Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлд 628 км төмөр зам тавина

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажилтай танилцлаа. Үүнтэй холбогдуулан суурь бүтэц барих ажлыг “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр концессын зүйлийн жагсаалтад оруулах шийдвэр гаргалаа. Бүтээн байгуулалтын ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэх санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. Шинэ төмөр зам барихад ойролцоогоор 2.2 тэрбум ам.доллар шаардлагатай ажээ. Төмөр зам нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Мөрөн, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Хатгал, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Рашаант, Их-Уул, Тариалан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Бугат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар дайран өнгөрөх аж. Шинэ төмөр замаар жилдээ Овоот-Мөрөнгийн чиглэлд 13.5 сая тонн, Мөрөн-Эрдэнэтийн чиглэлд 22.2 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд хоногт 11-18 хос галт тэрэг нэвтрэх юм байна.