэх унаатай болно. Намайг хар л даа” гэж ятгалаа. Ятгалаганд нь яг ордгийн даваан дээр Оюу толгой, Тавантолгой гацаж эдийн засгийн өсөлт саарч, эгч ах нарын маань ихэнх нь ажилгүй, орон сууцны зээлтэй болоод үлдлээ.

Тэгэхээр өнгөрсөн хэдэн жилийн эдийн засгийн өндөр өсөлт, уул уурхайн салбарыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдсэн, Оюутолгой, Тавантолгой зэрэг том ордыг ашиглаж эхэлсэнтэй шууд холбоотой гэдэг нь тэнэг хүн бодсон ч ойлгомжтой байгаа юм. Яах вэ үүнийгээ тоогоор батал гэвэл 2011 онд 4,17 тэрбум ам. долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсний 80 орчим хувь нь уул уурхайн салбарт зарцуулагдсан гэдгийг дурьдахад хангалттай байх.

Монгол Улсын эдийн засаг 2019 он хүртэл дээд хурдаараа урагшлах бөгөөд үүний шатахуун нь Оюутолгой байх юм хэмээн эдийн засагчдын таамаг зөв байсныг цаг хугацаа биш улстөрчдийн шийдвэр батлав. Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын талаарх улс төрийн гэрээ хэлэлцээрийн тодорхой бус байдал Монголын эдийн засаг руу орж ирдэг хөрөнгө оруулалтын урсгалыг зогсоосон.

Товчхондоо, эдийн засаг шатахуунгүй болчихсон. 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 17 хувиар, 2013 онд 47 хувиар, 2014 оны эхний хагаст 64 хувиар тус тус буурсан нь эдийн засаг хүндрэх шалтгаан болсон.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаар эдийн засаг руу дотогшлох гадаад валютын урсгал багасаж, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, эдийн засгийн гадаад тэнцвэрт байдал алдагдаж эхэлсэн.

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын хурд саарснаас үүдэж энэ салбартай холбоотой олон салбарын өсөлт саарсан. Энэ нь худалдаа, барилга болон боловсруулах салбарын хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдэж байгаагаас харагдаж байна. Үүнийг нь ах, эгч маань амьдралаараа баталж байгаа юм. Ахын оруулж ирдэг машин, эгчийн ажилладаг компанийн орон сууц зарагдахаа больсон. Шалтгаан нь уурхайчин залуус ажилгүй, цалингүй болж орон сууц, автомашин авах нь бүү хэл өнөө маргаашийн талхаа яая гэж байна цаана чинь. Хөөрхий ах, эгч хоёр минь тааз ширтэнгээ энэ “Оюутолгой, Тавантолгойгоо хөдөлгөдөг болоосой. Утсаар ирсэн санал асуулгад нь том төслүүдээ хөдөлгье гээд санал өгсөн дөө” хэмээн уруу царайлдаг болсон. Эгч урд нь угаагч хийдэг байсан “Irish pub”-д угаагчаар ажилд орох гэтэл “Оюутолгой гацсанаас болоод байнгын үйлчлүүлдэг байсан гадаадууд нутаг буцаад орлогогүй болсон. Чамайг ажилд авах нь бүү хэл, түрүүсээ яаж байна” гэжээ.

Үр хүүхэд, ач зээгээ эрхэлсэн ажилгүй санааширч суугаад эмээ минь халаглаж, цайны дээж өргөхдөө “Дөрвөн зүг, найман зовхис минь хэл амтай хоёр толгойн асуудлыг аврал энэрэлдээ багтааж хайрла. Төрийн минь сүлд өршөө” хэмээн үгэлж сонсогдсон. Эмээгийн өргөсөн цайны дээж эзэндээ хүрч төрийн сүлд нь өршөөсөн үү яасан Оюутолгой урагшилж байгаа тухай сайхан мэдээ гарлаа. Ажилгүй ахан дүү нар маань “гоё дээрээ тавиад” сэтгэл нь сэргэчихсэн “Удахгүй ажилтай болох нь дээ” гэж байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хүртэл “Оюутолгойд ажиллаж байсан Чингэлтэй дүүргийн залуус эргээд сая гаруй төгрөгийн өндөр цалинтай ажилдаа буцаад орох нь. Оюутолгой урагшилсны эерэг талыг хамгийн энгийнээр ингэж харж байна” гэв.

Оюутолгойгүй Монголын талаар төсөөлөх нь бүү хэл Оюутолгой нь гацсан Монголын талаар өгүүлэхэд л ийм байна. Тийм болохоор нэгэнт эхлүүлсэн том төслүүдээ хэрүүл уруулгүй хоёр тал харилцан ашигтай урагшлуулаач ээ. Эс бөгөөс эмээдээ хэлж дахиад цайны дээж өргүүлдэг ч юм билүү.


"Mongolian Economy" сэтгүүл 2015 оны 06 сар, №092 дугаараас