Эрс тэрс Монголын эрс тэс ядуурал

Монголчууд олон улсын өмнө 2015 он гэхэд ядуурлын түвшинг нэг оронтой тоонд оруулна гээд амлалт өгчихсөн. Гэтэл Монголын эдийн засгийн өсөлт “гэрлийн хурдаар өслөө” ч хоёр жилийн дараа ядуурлыг 18 хувь хүртэл л бууруулах боломжтой талаар “Монголын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явц” судалгаанд дурджээ.
Монголын ядуурлыг мөнгөн хэлбэрээр тооцоход огцом буурсан үзүүлэлт бий. Тухайлбал, 2011 онд 33.7 хувь байсан ядуурлын түвшин өнгөрөгч онд 27.4 хувьд хүрсэн гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. 2006-2009 оны үед жилд дунджаар 5.6 хувиар өсч байсан ядуурлын түвшин гэнэт 2010-2012 онд хооронд дунджаар 15.9 хувиар буурсан нь сонирхолтой. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийгмийн хамгааллын олон арга хэмжээг Засгийн газраас авсан, мөн эдийн засгийн өсөлттэй холбоотой хөдөлмөрийн зах зээл тэлж, уул уурхайд ажлын байр олноор бий болсонтой холбон тайлбарлаж байна. Гэхдээ монголчууд ядуурлыг мөнгөн хэлбэрээр тооцох аргачлалтай тул ядуурлын түвшинг нарийн зөв тооцсон эсэх нь эргэлзээтэй. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн үндэсний тавдугаар илтгэлийн үеэр талууд “Өрхийн судалгаанд тулгуурлан ядуурлыг тооцох аргачлал сүүлийн жилүүдэд нилээд сайжирч байгаа. Тиймээс ядуурлын зорилтуудыг эргэн харах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлт эрчимжиж байгаа ч ядуурал буурах хурд эдийн засгийн өсөлтөөс удаан байгаа нь юутай холбоотой болохыг илрүүлэх хэрэгтэй” гэдгийг анхааруулсан юм.
Эрс тэрс уур амьсгалтай Монголын хувьд эдийн засгийн өсөлт тэрбүү хэл ядуурал нь ч гэсэн эрс тэс байдаг аж. Тухайлбал, Монголын ядуурлын түвшин улирлаас хамаарч өөрчлөгддөг гэнэ. Жилийн эхний улиралд ядуурлын түвшин өндөр байдаг бол гуравдугаар улиралд хамгийн бага байдаг талаар сонирхолтой судалгааг Мянганы хөгжлийн зорилтын дотоодын зөвлөх Ш.Мөнхцэрэн дурдсан юм. Мөн өрх, хувь хүн, нийгэм эдийн засгийн байдлаас хамаарч ядуурлын түвшин өөр өөр байдаг аж. Тэрбээр “Ажлын байр бий болголоо гэхэд ядуу иргэдийн ихэнх нь тухайн ажлын байранд тэнцдэггүй. Ямар ч албан байгууллага ашгийн төлөө учраас хөдөлмөрийн бүтээмж өндөртэй ажилтан авах болно. Харин ядуу иргэд тэр шалгуурыг хангахгүй бол яах вэ. Ажлын байр байсан ч ажил хийж чадахгүй гэсэн үг. Дээрээс нь эдийн засаг өсөлттэй байх үед ажлын байранд ажилчин бэлдээд байж байтал эдийн засаг нь уналтын байдалтай болчихоор ажилгүйдэл эргээд л ихэсдэг. Тиймээс ядуурал нь маш эмзэг мэдрэмтгий зүйл юм” гэв. Ийм учраас ядуурлыг бууруулах бодлого хэргжүүлэх болон хэмжиж үзэхдээ болгоомжтой байхыг судлаачид анхааруулж байна.
Юутай ч монголчууд ядуурлыг бууруулах гэдэг эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд түүний түвшинг тооцохдоо мөнгөн хэлбэрээр бус хэрэглээнд тулгуурлаж, бүс нутаг, аймаг тус бүрээр нь ядуурлын шугамыг тогтоох шаардлагатай аж. Түүнчлэн ядуурал үнэхээр буураад байгаа бол нийт ядуу хүн ам дотроос ядуурлаас гарсан хүн амын эзлэх хувийг нарийн тооцож гаргаж ирэх хэрэгтэй. Мөн Засгийн газраас зохист ажлын байрыг тогтмол байлгах. Улмаар тухайн ажлын байранд тэнцэх боловсон хүчнийг бэлдэх замаар жил бүр ядуурлын “ангал” руу гулсаж байгаа иргэдийг ажилтай болгох хэрэгтэй гэдгийг сануулж байна. Хэрвээ тэгэхгүй бол уул уурхайн мөчлөг дагасан бодлоготой Монголын эдийн засаг савлах бүрт ядуурал дагаж савлаад байвал ядуурлын гүнзгийрэл улам ихэсч ядуу иргэд улам туйлдаа хүрч магадгүй ажээ.