Эрдэс баялаг, эрчим хүчнийхэн хийсэн ажлаа танилцуулав

Эрдэс баялаг эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд ямар ажил хийсэн гэдгээ танилцуулах уг арга хэмжээнд тус салбарын хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Эрчим хүчний газар, Газрын тосны газар болон салбарын томоохон үйлдвэр, компаниуд оролцож байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд өдөрлөгийн үеэр ажилд орох хүсэлтэй иргэдийг бүртгэж, ажилд зуучилж байв. Өдөрлөгийн талаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Өнгөрсөн дөрвөн жилд тус салбарын нэр хүнд үйл ажиллагаа улс орны төдийгүй олон улсын хэмжээнд хүрсэн чамгүй олон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тухайлбал, Эрчим хүчний салбарт Тайшир, Дөргөний усан цахилгаан станц ашиглалтад орлоо. Ньюкомын салхит салхин паркын ажил эхэлсэн. Эрдэс баялгийн салбарт Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй уул уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гээд дурдаад байвал хийсэн ажил их байна. Мөн хууль эрхзүйн орчин ч сайжирсан. Нэг жишээ дурдахад 2005 онд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 44.5 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хамарсан байсан бол 2011 оны байдлаар 14.2 хувь болж буурсан байна” гэлээ.

Түүнчлэн тус салбарынхан иргэдэд чухал шаардлагатай үйлчилгээг үзүүлэх тал дээр нэлээд анхаарсан байна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Т.Цэрэнпүрэв “Эрдэс баялаг эрчим хүчний салбарт өнгөрсөн дөрвөн жилд томоохон өөрчлөлт, ахиц дэвшил гарсан. Тэр утгаараа иргэд тодруулах, асууж лавлах зүйл их байгаа байх. Тиймээс манай салбарын мэргэжилтнүүд иргэдийн хүссэн мэдээлэлд хариулт өгөхөд бэлэн байгаа. Мөн санал гомдлыг ч гэсэн хүлээн авч, дараагийн үйл ажиллагаандаа тусгах болно” гэв. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани иргэдийн санал гомдлыг хүлээн авах тал дээр анхаарал хандуулж байгаа гэдгээ хэлсэн юм. Харин өдөрлөгт оролцож байгаа шатахуун импортлогч компаниуд иргэдийн дунд азтан тодруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хийсэн зарим ажлаас дурдвал,

  • “100 000 мянган нарны гэрэл”хөтөлбөр хэрэгжиж Монгол Улсын 100 мянган малчин өрх гэрэл цахилгаантай болсон.
  • Өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг хангах ТЭЦ-V-ын төсөл тендер зарлагдаж, үнэлгээний шатандаа явж байна. Энэ нь эрчим хүчний салбарт зайлшгүй шаардлагатай эх үүсвэр бөгөөд тус салбарт дэлхийн хэмжээний хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орж ирсэн гэдгээрээ онцлог юм.
  • Төвийн бүсийн нүүрсний уурхай болон дулааны цахилгаан дулааны станц хоорондын өр авлага өнгөрөгч оны байдлаар 57 гаруй хувиар буурсан байна.
  • Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 56 хувь нь хүний хөгжил санд, 24 хувь нь орон нутгийн төсөвт, 20 хувь нь тогтворжуулалтын санд тус тус төвлөрчээ.
  • 2009-2011 оны байдлаар уул уурхайн салбарт 8700 гаруй ажлын байр шинээр бий болсон байна. Өнөөдрийн байдлаар тус салбарт 50 орчим мянган хүн ажиллаж байгаа аж.