Энэ оны инфляци “нааштай” байна

Монголбанкны Мөнгөний бодлогын судалгааны газрын мэргэжилтнүүд инфляцийн хүлээлтийн түүвэр судалгааг өнгөрсөн сард хийжээ. Тус судалгаанд нийслэлийн мянга гаруй иргэн, 400 аж ахуй нэгж болон 12 шинжээч оролцсон байна. Судалгаанд оролцсон иргэд инфляцийг энэ оны нэгдүгээр улирлын эцэст 15.8 хувь, дөрөвдүгээр улирлын эцэст дунджаар 14.4 хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Харин аж ахуйн нэгжүүд инфляцийг нэгдүгээр улирлын эцэст 11.5 хувь, дөрөвдүгээр улирлын эцэст 9.3 хувьтай байна гэсэн бол шинжээчид нэгдүгээр улирлын эцэст 14.0 хувь, дөрөвдүгээр улирлын эцэст инфляци 11.8 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа аж.


Ийнхүү судалгааны явцад иргэдийн инфляцийн хүлээлтийн чиглэлийн индекс өсөх хандлагатай гарсан ч аж ахуйн нэгж, шинжээчдийн таамаглалаар энэ онд инфляци өмнөх оноос буурах хүлээлттэй байна. Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар иргэдийн инфляцийн хүлээлт өндөр гарахад энэ оны эхэнд мах, шатахуун болон бусад гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь нөлөөлсөн гэв. Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд инфляцийн хүлээлт өмнөх оны үзүүлэлтээс буурах хандлагатай байна. Энэ нь бодлого баригчдын зүгээс авч хэрэгжүүлж буй өргөн хэрэглээний гол бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай холбоотой хэмээн төвбанкныхан дүгнэв.

Шинжээчдийн үзэж буйгаар энэ онд манай улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн өсч жилийн эцэст 15 хувьд хүрэх аж. Эдийн засгийн өсөлттэй уялдан цалингийн түвшин өсөх хандлагатай байгаа төдийгүй, ААН-үүд нэрлэсэн цалингаа дунджаар 14.2 хувиар нэмэх төлөвтэй байна.

Манай улсын инфляцийн өсөлтөд үйлчилгээ, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарын ААН-үүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт голлон нөлөө үзүүлдэг нь судалгааны дүнгээс харагдаж буй. Мөн манай улсын эдийн засгийн өсөлттэй уялдан энэ онд бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдэх хандлагатай байгааг төвбанкны мэргэжилтнүүд хэлэв.