“Эрдэнэс Монгол” нэгдлийн Баялгийн сан болох төлөвлөгөө

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2019-2023 оны дунд хугацааны стратегийнхээ хүрээнд үнэт металл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуулын ажил хийх, олборлох үйлдвэр байгуулах, кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нэгдлийн бүрэлдэхүүнд байдаг “Эрдэнэс Стийл” ХХК нь “Бэрэн Групп” ХХК-тай хамтран Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийг Говьсүмбэр аймгийн Баянталд хэрэгжүүлэхээр эхлүүлжээ. Мөн “Жейд Метан” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар “Эрдэнэс Метан” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэцийд нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлж байна.


“Эрдэнэс Монгол” нэгдэл нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит дараах компаниудын 34-100 хувийг эзэшдэг.

  • “Эрдэнэс Оюу толгой” ХХК
  • “Шивээ-Овоо” ХК
  • “Эрдэнэс Метан” ХХК
  • “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК
  • “Эрдэнэс Стийл” ХХК
  • “Эрдэнэс Силвер Ресурс”” ХХК
  • “Багануур” ХК
  • “Мон Атом” ХХК
  • “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК
  • “Эрдэнэс Ашид” ХХК
  • “Эрдэнэс Алт Ресурс” ХХК

Стратегийн зарим ордыг тус нэгдэлд шилжүүлэх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Асгатын мөнгө полиметаллын ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэн, одоогийн байдлаар далд уурхайн чиглэлээр мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн багийг тус ордод ажиллуулж байна. “Эрдэнэс Монгол”нэгдлийг 12 жилийн өмнө байгуулж, томоохон зорилго тавьсан ч одоогийн байдлаар Монгол Улсын стратегийн 16 орд газраас дөрвөн л тус нэгдэлд албан ёсоор бүртгэгдээд буйг Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцолсон. Маргаан дагуулсан Багануурын ордын тал хувь нь “Эрдэнэс Монгол” ХХК дээр орж ирж байгаа бол Салхитын мөнгөний ордын лицензийг шилжүүлэх ажил үргэлжилж байгаа аж.

“Эрдэнэс Монгол” ХХК Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай ажиллагааг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Хамтын ажиллагааны банктай хамтран “Экспортын зээлийн шугам нээх тухай төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн тус нэгдэл нь дээрх 11 компаниас гаднаТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замыг эзэмшдэг бөгөөд тус замын хэвийн ажиллагааг хангах ажлыг хариуцан ажиллаж байгаа юм.

Цаашдаа үйл ажиллагааныхаа гол чиглэл, зорилтыг биелүүлэхээр ЗГХЭГ-ын дарга,Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар Баялгийн сан болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хууль эрх зүйн байдалтай холбоотой харилцааг зохицуулсан хуулиудыг боловсруулжээ. Энэ хүрээнд дунд хугацааны бизнесийн стратегийг батлан хэрэгжүүлж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн “Темасек Холдинг”, “Самрук Казына” зэрэг уул уурхай, ашигт малтмалын салбарт тэргүүлэг компаниудын жишгээр үйл ажиллагаагаа өөрчлөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ийнхүү “Эрдэнэс Монгол” нэгдлийг Баялгийн сан болгосноор уул уурхайгаас орж ирэх хөрөнгийн тодорхой хэсгийг хүлээгдэж буй төслүүдэд зарцуулах бол зарим хэсгийг нь өсөн нэмэгдэх өв хөрөнгө болгон хадгална. Мөн уул уурхайн үр ашгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн иргэн бүрт ногдох нэг ширхэг давуу эрхийн хувьцаагаар дамжуулан олгоно. 2012 онд иргэний шинэчилсэн бүртгэл хийж “Хүний хөгжил” сангаар дамжуулан иргэн бүрт 1.5 сая төгрөг олгож байсан нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн давуу эрхийн хувьцааны хүрээнд хийгдэж байсан ажил байсныг тус компанийн Хууль эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяа сануулсан. Энэ давуу эрхийн хувьцаа нь “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа буюу энгийн хувьцаанаас ялгаатай бөгөөд зарж борлуулдаггүй, тухайн компани ногдол ашиг тараахад хамгийн түрүүнд үр ашгийн хувьцаа эзэмшигч иргэн авах онцлогтой хувьцаа юм.

Тэгвэл эдгээр зорилт, ажлуудын эхлэлийг тавих Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газарт танилцуулаад буй бөгөөд УИХ-ын ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.