“Эрдэнэс Оюутолгой” хувьцаат компани болох уу

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит компаниараа дамжуулан “Оюу Толгой” компанийн 34 хувийг эзэмшдэг бөгөөд үүнээс 10 хувийг нь анхдагч зах зээлд хувьцаа болгон гаргах (IPO) гэж байгаа талаар “Bloomberg” мэдээлжээ.

Энэ талаар Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Ч. Отгочулуу дээрх арга хэмжээг авах болсон нь үнэн болохыг хэлжээ. Мөн тэрбээр улсдаа хамгийн томд тооцогдох зэсийн баяжмалын “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хувьцаа болгохоор хэлэлцэж байгаа талаар ч мэдэгджээ.
“Business Mongolia” судалгааны байгууллага үүнд хоёр таамаг дэвшүүлээд байна. Нэгдүгээрт, төр өөрийн эзэмшлийн 34 хувийн хувьцаа нь ирэх 20-30 жилд өрийн эх үүсвэр болно. Орлоггүй болсон “Эрдэнэс Оюутолгой” мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон ажилчинд цалинг цалин олгодог. Учир нь хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийнхонтой адил түвшинд харилцан ойлголцох шаардлагаатай болдог. Иймд тэдний зүгээс боловсруулан гаргасан төслийг санхүүжүүлэх гол нөхцлүүдийн талаарх тодорхойлолт, эдийн засгийн загварууд зэрэг бичиг баримтын ажлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх нь гарцаагүй. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гаргаж олон нийтэд үнэгүй тараасны адилаар “Эрдэнэс Оюутолгой”-н 10 хувиар хувьцаа гаргаснаар итгэл найдвар илүү олж авах зорилготой байж болох аж.
“Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чалко” компанид 350 сая ам.долларын өртэй байгаа. Ерөнхий сайд Н. Алтанхуяг энэ оны сүүлч гэхэд уг өрийг төлж барагдуулахын зэрэгцээ тус ордын өөр хэсгийг ажилд оруулах талаар хэлэлцэхээ мэдэгджээ. Өмнөх Засгийн газрын үед “Чалко”-гоос зээлсэн 350 сая ам.долларыг ард иргэдэд бэлнээр олгосон нь дээрхийг мөнгийг салхинд хийсгэсэн хэрэг болжээ. Нийт 2.7 сая иргэнд сар бүр 15 ам.доллар буюу 21 мянган төгрөгийг жил хагасын турш олгосон. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” IPO гаргахыг олон нийт тэсэн ядан хүлээж байсан. Учир нь иргэд хувьцаагаа үнэд хүргэх хүлээлттэй байв.
Өнгөрсөн онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар өмнөх эвслийн Засгийн газрын нуун дарагдуулж байсан бүхий л худал, хуурмагийг дэлгэсэн гэдэг. Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан этгээдийг хууль бусаар лиценз олгосон хэргээр ял эдлүүлж байгаа.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ “Зээлийн гэрээ” болж хувирсан байна. “Эрдэнэс Тавантолгой” бүтээгдэхүүнээ экспортлох хөрөнгө мөнгөгүй болсон. “Эрдэнэт” үйлдвэр мөн л 200-300 сая ам.долларын зээл төлөхөөс аргагүй байдалд оржээ. “Оюу Толгой” компанитай хийсэн дахин төлөлт болон бондын гэрээний мөнгийг олон нийтэд үнэгүй тараагаад дууссан. Эдгээр асуудлын болоод Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж зүтгэсэн нь Монгол Улсын нэр хүндийг унагаагаад зогсохгүй эдийн засгийн огцом өсөлтийн хазаарласан хэрэг болов. Зарим эдийн засагчийн хэлж буйгаар өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 17-оос дээш хувьтай байсан ч ард иргэдийн амьдралд тодорхой нөлөө үзүүлээгүй.
“Эрдэнэс Оюутолгой”-той харьцуулахад “Эрдэнэс Тавантолгой” нь өндөр чанар бүхий нүүрсний ордтой бөгөөд орлого бүрдүүлэх төлөвлөгөө нь өнөөгийн менежментийн түвшинд ойлгоход илүү хялбар юм. “Эрдэнэс Оюутолгой”-г авч үзвэл ирэх 20-30 жилд ногдол ашгаа өгөх магадлалтай 34 хувийг эс тооцвол уг компанид орлого оруулах ямар ч үйл ажиллагаа байхгүй аж. Эдгээр хувьцааг хэн худалдаж авах вэ?
Ч.Отгочулуугийн учирлаж буйгаар төрийн өмчит компанийг бодвол хувьцаат компанийн засаглал илүү сайн аж. Энэ нь зарчмын хувьд үнэн байж болох ч практик талаасаа Монголын хувьд үнэнтэй нийцэхэд хэцүү. Засгийн газар татвар, рояалти (ашигт малтмал ашигласны төлбөр)-гаа хураачихна. Харин “Эрдэнэс Оюутолгой”-н хувьд дэндүү хол санагдах ногдол ашгаа хүлээсэн хэвээр байх болно.
Хэрэв Засгийн газар “Рио Тинто”-той тэмцэлдэхээ больж, улиг болсон яриагаа хойш тавьбал хялбар шийдэл бий. Энэ нь “Triple royalty” (Ашигт малтмал ашигласны гурвалсан төлбөр) нөхцлөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн 34 хувийг худалдах. Энэхүү хатуу чанга рояалтиг гаргаснаар Засгийн газар гомдоллох эрхгүй болно. Нөгөө талаас “Рио Тинто”-д Монголын Засгийн газраас авах шаардлагатай зөвшөөрөл, батламжийн үйл явцыг түргэсгэх шаадлага бий. Засгийн газар ч уул уурхай барьж байгуулахтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэх гэж толгой өвдөх шаардлагагүй болохын зэрэгцээ эрсдэлгүй юм.
Эх сурвалж: www.businessmongolia.com