Эрх чөлөөт салбарын энэ өдрийн байдал

Бүгдээрээ төсөөлөх үү. Ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй амьдрах талаар. Үзэх зурагт, гарчиглах сонин, сонсох радио, зугаацах цахим ертөнцийн аль аль нь байхгүй өдөр хоногийг өнгөрөөнө гэвэл ямар байх бол. Магадгүй зарим талаар зарим нэг хүмүүст таалагдаж магадгүй. Гэхдээ хамгийн наад зах нь бид хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй болчихвол цаг агаарын мэдээгүй өдөр хоногийг таамгаар өнгөрөөх хэрэг гарна. Гэхдээ үзэл сурталын болоод, Ардчилсан нийгмийн хамгийн том зэмсэг болсон чөлөөт хэвлэл мэдээллийн салбар алга болно гэдэг худлаа зүйл. Зүгээр л төсөөлж үзэх гэсэн юм.

Манай хэвлэл мэдээллийн салбарын хөгжил ямар яваа юм бол. Энэ талаар 13 жил дарааллан мониторингийн судалгаа хийж байгаа “Хэвлэлийн хүрээлэн” хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулж энэ удаад ч судалгааны тайлангаа гаргасан байна. Тайланд дурдсанаар 2012 оны эхний байдлаар манай улсад 469 хэвлэл мэдээллийн байгууллага /126 сонин, 92 сэтгүүл, 72 радио, 149 телевиз, 30 веб сайт/ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Сонины тухайд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад борлуулалтын тоо эрс өсч 2,9 саяд хүрчээ. Энэ нь өдөр тутмын болон долоо хоног тутмын сонины тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Өдөр тутмын сонины борлуулалт өмнөх оноос 26 хувиар өсөж, сонины борлуулалтын зах зээлийн 73 хувийг эзэлж байгаа юм байна.

2000 оноос сэтгүүлийн зах зээл өргөжиж, нэр төрөл, борлуулалтын тоо нь өссөөр байгаа гэдгийг энэ судалгаанд мөн дурьджээ. Тухайлбал сэтгүүлийн борлуулалтын тоо өмнөх жилээс 30 хувиар нэмэгдэж 46.7 саяд хүрсэн байна. Сэтгүүлийн борлуулалтын өсөлтөд долоо хоног тутмын өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөртэй, цаг үеийн мэдээ, мэдээлэл бүхий долоо хоног тутмын сэтгүүл шууд нөлөөлж байна.

Телевизийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байна. Үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг телевизийн тоо 16 болсон. Телевизүүдийн долоо хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг 123 байгаа бол хөдөө орон нутгийн хувьд 77 цаг байна. Мөн хүүхдийн, залуучуудын, хөгжмийн, спортын, уран сайхны киноны, экологийн, гэр ахуйн гэх зэргээр төрөлжих байдал ажиглагджээ. Улаанбаатар хотод нэвтрүүлгээ цацаж буй радиогийн нэвтрүүлгийн дундаж цаг 155, орон нутгийн радиогийнх 106 цаг байна. Орон нутгийн 10 радио аймгийн төвөөс гадна бусад 6-15 сум болон зэргэлдээх аймгийн зарим сумдад хүрч байгаа нь цацалтын хүрээ тэлж байгаа гэсэн дүн гарчээ. Хэвлэл мэдээллийн салбарт байнга ажиллаж буй боловсон хүчний тоо өмнөх оныхоос найман хувиар өсөж 4415-д хүрсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа болсвсон хүчний 47 хувийг 30 хүртэлх насныхан дангаараа эзэлж байгаа гэдэг дүн тус тус гарчээ. Үүнээс харахад Монголд хэвлэл мэдээллийн салбар тооны хувьд өсөж, хөгжиж байгаа мэт боловч чанарын тал дээр маруухан давхиж явааг судлаачид дүгнэсэн байдаг.