Эрчим хүчний салбарт эрх чөлөө өгөөч

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрчим хүчний яамны үйл ажиллагаатай өчигдөр танилцсан юм. “Өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангахын төлөө ажиллаж байна” хэмээн Эрчим хүчний яамны сайд М.Сономпил онцлоод уулзалт ерөнхийдөө хурлын хэлбэрт шилжлээ. “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ” гэсэн сэдвээр тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж илтгэл тавьсан юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрчим хүчний дөрвөн систем ажиллаж байгаа аж. Үүнээс Алтай-Улиастай эрчим хүчний системийн үйл ажиллагаа жигдэрсэн бол Төвийн бүсийн систем 10 аймгийг цахилгаан дулаанаар хангах үүргээ тун амжилттай биелүүлж буйг П.Товуудорж илтгэлдээ тэмдэглэсэн. Тэгвэл Увс, Өмнөговь аймгийн дулааны асуудал нэлээн ээдрээтэй аж.

Манайх оргил ачааллын үед хойд хөршөөсөө эрчим хүч зээлсээр байгаа бөгөөд жилд багагүй төсөв тушаадаг болохыг Ерөнхий сайд хэлж байлаа. Тиймээс эдгээр мөнгөний асуудлыг шийдэх гарц, шийдвэрлэх арга замыг олох, асуудлыг хурдан шийдэхэд анхаарах учиртай гэсэн юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн өмчит 19 компани эрчим хүчний системийн “эрүүл энх”, иргэдийн тохь тухтай ажил амьдралын төлөө ажиллаж байгааг цохон тэмдэглэе. Тус салбарт 10 орчим мянган хүн хүчин зүтгэж буйг салбарын сайд нь хэлж байсан.

Улсын хэмжээд 329 сум цахилгаан хэрэглэж байгаа бөгөөд энэ онд зургаан сум сэргээгдэх эрчим хүчний үр шимийг хүртэх юм байна. Манайд одоогоор 19 сум сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэртэй аж. Харин урд болон хойд хөршөөс манай 13 сум цахилгаан авдаг юм байна. Малчдын хувьд аймаг, сумынхнаас дутахгүй эрчим хүч ашигладаг болсныг 90 хувь гэсэн тоон үзүүлэлт баталсан юм. Өөрөөр хэлбэл, нийт малчдын 10 хувь нь нарны эх үүсвэргүй үлджээ. Статистик тоон мэдээлэл үзэхэд эрчим хүчний нийт эх үүсвэрийн 93 хувь нүүрсээр тэжээгддэг бол нэг хувь нь сэргээгдэх эрчим хүчнээс тамир тэнхээгээ сэлбэх аж. Тэгвэл дизель түлш 0.4 хувийг эзэлж байна. Манай улсын эрчим хүчний хэрэглээний өсөлт жилд дунджаар 8-10 хувийн өсөлттэй байгаа нь эрчим хүчний дутагдалд орох шалтгаан болж буйг П.Товуудорж тайлбарласан юм. Түүнчлэн салбарын толгойны өвчин болж буй дараагийн асуудал нь өндөр насжилттай эрчим хүчний тоноглолоо шинэчлэх гэв. Мөн шинэ эрчим хүчний эх үүсвэрээ зөв бүтэц байрлалтай байгуулахад ихээхэн анхаарах шаардлагатайг байгааг Ерөнхий сайдад дуулгав.

Эрчим хүчний салбар нь эдийн засгийн үр ашгаас илүүтэй найдвартай үйл ажиллагааг чухалчилдаг. Гэхдээ үйлдвэрлэл явуулж буй учраас алдагдалаа нөхөх зүй ёсны шаардлага нэхэх нь зах зээлийн хууль. Тиймээс эрчим хүчний салбарын үнийг чөлөөлж, зах зээлийн зөв хэмнэлд оруулахгүй л бол хөрөнгө оруулалт буурч байгааг салбарынхан Ерөнхий сайдад хэлж байв. Мөн системийн горимыг тохируулахад том чадлын усан цахилгаан станц шаардлагатай байгаа аж. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн компаниудад эрчим хүчний эх үүсвэр барих хэд хэдэн зөвшөөрөл яамнаас олгосон бөгөөд нийтдээ 4000 орчим мвт-ын хүчин чадал бүрдэх аж. Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар “2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангагдаж байгаа боловч зарим аймагт хүндрэл гарч магадгүй нь. Мөн зарим эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөр цаг хугацаа алдах, хариуцлагагүй байдал нь салбарын ажилд нөлөөлж байна” гэж хэллээ.

Эцэст нь тэмдэглэхэд тус салбарынхны ярьж байгаагаар манай улс эрчим хүчний хомсдолд ороод байгаа аж. Энэхүү хомсдлыг шийдэх нь гарц нь Улаанбаатар хотын V цахилгаан станцыг барих боловч төслийн явц удаашралтай байна. Гэхдээ V цахилгаан станцыг хэдий шуурхайлсан ч 2016 оны үед ашиглалтад орох тул IV цахилгаан станцынхаа хүчин чадлыг өргөтгөх нь богино хугацаанд, харьцангуй бага зардлаар цахилгаан дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хаах оновчтой хувилбар болоод байгаа аж. Тус төсөлд 100 гаруй тэрбум төгрөгийн өртөг шаардах бөгөөд 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэх бололцоотой юм байна. Үүнийг Засгийн газрын зүгээс дэмжих бололцоотой хэмээн Ерөнхий сайд хэллээ.