Эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт өрнөнө

Хавар бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөдөг. Тиймээс зарим төсөл хөтөлбөрт Засгийн газраас санхүүжилт олгохыг дэмжсэн байна. Тухайлбал, “Сонгино” болон МВА дэд станц, “Их тойрог” болон Баянгол амны “Баянгол” хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугам төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийг барилга угсралтын ажлын гүйцэтгэл, ирүүлсэн дарааллаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр болжээ. Уг ажлыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна.
Эдгээр төслийн барилга угсралтын явц 60-70 хувьтай байгаа аж. Төслүүд ашиглалтад орсноор нийслэлийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа хангагдаж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм байна. Түүнчлэн гэр хорооллын 50 орчим мянган айл өрхийн халаалтыг цахилгааны эх үүсвэрээр шийдвэрлэх боломж бүрдэх аж.