Энгийн бүхэн ээлтэй

Бодит байдал

Өдөржин шөнөжин эвдэрсэн крант­наас дуслах ус, энд тэндгүй хөглөрөн агаар тэнгэрт хөөрөх хог хаягдал, уулын барааг харагдуулахгүй бүрхсэн утаа униар юуг өгүүлнэ вэ? Ногоон хөгжил бол ирээдүйн гарц, экологийн тэнцвэрт байдлын шийдэл мөн гэж дэлхий дахинаа уриалах болсоор нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Манай улсад ч мөн адил энэ чиглэлээр багагүй үйл ажиллагаа өрнүүлэн хэрэгжүүлж байгаа ч үр дүн нь үнэхээр чамлалттай хэвээр.

Йелийн их сургуулийн судалгаа

Иймд бид дахиад л энэ талаар хэлэлцэх хэрэгтэй болж байна. Гэхдээ бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчидтай биш, харин эхлээд юуны өмнө иргэн бид тулж ярилцах цаг болжээ. АНУ-ын таван ерөнхийлөгчийг /Жорж Херберт Уокер Буш, Жорж Уильям Буш, Уильям Жефферсон Клинтон, Жеральд Форд, Уильям Ховард Тафт нар/ төрүүлсэн Йелийн их сургуулиас Байгаль орчны гүйцэтгэлийн индексийг /Environmental Performance Index, IPE/ хамгийн сүүлийн байдлаар гаргасан байна. Тус индекс нь улс орнуудын Засгийн газраас явуулж буй байгаль орчны бодлогын хэрэгжилтийг хянадаг арга хэрэгсэл юм. Энэхүү жагсаалтад байгаль орчны гүйцэтгэл хамгийн сайн есөн орны тоонд Швейцари, Латви, Норвеги, Люксембург, Коста Рика, Франц, Австри, Итали, Англи, Швед зэрэг улс орон оржээ. Хамгийн сул гүйцэтгэлтэй арван хоёр орны баян ходоодоор Ирак шалгарсан аж. Манай улс урд болон хойд хөршийн хамт сул хэрэгжилттэй ангилалд орж, 107 дугаар байр эзэлжээ. Хамгийн сүүлд орсон Ирак 132 дугаар байранд байгаагаас харахад, манай улс мөн л хойгуур, байгаль орчны бодлогын хэрэгжилтийн үзүүлэлт нь талаар нэг таран салхинд хийсэж буй хамхуулийн адил байгааг илтгэнэм.

Бид яаж “ногоон” болох вэ?

Ногоон эдийн засгийг ойлгож дэмждэг, амьдрал дээр үүнийг цагаан “цаасан” дээр бус бодитоор хэрэгжүүлдэг эдгээр шилдэг орнуудын туршлагыг судалваас тэдэнд нийтлэг нэг л зүйл анзаарагддаг. Бүхэл бүтэн улс орны хөгжлийг дэлхийн тавцанд удирддаг тэрхүү зүйлийг илэрхийлдэг ганцхан шидэт үг байна. Тэр нь ердөө л ухамсар. Дэлгэрүүлж авч үзвээс, ард иргэдийн хүрээлэн байгаа орчиндоо хандах хандлага, тэдний сэтгэлгээний түвшинг харуулсан ухамсар /англи хэлнээ ecological awareness, герман хэл дээр Umweltbewusstsein/ юм.
Энэхүү орчин цагт “ухамсар” хэмээн томъёологдох зүйл монголчуудын хувьд газар доороос гэв гэнэт цойлон гарч ирсэн цоо шинэ зүйл биш ээ. Нүүдэлчин соёл иргэншилтэй монголчууд бидний өвөг дээдэс уул ус, газар нутгаа хайрлан дээдэлж, хамгаалсаар ирсэн бус уу? “Голын усанд бохир зүйл бүү оруул, галд хамаагүй юм хийж түлвэл гал бузартана, боловсроогүй жимс самар битгий түү, ан амьтны аминд хамаагүй бүү хүр” гэж цээрлэдэг байсан. Нүүдэлчин айл нүүсэн ч гэрийн бууцан дээр нь малын гаралтай, газар дэлхийдээ эргээд шингэх зүйл л үлддэг байсан.

Гэтэл өнөө үед Монголын хөдөө хээр газар ямар байдалтай байгааг Та бүхэн бүгд мэднэ. Дэлхийн өнцөг бүрээс цугларсан хог новшийн үлдэгдэл, аялагчдын замбараагүй хаясан хаягдал, тэр дундаа талын Монголын хөрсөнд шингэж чаддаггүй гялгар уут “чимэх” болсон. Иргэд өөрсдөө энэ тал дээр сэтгэл гаргаж анхаараагүй цагт хэчнээн зөв бодлого, шийдвэр гаргасан ч хэрэгжих үндэсгүй. Зөвхөн төр бус, иргэний нийгмийн бүлэг идэвхи чармайлт гаргаж байж байгаль орчны бодлогын хэрэгжилтийн үзүүлэлт сайжирна. Эвдэрсэн крантаа засуулж усаа ариглая, хогоо түүхий эдээр нь ангилан ялгаж дахин боловсруулах нь зөв юм байна шүү, дэлгүүрт даавуун уутаа авч орж байя, нэг удаагийн хэрэглээний эд анги худалдан авахаас татгалзая, хүн бүр машинтай байх шаардлагагүй юм байна гэж бодох таны хувьд тийм хэцүү юу? Энэ бол зөвхөн таны ухамсраас л шалтгаалах зүйл. Та өөрийн хэвшиж ирсэн хувийн хэрэглээгээ илүүчилсэн сэтгэлгээгээ өөрчлөхөд байгаль орчинд хэмжишгүй том хувь нэмэр оруулах боломж таны гарт байна.

Энгийн бүхэн экологид ээлтэй. Германы “Цайт” /Die Zeit/ сонины эрхлэгчээр олон жил ажилласан сэтгүүлч, язгууртан гаралтай хатагтай Марион Дёнхофф /1909-2002/ ингэж хэлсэн байдаг “Хүн бүр нийгмийн төлөө хариуцлага үүрэх учир зөвхөн өөрийн амьдралаа битгий бодооч ээ. Иргэдийн дуу хоолойг нийлүүлж багтаасан нийгмээс илүү сайн нийгэм гэж байхгүй”. Мөн ХБНГУ-ын Байгаль орчны яамнаас 2010 онд гаргасан “Байгаль орчноо ухамсарласан байдал” нэртэй судалгаанд оролцогсдын 85 хувь нь “Сэргээгдэх эрчим хүчинд шилжих явдал зайлшгүй” гэж үзсэн байна. Түүнчлэн 2006 онд судалгаанд хамрагсдын 39 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадна гэсэн байсан бол 2010 онд энэхүү өөдрөг үзэлтнүүдийн тоо 56 хувь болж өсжээ. Германы хүн амын хувьд дотооддоо амрахад байгалийг чухалчилсан байна. Ялангуяа 30-аас дээш насны хүмүүс байгальд амралтаа өнгөрүүлэх нь амьдралын чанарын баталгааны чухал хэсэг гэж тооцдог гэнэ.
Энэ бүхэн юуг илтгэж байна вэ гэвэл ногоон улс орнуудын иргэд хүрээлэн буй орчиндоо анхаарал тавьж, амьдрах орчноо хүн өөрөө л хамгаалж байж ирээдүйгээ хамт бүтээлцэнэ гэдгийг ухамсарласныг харуулж байна. Иргэн Та “ногоон” болоход амархан. Гагцхүү Та нүдээ нээх л үлдлээ.