Эрчим хүчний салбарынхан шинэ эх үүсвэр хайж байна

Монголын сэргээгдэх эрчим хүчний холбооны тэргүүн, доктор Б.Бат “Сүүлийн 50 жил дэлхийн хүн ам 2.5 дахин өөрөөр хэлбэл 2.5-аас долоон тэрбум хүртэл нэмэгдсэн. Энэ хугацаанд нэг хүн оногдох эрчим хүчний хэрэглээ тав дахин өссөн байна. Үүний үр дүнд эрчим хүчний хэрэглээ 12 дахин нэмэгджээ. Тиймээс уламжлалт бус сэргээгдэх эрчих хүчний эх сурвалжийг ашиглах шаардлагатай болж байна” хэмээн “Сэргээгдэх эрчим хүч-2012” форумын үеэр тэмдэглэсэн юм.

Энэ удаагийн форумд ус, нар, салхины цахилгаан станц, газрын гүний дулааныг ашиглах техник технологи, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хэтийн хөгжлөө тодорхойлж байгаа нь энэ. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулахад сэргээгдэх эрчим хүч, дулааны эрчим хүчийг ашиглах асуудлыг ч хөндөж байлаа. Энэхүү форумд төрийн байгууллага, ТББ, их дээд сургууль, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөл оролцож байв.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Сэргээгдэх эрчим хүчний форум”-ыг ЭБЭХЯ, Эрчим хүчний газар, Дэлхийн банктай хамтран зохион байгуулж байгаа ажээ. Энэ онд эрчим хүчний салбарын 90 жилийн ой тохиож байгаа билээ. “Монгол Улсад ажиллаж байгаа усан цахилгаан станцын үйл ажиллагааны онцлог” илтгэлийг Эрчим хүчний газрын Дөргөний Усан цахилгаан станц “УЦС”-ын зөвлөх инженер П.Баатар тавьсан юм. Тэрбээр Дөргөн Тайширын УЦС-ыг барьж ашиглалтад оруулсан туршлага дээрээ түшиглэн төвийн бүсэд том хүчин чадлын УЦС байгуулах боломж бүрдсэн хэмээн онцлов. УЦС нь 130 жилийн хөгжлийн урт замыг туулсан НҮБ-ийн хүлээн зөвшөөрөгдсөн тогтвортой хөгжлийн тулгуур технологи болохыг тэрбээр нэмж хэллээ.

Манай орны эрчим хүчний салбарт усан цахилгаан станц гурван хувь, нар салхины станц 0.16 хувь эзэлдэг байна. Цаашид газрын гүний дулааны техник технологийг монгол оронд нутагшуулах, дулааны насосны технологийг Монгол оронд нэвтрүүлэхийг тус салбарынхан дэмжиж байлаа. Мөн “Монголын салхин эрчим хүчний ирээдүй, боломж-бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сонирхолтой илтгэлийг “Ньюком” компанийн Салхит салхин цахилгаан станцын төслийн менежер Н.Баярмөнх хэлэлцүүллээ. Салхит цахилгаан станцын дараагийн төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций салхин цахилгаан станц байхаар төлөвлөж байгаагаа тэрбээр дуулгасан юм.

Б.Алтай